Засгийн Газрыг огцруулах бичигт сайд нар хүртэл гарын үсгээ зуржээ
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа 11 сарын 12-нд мэдээлэл хийж, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлж буйгаа зарласан билээ.
Уг бичиг нь ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангийн зээлтэй холбогдсон Засгийн Газрын бүх гишүүд, сайд нарт хариуцлага тооцох, УИХ-ын гишүүдийг ёс зүйн хороогоор хэлэлцүүлэх, уг зээлтэй холбогдсон МАН-ын ЕНБДарга Д.Амарбаясгалан болон бүх УЗ-ийн гишүүдийг огцруулах гэх мэт шаардлагатай байв.
Тэрээр үүнтэйгээ холбоотойгоор У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн Газрыг огцруулах саналыг өөрийнхөө албан бланк дээр цуглуулж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар УИХ-ын 30 орчим гишүүн гарын үсэг зурсан гэх мэдээлэл байна. Нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар тохиролцоонд хүрч, МАН-ын ЕНБДарга Д.Амарбаясгалан, БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбат, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар нарыг огцруулсан тохиолдолд уг бичгийг УИХ-ын даргад албан ёсоор өргөн барихгүй байж мэдэх тухай ч улс төрийн хүрээнд ярьж байна.
Гэхдээ
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ч хувьд 2020 он хүртэл ажиллаж, өдөр ирэх тутам муудаж буй эдийн засгийн уналттай цуг өөрийнхөө нэр хүндийг унагаснаас шударга үнэний төлөө тэмцээд дийлдэж буй мэт байдлаар одоо огцорсон нь өөрийнх нь цаашдын улс төрийн замналд ашигтай гэж үзэж буй байж болзошгүй аж.Иймээс ч ямар нэгэн тохиролцоо хийхийг хүчлэхгүй байгаа тухай эх сурвалж өгүүлж буй юм.
Мөн үүнтэй зэрэгцэн Засгийн Газрыг огцруулах саналын бичигт У.Хүрэлсүхийн удирдсан танхимын гишүүн сайд нар нь хүртэл гарын үсгээ зурж эхэлжээ.
Өнгөрсөн Баасан гарагийн орой буюу 11 сарын 16-нд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны төсөв бүхэлд нь тавьсан хоригийг УИХ-ын Төсвийн байнгын хороо хэлэлцээд 75 хувийн саналаар хүлээн аваагүй билээ. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны төсөв бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн бол танхимынх нь сайд нараас Ц.Нямдорж, Ц.Цогзолмаа, Н.Энхболд, Х.Баделхан нар эсрэг санал өгсөн юм.
Ч.Явуу