Байтаг Богдын хилийн тулалдаан буюу бидний мартаж болохгүй түүх

Одоогоос 70 жилийн өмнө буюу 1948 оны долдугаар сарын 7-нд Байтаг богдын хязгаарын … дугаар отрядын Байтаг богдын заставын Бүдүүн Харгайтын харуулын постод арван хилчин манаанд гарчээ. Уг тасгийн даргаар тухайн үеийн Увс аймгийн Өлгий сумын уугуул, түрүүч Б.Гиваан томилогдож, бүрэлдэхүүнд нь Ховд аймгийн Чандмань сумын харьяат, хөнгөн пулемётын наводчик Б.Тэгшээ, Хөвсгөл аймгийн Бүрэн сумын харьяат туслах наводчик Л.Даваадорж байлдагч Пэлжээ, Чойжин нар багтжээ.Хилийн тагнуулын албаныхан тэдний байрлах харуулын постын чиглэлээр дайсны үлэмж хэмжээний хүч цөмөрч болзошгүй гэсэн мэдээлэл өгсөн тул заставын удирдлага харуулыг хүч нэмэгдүүлж хөнгөн хоёр пулемёттой манаанд гаргасан байв. Түрүүч Б.Гиваанаар ахлуулсан тасаг цэрэг товлосон хугацаанд хилийн постдоо ирж, Бүдүүн Харгайтын голыг шөнөдөө сэрэмжлэн харж хоножээ. Байтаг богдын хилийн цаад талд хятадын гоминданы морьт хороо, Оспаны толгойлсон Шинжааны хасгийн зэвсэгт дээрэмчид удаа дараа хилд халдаж байгааг манай хилчид сайн мэдэж байсны хувьд тэдний байрлаж байгаа хэсгээр дайснууд зайлшгүй орж ирнэ гэдгийг тооцоолж байв.Долдугаар сарын 8 болж үүр манхайн цайж байжээ. Хилчид сонор сэрэмжээ алдалгүй хоносны дүнд морь, тэмээнд зэр зэвсгээ ачсан олон тооны дээрэмчид хилээр цөмрөн ирж байгааг мэдлээ. Хилчид газрын ашигтай байрлалыг эзлэн дайсныг отсон аж. Манай хилчдийг заставын улс төрийн орлогч ахлах дэслэгч Хаянхярваа ахалж байсан бөгөөд түүний тушаалаар хөнгөн пулемётчин Б.Тэгшээ, түрүүч Б.Гиваан байлдагч Чойжин нар дайсныг ажиглаж хүн, зэвсгийн тоог гаргаж байлаа. Тэдний гаргаснаар 170 гаруй зэвсэгт дээрэмчид хил зөрчиж иржээ.Дайснууд винтов, пулёмотоос гадна их буугаар зэвсэглэсэн байв. Дээрэмчдийг ажиглахуйд манай харуулуудын тогтмол гардаг постыг бүслэхээр хүчээ хуваарилан давшиж байжээ. Хилчид байлдагч Пэлжээг отряд, заставт мэдээ хүргүүлэхээр энэ үеэр яаралтай довтолгосон юм. Манай хилчид Бүдүүн, Нарийн Харгайтын голын хооронд байдаг гурван жижиг хар толгойн ард морьдоо үлдээгээд хүчээ гурван хэсэгт хуваан баруун талаас бүслэхээр явж байгаа дайснуудыг зогсоохын тулд түрүүч Б.Гиваан, пулемётчин Л.Даваадорж, Б.Тэгшээ нарыг гаргажээ.Харуулын дарга, ахлах дэслэгч Хаянхярваагийн дохиогоор хилчид дайсны хүч давамгайлсан давшилтын эсрэг гал нээж, Б.Тэгшээгийн хөнгөн пулемётын галаар дайсныг хиар цохиж байжээ. Б.Гиваан, Л.Даваадорж нар ч винтовоор дайсныг устгаж байлаа. Дайснууд гол хүчээрээ Б.Гивааны удирдсан хэсгийг устгахаар дайрсаар нэлээд ойртон ирсэн байна. Ийнхүү хүч тэнцвэргүй тулаан дөрвөн цаг гаруй үргэлжилж, дайснууд ч тэдний зүг галаа төвлөрүүлэн дайрч байлаа. Дайсныг галлах үед пулемётчин Б.Тэгшээгийн баруун хөл их бууны суманд өртөн өвдгөөрөө тасарч, хэдэн шөрмөсөндөө тогтож байсан аж. Түүний шархыг Л.Даваадорж боож өгөхөөр очсон боловч боох арга байгаагүй гэнэ. Улмаар зүүн мөрөндөө хүнд шархадсан ч дайсны олон хүнийг нөгөө ертөнцөд илгээжээ. Тасгийн дарга Б.Гиваан өгзөг, хонгондоо шархадсан бол, Л.Даваадорж зүүн гар нүүрэндээ хүнд шарх авчээ.Гэвч тасгийн дарга, түрүүч Б.Гиваан "Дайсныг нэг ч алхам урагшлуулж болохгүй, давшиж ирсэн бүхнийг устга” хэмээн хоёр нөхөртөө тушаан галласаар сүүлчийн сумаа дуусгасан аж. Дайсан 25-30 метрт ойртох ирэх үед тасгийн дарга Б.Гиваан хилчин нөхөддөө "Бид энэ толгой дээр эцсийнхээ цусыг эх орныхоо төлөө өргөхөд гомдох юмгүй. Дайсанд юу ч олзлуулж болохгүй. Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн батлах, тэмдэглэлийн дэвтэрээ устга. Хүн бүрт үлдсэн хоёр гар бөмбөгийнхөө нэгийг дайсан руу шиднэ. Сүүлчийнхийг нь дээрэмчдийг өөрсөд дээрээ ирэхээр дэлбэлж дайснаас урьтая” гэжээ. Ингээд батлахаа урж хэдэн хэсэг болгоод чулуун дор нуув.Дайснууд ойртон ирэхэд тэд ээлжлэн гурван гранатаа шидлээ. Улмаар эцсийн удаа бие биеэ харан тэврэлдээд "Энхрий хайрт эх орон мандтугай” хэмээн зэрэг хашгирав. Ийнхүү эх орныхоо төлөө өргөсөн танагарагаа үнэнчээр биелүүлсэн гурван халуун амь Байтаг богдын уулнаа мөнх нойрссон юм.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen