АЗИЙН НААДАМ: А.БАТЦЭЦЭГ, Э.СУМЬЯА НАР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
“Жакарта-2018” Азийн наадмын чөлөөт бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62 жингийн барилдаанууд өчигдөр/08.20/ болж, медалийн эзэд тодорлоо. Эдгээр жинд манайхаас нийт таван тамирчин зодоглосноос гурав нь медаль хүртэв.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд МУГТ П.Орхон алтан медаль, 53 кг-ын жинд ОУХМ Э.Сумъяа, 57 кг-ын жинд ОУХМ А.Батцэцэг нар тус тус хүрэл медаль хүртжээ.
А.Батцэцэгийн хувьд шөвгийн наймд Вьетнамын Ти Ли Киуг оноогоор цэвэр (13:2) ялсан ч хагас шигшээд энэ жилийн Азийн аварга БНХАУ-ын Пей Шинруд 1:4-өөр ялагдсан. Ингээд хүрэл медалийн төлөө Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, БНСУ-ын Ум Жи Унтай барилдаж 5:2-оор ялсан юм.
Харин ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа тэгшитгэлд Энэтхэгийн Пинкиг, 1/4 шигшээд Вьетнамын Ти Ха Фуонгийг тус бүр оноогоор цэвэр ялсан ч хагас шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Казахстаны хашир туршлагатай бөх Жулдиз Эшимовад 11:12-оор ялагдсан. Ингээд медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын Ли Шин Хиг цэвэр ялснаар хүрэл медаль хүртжээ.
Б.Од