Хөрш улсын банкны салбар орж ирэх нь бидэнд халгаатай!
Эдийн засагч Н.Дашзэвэг сошиал хуудаснаа "Хятдын төрийн 3 банк орж ирнэ гэнэ. Тэдэнд хазаар зүүж өгөхгүй бол манай хэдэн хурга-банкуудыг няц гишгэнэ. Хуулийн төслийн ажлын хэсгийг удирдаж буй банкир Жавхлан гишүүн их л гэнэн юм ярьж байна. Б.Мэдрээгийн зарим санаатай санал нэг байна, би. УИХ эрдэмтдийнхээ саналыг сонсох байлгүй дээ. Алдаа гарвал засах боломжгүй Монгол улс базуулна тэдэнд” хэмээн бичжээ. Тэгвэл эдийн засагч Б.Мэдрээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа " Гадны банкны салбар орж ирэх нь бидний Монголчуудын эдийн засаг, санхүү, үндэсний аюулгүй байдалд зайлшгүй ямар нэг нөлөө үзүүлэх болно. Тэр тусмаа хөрш улсын банкны салбар орж ирэх нь бодлогын чанартай, богино хугацаанд биш гэхэд урт хугацаанд бидэнд тийм таатай биш нөхцөл байдлыг бий болгох боломжтой зүйл гэдгийг эхлээд бид санаж явах нь зүйтэй. Таагүй үр дагаврыг дурдаж, байнга санаж явах нь зүйтэй. Энэ нь нэгд,өнөөдөр үндэсний банкууд маань том хэмжээнд өрсөлдөх чадвартай биш байгаа. Хоёрт, хүчтэй, хөрөнгө мөнгө ихтэй гадаадын банкны салбар бодлогын шинж чанартай зээл олгодог болохоор "сорчлох ажиллагаа” шууд явагдана. Энэ нь манай улсын жижиг, дунд бизнесийн үйл ажиллагааг дэмжинэ гэхээс илүүтэй тухайн улсын санхүүжилтээр босч үйл ажиллагаа явуулж байгаа том хэмжээтэй аж ахуйн нэгжүүд дээр төвлөрч дэмжихийг хэлнэ. Гуравт, дотоодод ажилгүйдэл нэмэгдэх шалтгаан шууд нэгээр нэмэгдэнэ. Дөрөвт гэвэл, сая дурдсан бүх зүйлсийг эргэж засах боломжгүй, нэгэнт хожимдсон байх болно. Манай улс гэлтгүй дэлхий даяар л эдийн засгийн хямралтай байна. Яг ийм үед уян хатан, илүү шинэлэг юм хийх гэж байна гээд хэт шийдэмгий, болчимгүй үйлдэл гаргахгүй, харин ч болгоомжтой, сэрэмжтэй байх ёстой шүү дээ.” хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: Шуурхай.мн