Суурийг нь сэлгэх цаг болжээ

Суурийг нь сэлгэх цаг болжээ

XIX зууны цагаан тахал өнөөгийн нийгмийн мутаци тахал болоод байна. Учир нь сүүлийн жилүүдэд олон эмэнд дасалтай сүрьеэ буюу нян, савханцарын гарал нь тодорхойгүй өвчлөл газар авч байгаа. Ийн олон эмэнд эдгэхээ байсан нянг эмч нар мутацид орсон хэмээн тодотгож буй.

Олон нийтийг хамардаг, амьсгалаар тархах өндөр эрсдэлтэй учраас цагаан тахал болгоомжлохоос аргагүй өвчнүүдийн нэг. Социалист нийгмийн үед эмнэлгийг нь хүртэл хөл хөдөлгөөнтэй газраас зайдуу байлгадаг байлаа. Насанд хүрэгчдийн уушгины сүрьеэгийн эмнэлэг Зайсангийн аманд байрлаж байсан бол хүүхдийнх нь Дарь-Эх рүү гээд зааг ялгаатай орчинд тусгаарлан эмчилж байв.

Харин 2000 оны үед Сүрьеэгийн клиникийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн харьяа болгож, хашаан дотор нь байлгахаар шийдвэрлэсэн. Энэ цагаас хойш сүрьеэгийн эмнэлэг олон хөлийн газартай хаяа нийлэх болов. Олон хөлийн гэж тодотгосны учир нь "Нарантуул” захтай залгаа оршдогоос тэр.

Сүрьеэгийн эмнэлэг "Нарантуул” захтай айлсаж буй нь хэр зөв шийдэл вэ гэдгийг бодох цаг болжээ

Уг нь Халдварт өвчин судлалын төв онцгой бүс гэдэг утгаараа алслагдмал байх ёстой. Гэтэл зай завсаргүй барилга барьж, урд хэсгээр нь баахан орон сууцны барилга, худалдаа үйлчилгээний төв сүндэрлэсэн. Хэтрүүлж хэлбэл, зарим нь халдвартын эмнэлгийн хашаан дотор амьдрах шахам байна. Улаанбаатарын хүн амын нягтаршилтай холбоотойгоор өнгөрсөн жилүүдэд сүрьеэ улам хүрээгээ тэлсээр.

Нүүлгэх асуудал хөндвөл эхлээд ялгаварлан гадуурхлын талаар бодох ёстой байх
Эрдэмтэн суутнууд бүтээж чадаагүй нэг зүйл нь сүрьеэгийн вакцин. Дэлхий дахинд БЦЖ вакцин хийдэг ч ердөө есөн нас хүртэл л дархлаа тогтоодог. Тэгэхээр насан туршийн дархлаа тогтоож чаддаггүй гэсэн үг. Манай улсын эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг нь яалт ч үгүй энэ өвчин.

Цухас дурдвал 2000 гаруй жилийн тэртээ эртний Грекийн эрдэмтэн Гиппократ нийтлэг тохиолддог нэгэн өвчний талаар тодорхойлсон юм. 80 мянган жилийн тэртээд амьтнаас хүнд анх халдварласан гэдэг. Энэ өвчин анх Энэтхэг, Хятад, Грек, Ромын олон хүн амьдардаг нутгуудад илүү тархаж байсныг түүхэн олдворуудаас батлагддаг.

XIX зуунд Европын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон эл өвчнийг "Цагаан тахал” хэмээдэг байжээ. 1882 онд сүрьеэгийн тархалт дийлдэхээ больж, их дэгдэлтийн үе гэж үзэх болсон юм. Тэр үед Германы эрдэмтэн Роберт Кох үүсгэгчийг нь анх нээснээр хүн төрөлхтөн эмчлэх аргатай болсон.

Харин XX зууны эхэнд эмчилгээ, судалгаа эрчимжиж, 1921 онд бага насныхныг хамгаалах БЦЖ вакциныг гаргаж авсан түүхтэй.

Гэвч одоо ч гэсэн тархалт нь ДЭМБ-ын анхаарлаас мултраагүй. ДЭМБ 1991 онд сүрьеэтэй тэмцэх шинэ бодлого дэвшүүлж, шууд хяналттай богино хугацааны эмчилгээ нэвтрүүлсэн нь архагшуулалгүй эдгээхэд ач тусаа өгсөн.

Нийгмийн халдварт өвчин гэж онцолдог сүрьеэг эмчлэхэд бага биш мөнгө шаарддаг. Эмэнд мэдрэг сүрьеэтэй нэг өвчтөний хоёр сарын эмчилгээний зардал 20 ам.доллар. Харин олон эмэнд тэсвэртэй архагшсаныг нь 18-24 сарын турш эмчилж байж нянг дардаг. Нэг курс эмчилгээний зардал гэхэд л 3000 ам.доллар байх жишээтэй.

Манай улс Номхон далайн баруун бүсийн 37 орноос тархалт өндөртэй долоон орны нэгд багтаж байна. Тухайлбал, Камбож, Филиппин, Вьетнам, Хятад, Лаос, Шинэ Гвинейтэй нэг эгнээнд бичигдэж байгаа. Гурван сая хүрэхгүй хүнтэй манай оронд жилд 4200 хүн өвчилдөг бол 20 сая хүнтэй Австралид сүрьеэгийн хүндэрсэн хэлбэр жилдээ ганц илэрдэг аж.

Манай улс тархалт өндөртэй бүсэд хамаарахад хоёр хөршийн нөлөө бас бий. Тухайлбал, БНХАУ архаг сүрьеэтэй 2.5 сая хүнтэй бол ОХУ Европын бүс дэх сүрьеэгийн тархалт өндөртэй орны тоонд ордог.

Мөн эрүүл мэндийн байгууллагынхны хийсэн судалгаагаар манай улсын халдварт өвчний шалтгаант нас баралтын нэгдүгээрт ордог. Өвчлөгсдийн 60 хувь нь уушгины сүрьеэтэй байгаа нь ханиах, найтаахад агаараар дамжиж халдварлах эрсдэл дагуулдагийг анхааруулдаг. Одоогийн байдлаар манай улсад амьсгалын замын халдварт өвчний 40 гаруй хувийг сүрьеэ эзэлж байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр энэ оны эхний 10 сарын байдлаар 3490 тохиолдол бүртгэгджээ. Өвчлөгсдийн 70 хувь нь ид хөдөлмөрлөх 16-44 насныхан гэхээр сэтгэл шимширмээр.

Олон эмэнд дасалтай сүрьеэ ч нэмэгдэх хандлагатай болсныг эмч нар анхааруулж буй. Иймээс энэ эмнэлгийг нүүлгэх яриа салбарынхны дунд сонсогдох болжээ.

Салбарын сайд нь ч манай сонинд ярилцлага өгөхдөө нүүлгэх бодолтой байгаагаа хуваалцаж байсан. Харин өнгөрсөн долоо хоногийн даваа гарагаас эхлэн Халдварт өвчин судлалын төвийн эмч нарын дунд Сүреэгийн эмнэлгийг нүүлгэж магадгүй гэх бор шувуу нисэж байгаа аж.

Тус эмнэлгийн Сүреэгийн тандалт судалгааны албаны сургалт сурталчилгаа хариуцсан их эмч П.Чинбатын хэлснээр бол нүүлгэхээр болбол улсын төсвөөс чамгүй зардал гарах юм байна. Тэрбээр "Олны үг ортой байж магадгүй. Нүүлгэнэ гэх яриа сонсогдох боллоо. Гэвч төр засаг шийдвэр гаргатал удах биз дээ. Бас эмнэлгийн ажилтнууд, олон нийтийн дунд санал асуулга явуулах байлгүй” гэлээ.

Нүүлгэх асуудал хөндвөл эхлээд ялгаварлан гадуурхлын талаар бодох ёстой байх

Мөн Сүреэгийн тандалт судалгааны албаны дарга П.Янжиндулам "Би 2001 онд Анагаах ухааны сургууль төгсөж ирээд энэ эмнэлэгт ажилласан. Тэр үед олон нийтийн дунд сүрьеэтэй өвчтөнийг ялгаварлан гадуурхах үзэгдэл их байсан. Түүнээс хойш 15 жил болоход сүрьеэтэй өвчтөнүүдэд хандах нийгмийн ялгаварлан гадуурхалт бараг арилсан гэж хэлж болно. Төрөлжсөн эмнэлгийг нь тусгаарлачихаар ялгаварлан гадуурхах явдал дахиад сэдрэх вий гэж болгоомжлох юм.

Сүрьеэ өвчин оношлогдохоосоо өмнө тархах эрсдэл өндөртэй. Нэгэнт оношлуулаад эмчилж эхэлсний дараа бусдад халдварлах нь багасдаг. Тэгэхээр манай клиникийг нүүлгэх асуудал хөндвөл эхлээд ялгаварлан гадуурхлын талаар бодох ёстой байх.

Нөгөөтэйгүүр том эмнэлгийг нүүлгэхэд бага биш зардал гарна. Үнэхээр бэл чадал нь байгаад өнөөгийн нөхцөлийг нь дордуулахгүй байр, тоног, төхөөрөмжийн асуудлыг нь бүрэн шийднэ гэвэл болох л асуудал. Монгол Улсад сүрьеэ тархаад байгаадаа гол нь биш. Эмнэлгийн бүтцийн хувьд л оновчгүй байгаа юм. Аймаг, орон нутаг дахь нэгж нь өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулж чадахгүй байна. Сайн тал нь одоогийн эмчилгээний хяналт шаардлага хангаж байгаа” хэмээв.

Энэ клиникийг нүүлгэх асуудал одоогоор яриа төдий байгаа хэдий ч цаашид буурийг нь сэлгэх шийдвэр гаргавал дургүйцэх хүн бараг л гарахгүй биз. Учир нь нийгмийн халдварт өвчний тархалтыг бууруулахад эмнэлэг нь тусгаарлагдсан байх ёстой болов уу. Сүрьеэ бол хоруу чанартай өвчин. Тодруулбал, нян тоосонд 100 хоног, хөрсөнд зургаан сар, усанд 150 хоног амьдрах чадвартай, гадаад орчинд маш өндөр тэсвэртэй. Хүчилтөрөгчтэй орчинд өсч үрждэг учраас л эмнэлгийг нь зайдуу байлгадаг байж. Гэтэл одоо хот дотроо бүр айлуудын дунд төвхнөчихөөд байгаа нь хэр зөв шийдэл юм бол.

Б.Гандолгор ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen