ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦААГ ХЭРХЭН ШИНЭЧЛЭХ ВЭ
Хүн бүрийн өдөр тутмын ажил, амьдралтай холбоотой гэдгээр нь Үндсэн хуулийн дараа Хөдөлмөрийн тухай хуулийг эрэмбэлдэг.
Тэгвэл шилжилтийн үеийн хөдөлмөрийн харилцааг зохицуулахад хангалттай үүрэг гүйцэтгэсэн ч зах зээлийн эдийн засгийн өнөө үед шаардлага хангахгүй байгаа уг хуулийг шинэчлэхээрээ энэ удаагийн намрын чуулган онцлогтой. Засгийн газраас Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2017 онд УИХ-д өргөн барьсан бөгөөд өнгөрсөн хаврын чуулганаар УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн юм. Улмаар уг хуулийн төсөл намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтын 18-т эрэмбэлэгдэж буй.
Хөдөлмөрийн тухай хуулийг анх баталснаас хойш 20 орчим жил өнгөрсөн нь нийгэм, эдийн засаг, зах зээлийн одоогийн нөхцөл байдалтай уялдахгүй байгаа учир ийнхүү шинэчлэхээр төсөл боловсруулснаа хууль санаачлагчид онцолсон. Тухайлбал, одоо үйлчилж байгаа хуульд хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойшхи харилцааг зохицуулахаар тусгаж, аж ахуйн нэгж, байгууллага дахь хөдөлмөрийн харилцааг хэт нарийвчлан хуульчилсан, ажил олгогч болон ажилтны эрх, үүргийн тэнцвэрт байдал алдагдсан зэрэг нь уг хуулийн хамрах хүрээг явцуу болгож, жижиг аж ахуйн нэгжид хуулийн хэрэгжилт хангалтгүй байхад нөлөөлж байгааг дурджээ. Тиймээс шинэ хуулийн төсөлд хөдөлмөрийн харилцааны ялгааг арилгах, хугацаагүй ажлын байранд хугацаатай гэрээ байгуулахыг зогсоох, ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй уялдуулан олгох зэрэг зохицуулалт оруулсан байна.
Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх, 15 нас хүрсэн хүүхэд эцэг, эхийн зөвшөөрөлтэй бол хөдөлмөр эрхлэх, жендерийн тэгш байдлыг хадгалж, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлсийг бодитоор тэнцвэржүүлэх талаар тусгажээ. Үүний зэрэгцээ ажлын цагт өөрчлөлт оруулаагүй ч нийтээр амрах өдөр амралтын өдөр таарвал ажлын өдөрт шилжүүлэхээр тусгасан нь хуулийн төслийн нэг онцлох заалт юм.
Түүнчлэн олон улсын хөдөлмөрийн суурь эрх болох эвлэлдэн нэгдэх, ялгаварлан гадуурхахгүй байх, хүүхдийн хөдөлмөрийг хязгаарлах, хөдөлмөрийн харилцаанд дарамтыг хориглох, албадан хөдөлмөрийг хориглохтой холбоотой зохицуулалтууд болоод хөдөлмөрийн зах зээлд шинээр бий болсон хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, бүтэн бус цагаар ажиллах, зайнаас ажиллах, жасаагаар ажиллах зэрэг харилцааны онцлог зохицуулалтыг оруулжээ. Тухайлбал, уул уурхай, ашигт малтмал олборлолтын салбарт гэрээсээ алслагдмал газар тогтмол хугацаанд ажил, үүрэг гүйцэтгэх ажилтны ажил, амралтын цагийг тусгайлан зохицуулах юм байна.
Гэхдээ хөдөлмөрийн харилцааг нийгэм, эдийн засагт тохируулах, шинэ шатанд хүргэх зорилготой уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжсэн ч эсэргүүцэх хүмүүс цөөнгүй байсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Ажилтны эрх ашгийг хэт хамгаалсан байна. Аж ахуйн нэгжүүдэд олон хариуцлага үүрүүлжээ. Энэ хуулийн төслөөр аж ахуйн нэгж байгууллагууд олон хүн ажиллуулахаас зайлсхийх эрсдэл бий болох нь” гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэх нь цаг үеэ олсон ажил. Энэ хууль хамгийн ярвигтай байдаг. Ажил олгогч, ажилтны эрх ашгийг хэрхэн тэнцвэржүүлэх нь анхаарлын төвд байдаг учраас маргаан дагуулдаг юм. Энэ парламент хоёр талын зөв тэнцвэрийг бий болгох шаардлагатай” гэсэн байдаг. Ийнхүү санал шүүмжлэл дагуулсан уг хуулийн төслийг батлах эсэх нь намрын чуулганаар шийдэгдэх билээ.