Бодит амьдрал дээрхи "Робин гүүд" буюу баригдашгүй Василис Палеокостасын амьдралын 10 мөчлөг

Бодит амьдрал дээрхи "Робин гүүд" буюу баригдашгүй Василис Палеокостасын амьдралын 10 мөчлөгГрекийн төвд орших Аспра Спития хот дахь Үндэсний банкны салбар болох өндөр саарал барилгын гадаах ATM машиныг багтай дээрэмчин сурамгай гэгч нь онгойлгож, 150 мянган евро аваад, үүдний касснаас нь 100 мянган евро нэмж "гаргуулаад” арилж өгчээ. Энэ явдал Грек орныг эдийн засгийн гүн хямралтай байх үед буюу 2010 оны хоёрдугаар сард болсон байна. Аспра Спития дахь Үндэсний банкны салбараас гадна тэр өдөр хоёр ч банк авдраа хоослуулж, 240 мянган еврогоо багтай дээрэмчинд тавиад туучихаж.

Гэхдээ эдгээр дээрмийн үеэр хэн ч бэртсэнгүй, шархадсан юм уу, амиа алдсан хүн байсангүй. Энэ нь Грект гардаг дээрмүүдээс ялгарч байсан тул орон нутгийн цагдаа нар хэргийн эзнийг Василис Палеокостас гэдэгт огт эргэлзсэнгүй. Грекийн дээрмийн ертөнцөд 30 гаруй жил "хаанчилсан” энэ эр төрийн өмчит банкуудыг дээрэмдэж, үйлдвэрийн эздийг барьцаалж, хэдэн зуун сая евротой болжээ. Гэхдээ тэр бүхнээ өөртөө бараг зарцуулсангүй, өвчин зовлонтой юм уу, ядуу тарчиг, эсвэл зүгээр л замд таарсан хүмүүст тараагаад өгчихөж.

Бусад зартай дээрэмчинтэй харьцуулахад хүний аминд хүрсэн удаагүй Василис Палеокостас Европын хамгийн их эрэн сурвалжлагдсан гэмт этгээдийн нэг юм. Харин грекчүүдийн олонх нь түүнийг гэмт хэрэгтэн гэж үздэггүй. "Өчүүхэн зүйл хумсалбал чи хариугүй хулгайч, асар ихийг хулгайлбал жинхэнэ эр хүн” гэсэн грек ардын үгээр Палеокостас (Vassilis Palaiokostas) гэгч энэ дээрэмчин энэ цагийн ардын баатар, ядуусыг тэтгэгч Робин Хүүд болжээ.


10

Уулын хүү

 

1966 онд төрсөн Палеокостас Грекийн төв хэсэгт орших мөнх цаст уулс нуруудын дунд, Мосчофито хэмээх тосгонд өсчээ. Уулын хахир хатуу, эрс тэс уур амьсгал дунд хэдэн малаа бараадан аав, ах хоёртойгоо хүнд хүчир ажил хийж өссөн тэрбээр бага байхдаа өлсөж, даарахын зовлонг олонтаа үзэж, заримдаа ходоодоо борлуулахын тулд айл саахалтаас аль хэрэгтэй гэснээ хумсалж байв. Гэхдээ нутгийнхны ярих нь уулынхны дунд ийм явдал байх л зүйл гэнэ. Амьдрахын эрхээр ойр зуурын зүйлс дэлсчихдэг хүмүүсийг "Хөөрхий муу ядарсан амьтас” гэхээс дээрэмчин, тонуулч гэж үзэхгүй.

Палеокостасынхан 1979 онд ойролцоох Трикала суурин руу нүүлээ. 19 хүрээд байсан Никос ах нь тэнд хөлөг онгоцон дээр ажиллахаар болж, 13-хан настай Василис хүү ар гэрийнхээ ажлыг дааж үлджээ. Хүү бяслагны үйлдвэрт хоёр жил ажиллахдаа үйлдвэрийн цонхоор грекчүүдийн амьдрал ахуй хэрхэн өөрчлөгдөж, баян хоосны ялгаа улам газар авахыг харж байлаа. Василис нэг л өдөр үйлдвэрээс яваад эргэж очсонгүй.


09

Гудамжинд гарав

 

Цалин хөлсөө хугацаанд нь тавьдаггүй үйлдвэрийн эздийн дээрэнгүй зан хүүг гудамжинд гаргажээ. Ах нь ч мөн ижил шалтгаанаар хөлөг онгоцны ажлаа орхиод байж. Ингээд ах дүү хоёр 1979-1986 оны хооронд 27 дээрэм хийв. Тэдгээрийн олонх нь видео хуурцаг тоглуулагч хулгайлсан хэрэг байлаа. Видео кинонд "дурласан” Василис Холливудын адал явдалт кинонуудаас их зүйл сурав. Ийнхүү авьяас чадвар, туршлага, мэдлэг нь тэгширсэн залуу Палеокостас гудамжны "акул”-уудтай нийлж, үнэт эдлэлийн дэлгүүр, барьцаалан зээлдүүлэх газар дээрэмдэх болж, зиндаа ахижээ. Түүний хамтрагч байсан, хожим ял шийтгүүлсэн хэд хэдэн хүний мэдүүлснээр Палеокостас дээрэм хийчихээд зугтаж явахдаа дандаа малчид, тариачдын гэрээр хоноглож, аяга шөл ч авсан тэдэнд мөнгө өгдөг байж. Тэгэхдээ үргэлж илүү төлнө. 10 драхма (Грекийн евро бүсэд нэгдэхээсээ өмнө хэрэглэж байсан мөнгөн тэмдэгт)-гийн үнэтэй хоол идлээ гэхэд 1000-ыг үлдээх жишээтэй.

1985-1992 онд инфляц өссөнөөс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадав. Ганц лааз шар айрагны үнэ гэхэд л дөрөв дахин нэмэгджээ. Грекчүүд төр засагтаа итгэхээ байж, төрийн өмчит банк, санхүүгийн байгууллагынхныг луйварчид гэж үзнэ. Чухам тэр үед амьдрал нь хүнд байсан хүмүүс хожим Василис Палеокостасын шүтэн бишрэгч болсон байна. 1990 оны дөрөвдүгээр сард Палеокостас Лариссагийн шоронгоос ахыгаа суллах гэж байгаад баригдав. Гэхдээ торны цаана удсангүй. 1991 оны нэгдүгээр сард цагаан хэрэглэлээ урж, урт нарийхан болгоод шоронгийн жижиг цонхоор оргож дөнгөсөн байна. Эрх чөлөөтэй болсон ч түүнд эд хөрөнгө гэх юм байсангүй. Хулгайлсан мөнгөөрөө авсан хамгийн үнэтэй зүйл нь хожмоо шоронгоос дахин нэг удаа оргохдоо түлхүүр болгон ашиглах алтан загалмай нь байлаа.


08

Анхны банкаа дээрэмдэв

 

Василис Палеокостас болон түүний нөхөд 1992 оны зургадугаар сард анхны банкаа дээрэмджээ. Каламбака хотын банк цагдаагийн газраас 500-гаадхан метрийн зайд байсан ч энэ нь хялбар ажил байлаа. Эдийн засаг хүнд байсан учир их, бага гэлтгүй Грекийн банкууд бүгд зээлдэж авсан бэлэн мөнгө ихтэй байж. Палеокостас үүнийг мэдэж байсан учир Каламбакагийн банкнаас хэдхэн хормын дотор 125 сая драхма буюу тухайн үеийн ханшаар 400-гаад мянган евро цүнхэлжээ. Цагдаа нар дээрэмчдийг тэр дор нь нэхэж, хэдхэн метрийн зайтай муур, хулгана болж хөөцөлдөж эхлэхэд Палеокостас машины цонхоор уут дүүрэн мөнгө сэгсрэх нь тэр. Гудамжинд хөл, толгойгоо алдсан юм болж, хүмүүс дээр доороо оролцон газраас мөнгө түүн, цагдаа нарын замыг хаах хооронд Палеокостас тоос ч үлдээлгүй арилсан байна. Энэ нь Грекийн түүхэн дэх банкны хамгийн том дээрэм юм. Мөн энгийн хүмүүс ашиг хүртсэн цорын ганц дээрэм ч байж мэднэ. Уг хэргийг шалгасан нэгэн мөрдөн байцаагчийн ярьснаар Палеокостас зугтахдаа унасан "Ниссан” машинаа хэд хоногийн дараа эзэнд нь буцааж өгсөн байна. Тэгэхдээ суудлынх нь дор 150 мянган драхма үлдээгээд зогсохгүй, машиныг цэмцийтэл цэвэрлэсэн байжээ.


07

Эргэн ирсэн нь

 

Энэ явдал банкуудын харуул хамгаалалтыг чангатгахад хүргэв. Бэлэн мөнгөний оронд картаар гүйлгээ хийх хүмүүс ч олширч. Үүнээс болж Палеокостас хэсэгтээ нам гүм болж, банк дээрэмдэхээ азнажээ. Гэхдээ урт гар нь үнэт эдлэлийн дэлгүүрийн эздийг айлгасаар байлаа. "Том ажил” хийлгүй удахад нь Палеокостасыг "Болгарт бяслагны үйлдвэртэй болж гэнэ”, "Нидерландад амьдарч байна” гэсэн цуу үг тарав. Гэтэл 1995 оны арванхоёрдугаар сарын 15-нд тэрбээр дуулиантайхан эргэн иржээ. Тэрбээр хамтрагчдынхаа хамт Грекийн үндэсний амттан халва үйлдвэрлэгч, тэрбумтан Александр Хайтоглуг барьцаалж, ар гэрийнхнээс нь 260 сая драхма буюу одоогийн ханшаар 1.5 сая евро нэхсэн байна. Хайтоглугийн хожим ярьснаар Палеокостас түүнд огт ширүүн хандаагүй гэнэ. Харин ч тоглоом шоглоом хийж, олон сэдвээр ярьж, тав тухтай байлгасан нь тэрбумтанд таалагдсан байна.


06

"Улсын дайсан, увайгүй тонуулч”

 

Дээрэмчид хүссэн мөнгөө авч, Хайтоглу эсэн мэнд эргэж ирсний дараа Грекийн төв хэвлэлийн тэргүүн нүүрэнд "Палеокостас 260 саяын халва идчихлээ!” гэсэн гарчиг дурайж байв. Энэ хэрэг цагдаа нарыг сандаргалгүй яах вэ. Ердөө хэд хоногийн дараа Грекийн төр ардын баатар-дээрэмчний толгойг 250 сая драхмагаар үнэлж, түүнийг "Улсын дайсан, увайгүй тонуулч” хэмээн зарлав. Гэсэн ч Палеокостасыг хамгаалж, хаацайлах хүн хаа сайгүй байлаа. Тэрбумтнаас авсан мөнгөнийхөө бараг талыг тараачихсан болохоор тэр биз. Түүнийг, нөхөрт гарах гэтэл инжгүй болсон охидод 100 мянган драхма, орон гэргүй хүмүүст 150, нутгийнхаа ядуу тариачдад мөн 150 мянган драхма өгсөн гэсэн яриа гарчээ. Харин уул хадаар гурван жил тэнүүчилсэн Робин Хүүд маань оргож босож яваад бус, автомашины осолд орсноос болж 1999 оны арванхоёрдугаар сарын 20-нд баригдав. Түүний хавтаст хэрэгт бичсэнээр тэр өдөр түргэн тусламжийн төвөөс нэг эмч цагдаагийн газар луу утасдаж "Толгойдоо хүнд бэртэл авсан нэг хүн манайд ирлээ. Өөрийгөө Грекийн хамгийн зартай дээрэмчин гээд байна” гэжээ.

Хамгийн зартай дээрэмчнийг угтаж авсан Корфугийн шорон аймшгийн киноноос санаа авсан гэмээр, Ионий тэнгисийн эрэгт орших аварга том чулуун байгууламж билээ. Эндхийн хайруу чулуун шалан дээр анх хөл тавьмагцаа Палеокостас хөл нүцгэн, өлөн зэлмүүн өнгөрөөсөн хүүхэд насаа санажээ. Түүнд эргэж буцсан мэт амьдралын ийм эргүүлэг ичгэвтэр, тэсвэрлэхийн аргагүй байж. Тиймээс хоригдлуудад гутал өмсүүлэхийг хүсэж, хэдэн сарын дараа өөрийгөө ч, бусдыгаа ч гуталтай болгосон гэдэг.


Glamour cashmere


05

Алтан загалмайн ач

 

2003 оны тавдугаар сард оргохыг завдсан гэх шалтгаанаар Палеокостасыг Афины ойролцоох чанга дэглэмтэй "Коридаллос” гяндан руу шилжүүлэв. Европын хамгийн том, хамгийн муу нэртэй энэ шоронд хулгайч, дээрэмчид гэхээсээ алуурчин, дайны гэмт хэрэгтэн, алан хядагчдыг хорьдог. Энд Палеокостас Албанийн нэртэй мэргэн бууч, хөлсний алуурчин Алкет Ризайтай танилцсан байна. Хүн барьцаалсан, зохион байгуулалттай дээрэм хийсэн хэргээр 25 жилийн ял сонсож, түүнийхээ зургаан жилийг эдлээд байсан Палеокостаст оргож босохоос өөр зүйл бодогдсонгүй. Ингээд санаа нийлэх хамтрагчтай болж аваад оргох төлөвлөгөөгөө 20 хоногт боловсруулав. Тэднийг "Коридаллос”-ын үүдээр гаргасан гол түлхүүр нь Палеокостасын алтан загалмай байлаа.

2006 оны зургадугаар сарын 4-нд Грекийн "Airlift” авиа компанийн жуулчдад зориулсан нисдэг тэргэнд хоёр эр суужээ. Онгоц хөөрснөөс таван минутын дараа нэг нь буу гаргаж, нисгэгчийн шилэн хүзүүнд тулгаад "Коридаллос” руу нисэхийг тушаасан байна. Тэр хүн бол Василис Палеокостасын ах Никос байлаа. Түүнийг нисдэг тэрэг хөлөглөн шоронгийн өндөр хэрэмний гадаа ирэхэд дүү нь шинэхэн хамтрагчийнхаа хамт инээмсэглэн зогсож байв. Тэдний нисдэг тэрэг Афины хойд захад, оршуулгын газрын ойролцоо газарджээ.


04

Энэрэнгүй дээрэмчин

 

Ризай, Никос хоёр удалгүй баригдав. Харин Палеокостас урьдын ажлаа үргэлжлүүлэхгүй байж чадсангүй. 2008 оны зургадугаар сарын 9-нд тэрбээр хөнгөн цагааны магнат, тэрбумтан Георг Милонасыг барьцаалж, 12 сая евро нэхжээ. Ажилчдаа "Бүсээ чангал” хэмээж, олны дургүйг хүргэсэн тэрбумтныг ардын баатар шийтгэсэн нь энэ байж. Милонас ч гэсэн Хайтоглугийн адилаар Палеокостасыг сайнаар дурсдаг. "Надад өглөө болгон шинэ сонин авчирч өгдөг байсан. Бас хоолоо яг цагт нь өгнө. Харин мөнгөө авчихаад намайг явах болоход хулгайлсан BMW-гээ унуулсан” хэмээн тэрбээр мэдүүлсэн байна.


03

"Палеокостасыг сулла!”

 

Сайхан сэтгэлт Палеокостасыг Грекийн цагдаа нар Милонасын тусламжтайгаар олжээ. Мөрөөр нь мөшгөж байгааг мэдмэгцээ хурдан зугтаж, буцаад ууландаа очсон ч Палеокостас "Коридаллос”-аас оргосноосоо 791 хоногийн дараа дахин баригдсан байна. Түүнийг 2009 оны нэгдүгээр сард Афины шүүхэд шүүж байхад гадаа нь тариачдаас эхлээд анархист үзэлтнүүд нийлсэн хэдэн мянган хүн цуглаж "Палеокостасыг сулла!” гэж орилж байлаа. Ядуусыг тэтгэгч, өглөгч дээрэмчин буцаад "Коридаллос”-т иржээ. Тэгэх тэгэхдээ өнөөх Ризайгийнхаа хамт. Энэ үед гадаах ертөнцөд өөрийг нь гэсэн олон түмэн юу сэдэж, дэлхий нийтэд өөрийг нь хэрхэн таниулж байгааг тэр мэдсэнгүй. Палеокостасын фэнүүд 50 мянган гишүүнтэй фэйсбүүк хуудас нээж, "Ардын хүүгээ хорьсон энэ төр өөдлөхгүй”, "Василис баригдашгүй, түүнд хэн ч гар хүрч болохгүй” гэсэн үгс энд тэндгүй сонсогдож байлаа.


02

Дахиад оргов

 

Палеокостас, Ризай хоёрыг хамт хорьсон нь анхнаасаа буруу байв. Тэд хамтдаа оргож зугтахаас өөр юу бодох билээ. Никос ах нь торны цаана байсан болохоор энэ удаад Ризайгийн найз бүсгүй Митропия тэдэнд тусалжээ. Нисдэг тэрэг хөлөглөсөн "баатар” эмэгтэй тэднийг 2009 оны хоёрдугаар сарын 22-нд очиж авсан байна. Түгшүүрийн дохио хадаж цагдаа, хуягуудыг үймэлдэж эхлэхэд бүх зүйл хэдийн болоод өнгөрсөн байлаа. Сарын дараа тэд Трикала хотын нэгэн банкийг дээрэмджээ. 250 мянган евро салгаж чадсан тэдний адал явдал грекчүүдийг догдлуулж, өмнө нь мөнгө тарааж байсныг нь санах зарим нь Палеокостастай тааралдахсан гэж хүсэх болов. Харин энэ явдлаас ганц сарын дараа Ризай найз бүсгүйнхээ хамт баригдаж, Палеокостас цааш ганцаараа зугтжээ.


01

Домог

 

2009 оны аравдугаар сарын нэг үдэш Трикалагийн захад байх нэг ядуу айлын хаалганы завсар хэн нэг нь 10 мянган евротой дугтуй үлдээсэн байв. Гэрийн эзэн хүнд өвчтэй, эмчилгээ хийлгэх мөнгөгүй гэдгийг нутгийнхан мэдэж байж. Трикалад өссөний хувьд Палеокостас л ийм зүйл хийсэн нь хэн бүхэнд тодорхой байлаа. Ингээд орчин цагийн Робин Хүүдийн эрэлд хатсан цагдаа нар барих барьц, мөшгөх мөртэй болов. Гэвч найман жил хөөцөлдөөд түүнийг барьж чадаагүй л байна. Палеокостасыг Трикала орчимд харсан гэх хоёр хүн гарч ирж, уулын жижиг сүмд нуугдаж байгаа гэсэн яриа нутгийнхны дунд таржээ. Ард олон түүнийг Уулын савдаг, хэвлэлийнхэн Хий үзэгдэл хэмээдэг. Харин нутгийнхан нь түүнийг гадаад эхнэртэй болж, хүүтэй болсон гэлцэнэ. Бүр сахил санваар хүртэж, ууланд даяанчилдаг ч гэх. Одоо 51 настай Палеокостасын толгой харин улам үнэ хүрч, 1.4 сая еврогоор үнэлэгдээд байна.

Эх сурвалж: arav.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen