Сайд болохын тулд хувийн эмнэлгээ “худлаа” худалдсан гэгддэг А.Цогцэцэг хатагтай ажлаа тайлагнах гэсэн биш онигоо болов
Өвдөж
зовсон хэн ч байсан зориод хүрээд ирвэл яамныхаа байшинд үзлэг хийж
өгнө гэж өгөөмөр загнасан сайд бол А.Цогцэцэг. Сайдын албан тушаалд
суухын тулд хөшигний ард чамгүй хор найруулсан байж болзошгүй нэгэн
гэгдэж, хэвлэлээр бичигдсэн болоод ч тэрүү, эхнээсээ их л аядуу зөөлөн
намбалаг сайдын хувиар ажиллаж байгаа гэхэд болно
. Гэхдээ сайд маань зүгээр байж байгаад л асуудалд орчих юм. Яасан гэхээр УИХ-ын чуулган дээр 100 хоногийн ажлаа тайлагнахдаа багагүй мөнгө зарцуулж хэвлүүлсэн нь илт харагдах ажлын тайлангаа англи хэл дээр бас орчуулуулж хэвлүүлсэн биш онигоонд ороод авлаа. Учир нь эхний хуудас дээрээ л Personal гэдэг үгийг Perosnal гэж бичээд зогсохгүй ар араасаа баахан алдаа дагуулсан тайлан дээрээ А.Цогцэцэг сайд мутраа хайрласан харагдсан нь, түүнийг онигоо болгоход хүргэлээ.
Ер нь Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн тухайд сайдад нэр нь яригдаж эхлэхдээ л ашиг сонирхлын зөрчилтэй нэгэн гэгдэж байсан билээ. Өөрийн нэр дээр Хэнтий аймгийн Аварга тосонгийн дэргэд сувилалын газартай. Мөн "ALERGI MED” нэртэй Арьсны өвчин, харшил, эмчилгээний гоо заслын оношилгоо эмчилгээний чиглэлээр үйл явуулдаг 10 давхар эмнэлэгтэй. Хувийн эмийн сантай. Арьсны өвчин судлалын төвд аавынхаа төрсөн дүүгийн дэлгүүрийг оруулсан гээд баахан асуудал яригдаж байсан. Өөрөө Арьсны өвчин судлалын үндэсний төвийг тэргүүлдэг ч хэрнээ, ижил үйл ажиллагаа явуулдаг эмнэлгийг байгуулсан нь түүнд бизнесийн өндөр эрх ашиг байгаа гэдгийг илтгэж байна гэгдэж байсан юм. Түүнийг сайдын алба ид горилж байх үед Нямаагийн Энхболдын худ гэдэг нь тодорхой болж байв.
Арьсны өвчин судлалын үндэсний төвийг 10 гаруй жил даргалахдаа хувьдаа "ALERGY MED” нэртэй Арьсны өвчин, харшил, эмчилгээний гоо заслын оношилгоо эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг арван давхар объект бүхий эмнэлгийг улсын эмнэлгийнхээ хажуугаар давхар удирдаж ирсэн түүнийг ашиг сонирхлын зөрчилгүй гэж АТГ үзсэн нь үнэхээр хачин хэрэг.
Яахав тэгээд А.Цогцэцэг хатагтай нэлээд хурдан түргэн хөдөлж, арга хэмжээ авсны үр дүнд ашиг сонирхлын зөрчилгүй болж харагдаж чадсан ч байж болох. Учир нь сайдад томилогдохтой холбоотойгоор АТГ-аас түүний талаар "хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн хяналт шалгалтын хүрээнд бүртгэл, хяналтын байгууллагуудаас мэдээлэл, лавлагаа гаргуулан авдаг юм. Эдгээр лавлагаагаар 2016 оны долоодугаар сарын 29-ний өдрийн байдлаар А.Цогцэцэг болон түүний хамаарал бүхий этгээдийн нэр дээр үүсгэн байгуулсан, хувь эзэмшдэг эрүүл мэндийн салбарт хамаарах хуулийн этгээд тогтоогдоогүй. Компани нь өөрийнх нь гүйцэтгэх чиг үүрэгтэй холбоогүй бол тухайн албанд томилогдогдоход болохгүй зүйлгүй. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн сайд эмнэлгийн компанитай байж байгаад томилогдох юм бол энэ нь ашиг сонирхлын зөрчил мөн” хэмээх тайлбарыг хэвлэлд өгсөн байдаг.
Улсын эмнэлгийг удирдан ажиллаж байхдаа хувьдаа яг ижил төстэй үйлчилгээ бүхий эмнэлгийг ажиллуулж ирсэн А.Цогцэцэгийг яагаад өмнө нь ч, мөн сайд болсныхоо дараа ч ашиг сонирхлын зөрчилтэй биш гэгдэж байгаа нь сонин. Тэгвэл мэдээллээс үзэхэд А.Цогцэцэг нь сайд болохоосоо нэг хоногийн өмнө 10 давхар хувийн эмнэлгээ бусдад худалджээ. Гэхдээ хэрэг дээрээ бол өөр байж болох. Учир нь эмнэлгийнх нь ажилтнууд "Цогоо захирал сайд болсон учраас одоогоор эмнэлгийг Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Мягмаржав түр удирдаж байгаа” гэх мэдээллийг өгсөн байдаг.
Тэгэхээр А.Цогцэцэг хатагтайн тулд сайд болохын тулд хувийн эмнэлгээ худалдсан болж замаа зассан байж болзошгүй юм.
Эх сурвалж: Todaynews.mn
Линк: http://todaynews.mn/ns/4793