ЖДҮ-г уучилж болохгүй

Өнгөрсөн баасан гарагт парламент ЖДҮ-чин гишүүдээ аваад үлдчихлээ. Хэрэг хийсэн хэд ч улайхгүй, ичихгүй тайлбар өгчихөөд буруугүй маягийн юм яриад сууж байгаагаас үзвэл ЖДҮ-чид том байна. АТГ-т байцаалт өгсөн нэрээр баахан "томорч, тодорч" байгаад гарч ирсэн ЖДҮ-чид би буруугүй гээд мэлзээд суухчихаар хууль хяналтынхан үнэндээ яаж ч болдоггүй зүйл бололтой. Энэ талаар улсын Ерөнхий прокурор “УИХ-ын гишүүний бүрэн эрхээр дархлагдсан хүнийг бүрэн дүүрэн шалгах боломжгүй. Энэ хүмүүс хуулиар "ингэж болохгүй, тэгж халдаж болохгүй" гээд олон бүрэн эрх байдаг” гэлээ. 

Харин Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "ЖДҮХС-ийн зээлд нэр холбогдсон сайд, гишүүдийн асуудлыг хуулийн байгууллага багцлаад оруулаад ирэх биз. Сайд, гишүүд ЖДҮ-ийн асуудалд холбогдсон нь ёс зүйн хувьд хэзээ ч байж болохгүй асуудал. Ёс зүйн хувьд уучлахгүй. Хуулийн байгууллага оруулаад ирвэл бүрэн эрхийнх нь тухай асуудал яригдана. Би энэ асуудал дээр яс үзнэ шүү" гэж хэвлэлд байр сууриа илэрхийлсэн. Хууль зүй дотоод хэргийн сайд нь ингэж мэдэгдэж байгаа болохоор хуулийн хариуцлага тэднийг тойрохгүй  нь тодорхой болж байна. Гэхдээ танхмын буруутай сайд нарт хуулийн хариуцлага хүлээлгэх эсэх нь Засгийн газрын хийх ажил биш. Тэр бол хуулийн байгууллагын хийх ажил хэмээн хууль зөрчөөгүй гэж кноп дараад УИХ-ын дарга нь алх цохчихлоо.

Хууль хяналтын байгууллага хууль журмынхаа хүрээнд асуудлаа шийднэ.  Харин Ерөнхий сайдын хувьд үүнийг хүлээлгүйгээр улс төрийн хариуцлага  тооцох  бүрэн эрхтэй.  Ингэж ёс зүйн хариуцлага хүлээлгэх нь түүний бүрэн эрхийн хүрээний асуудал төдийгүй дахин дахин яриад байгаа шударга ёсны  тэмцлийнх нь нэг хэсэг баймаар. Гэвч өнөөдрийг хүртэл тэрбээр ярьсаар л байна.

Хэрэв Ерөнхий сайд яриад буй шударга ёс шал худлаа яриагаар үргэлжилээд байх юм бол ЖДҮ-чдэд хариуцлага тооцох өөр нэг арга бий. Тодруулбал, Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт хориг тавьдаг. Энэ эрхийнхээ хүрээнд ичих булчирхайгүйгээр мэлзээд сууж байгаа гишүүдийн бүрэн эрхэд хориг тавьж ЖДҮ-чдэд хариуцлага тооцох асуудлыг эргэн сөхөж болох юм. Нэгэнт үхэн хатах зууралдсан ширээнээсээ гишүүд өөрийн дураар суудлаасаа буухгүй. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга ЖДҮ-чдэд хууль зөрчсөн гэдгийг дахин сануулж, тэдний бүрэн эрхийг хэвээр нь үлдээсэн парламентад асуудлыг эргэн харахад боломж олгох хэрэгтэй. Олон түмэн идэх хоол, өмсөх хувцаснаасаа илүүтэй шударга ёсоор өлсөж цангаж байгаа. Энэ нь ч үнэн. Тийм учраас  ЖДҮХС-аас их хэмжээний зээл авсан танхимынхаа гишүүдэд тооцох таны ёс зүйн хариуцлага улс төрд үлгэр жишээ жишиг болон үлдэх билээ. 

Б. Учрал

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen