Дөрвөн сая ам.долларын холбогдогчид юу хэлэв

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин  2014 оны 12 дугаар сарын 3-нд твиттер хуудсаараа дамжуулан “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авлигын хэмжээ” хэмээн дөрвөн сая ам.доллартай холбоотой төлбөрийн баримтыг дэлгэсэн. Энэ баримтын учиг өдгөө ч тайлагдаагүй, талууд өөр өөрийн байр суурийг илэрхийлсээр байна. Авлига, дээрэм, төлбөр тооцоо, андуурал хэмээн янз бүрээр нэрлэгдсэн дөрвөн сая ам.долларын талаар холбогдогч талууд юу хэлснийг багцлан хүргэе.

“Алтан дорнод Монгол” компанийн тэргүүн дэд захирал асан Ч.Бямбаа:

Тухайн үед одоогийн захирал Т.Ганболд “Голомт” банктай гэрээ байгуулан С.Паушокоос “Алтан Дорнод Монгол”-ыг худалдан авсан. Энэ хуулган дээр байгаа хоёр сая ам.доллар бол миний С.В.Паушокт төлсөн мөнгийг одоогийн “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболдын компани буцаагаад "Голомт" банкинд төлсөн баримт юм. Мөн компанийн ажилчдын цалин болон татварыг яаралтай төлөх ёстой байсан учир би хувиасаа мөнгө гаргасан. Үүнийг Т.Ганболд нэгтгэн дөрвөн сая ам.доллар болгож төлсөн. Энд ямар нэгэн мөнгө угаасан, хээл хахуулийнн хэрэг болоогүй. Бизнесийн байгууллагуудын хоорон дахь арилжаа явагдсан...

“Голомт” банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгалан:

Би энд Бямбаа захирлын хүсэлтээр ирсэн. Энд ямар нэгэн компанийн нэр, утас, бизнесийн нууцын талаар ярихыг хүсэхгүй байна. Тухайн үед бидний зүгээс “Алтан Дорнод Монгол”-ыг шинээр худалдан авч байгаа эзэн “Голомт” банкны зээлийг заавал төлөх ёстой гэсэн шаардлага тавьсан. Эхний үед Ч.Бямбаа захирлын компани  худалдан авах гэрээ байгуулсан ч сүүлд нь өөр хүн авсан. Өнөөдөр ийм асуудал яригдаж байгааг гайхаж байна. 

Энд яригдаад байгаа гүйлгээний баримтууд ямар замаар гарсныг мэдэхгүй. Энэ зөвхөн арилжаа, наймаатай холбоотой гүйлгээ байсан болохоос бус ямар нэгэн албан тушаалтан,  улстөрчтэй холбоотой гүйлгээ байгаагүй гэдгийг зохих газар нь хэлэхэд бэлэн байгаа.

Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав:

2011 оны 9 дүгээр сарын 27-нд Т.Ганболдын компаниас манай дүүгийн компанийн данс руу хоёр сая ам.доллар хоорондын тооцоо гэж орж ирээд, тэр өдрөө эргээд Голомт банкны зээлийн төлбөр гээд гарсан. Ингээд манай дүү Голомт банкнаас авсан зээлээ хааж, төлбөр тооцоогоо дуусгасан.

Үүнээс сарын дараа манай дүү компанийхаа дансыг шалгатал дахиад хоёр сая ам.доллар өөрт нь мэдэгдэхгүй ороод, гарсан. Тэгээд Голомт банкны захирал руу 2011 оны 11 дүгээр сарын 14-нд албан тоот явуулж, данс руу төлбөр тооцоо ороод гарсныг тодруулсан. Голомт банкнаас манай дүүд тайлбар өгсөн. Т.Ганболдын “Pioneering компаниас танай данс руу хоёр сая ам.доллар андуурч шилжүүлсэн тул мөнгийг буцааж шилжүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийн дагуу мөнгийг буцаасан гэсэн тайлбарыг Голомт банкнаас манай дүүд өгсөн.

Тэгэхээр Т.Ганболдын ярьж байгаа 4 сая ам.долларын эхний хоёр сая доллар нь хоорондын тооцоогоо дуусгасан баримт. Нөгөөх нь андуурч хийсэн гүйлгээнийхээ баримтыг барьж яваад байгаа хүн.

"Алтандорнод Монгол" компанийн захирал Т.Ганболд:

Энэ дөрвөн сая ам.доллар бол энэ хүний авсан нийт мөнгөн дүнгийн тодорхой, олон нийтэд ил гарсан хэсэг нь. Бүтэн хэмжээгээрээ хуулийн байгууллагад шалгагдаж байгаа.

Би компанийн хувьцааг ОХУ-ын иргэн В.С.Паушокаас худалдаж авсан. Хувьцаа худалдаж авсан гэрээний дүн нь 18 сая ам.доллар. Яг энэ гэрээний дүнгээр би төлбөрөө хийсэн. Гэрээний төлбөрөө 100 хувь төлж, гэрээ хэрэгжээд дууссан. Энэ гэрээнд “Ерөнхий прокурор Д.Дорлигжавын дүүгийн тийм компанид 2 саяыг, 4 саяыг, тэдэн саяыг нэмж төлнө” гэсэн ямар ч нөхцөл, болзол байхгүй. Энэ компанийн тайлан балансад, бүгдэд нээлттэй байдаг.

...Түүний дүү хаана ямар өртэйг би мэдэхгүй. Бас данс андуурсан гэсэн. Яг та бид хоёрыг ярьж байх хооронд данс руу орчихоогүй бол энэ мөнгө өнөөдрийг хүртэл данс руу буцаж ороогүй. Хоёр сая ч байтугай мөнгө байгаа. Нэг ч цент буцаж ороогүй шүү...

...10 дугаар сарын 18-нд шилжсэн мөнгөний залруулгыг 11 дүгээр сарын 20-ны  үед хийж өгсөн байна. Тухайн үед Голомт банкны захирал гуйгаад "ерөнхий прокурор чинь алчих гээд байна, Чи худлаа үнэн андуурсан гээд бичиг хийгээд өгөөч"  гэсэн. Би андуурсан гээд бичиг хийгээд өгсний дагуу буцаад данс руу орох ёстой биз дээ. 

Энэ чинь дээрэм. Албан тушаалаараа сүрдүүлж авсан дээрэм байхгүй юу. Би өөрсдийнх нь төсөөлж, бодож, төлөвлөж авах гэж байсан зүйлийг нь авсан болохоор намайг такс төл гэсэн зарчмаар явсан. Ёндоо өг, хаалтаа өг. 

М.Болд

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen