Шуурганаар дөрвөн мянга орчим мал улсын хилд тулжээ
Дорнод аймгийн ихэнх нутгаар энэ сарын 10-12 өдрүүдэд салхины хурд ширүүсч, хүчтэй цасан шуурга шуурсан байна. Шуурганы улмаас дөрвөн мянга орчим мал улсын хилд тулсаныг хилийн 0132 дугаар ангийн захирагч, дэд хурандаа О.Батгэрэлээр ахлуулсан шуурхай бүлэг Цагааннуур, Харнуур, Зоргон, Тарган-Ухаа заставын хилчидтэй хамтран хил давахаас нь өмнө тогтоожээ. Улсын хилээс 50-80 километрт нутагладаг, Чулуунхороот, Чойбалсан сумын 30 гаруй айлын 3800 шахам адуу, нэг тэмээ, 355 тооны үхэр, 200 орчим бог нийт 4316 тооны мал байжээ.
Дашрамд, Чулуун хороот сумын Цагаанчулуут багийн малчин, ахмад хилчин, бэлтгэл дэд хурандаа Д.Батжаргал мөн сумын Дэлгэрэх багийн малчин Б.Наранбаатар нар хилчдэд баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлээд хил хамгаалалтад дэмжлэг болгох үүднээс өөрийн адуун сүргээс тус бүр нэг морийг Тарган-Ухаа заставын хилчдэд бэлэглэжээ. Дээрх 4000 гаруй тооны малыг улсын хил дээр тогтоосноор ард, иргэдэд учирч болзошгүй 3.1 тэрбум төгрөгний хохирлоос урьдчилан сэргийлсэн байна.