Төвдөөс болж Монголын хүчирхэг байдал унтарсан түүх
Нэг талаас шар малгайтан гээчдийн тэргүүлсэн бүлэглэлүүд, нөгөө талаас улаан малгайтан хэмээгдэгсдийн тэргүүлсэн бүлэглэлүүдийн дэгдээсэн иргэний дайнд монголчууд мөн хоёр хуваагдан оролцож Төвдийн нутагруу хоёр замаар давшин хүрч хоорондоо тулалдаж элэг нэгтнүүдээ хэдэн түмээр нь хядсан баримт Буддагийн сургаал, сурталд огтхон ч үл нийцэх үзэгдэл юм. Чухамхүү энэ сөргөлдөөн, мөргөлдөөний хөлд Лигдэн хаан цэрэг зэвсгийнхээ хамт сүйрч, Цогт тайж дөрвөн түмэн цэргийн хээ хамт мөхөж, Ойрд монголчууд ихээхэн хохирол үзэж, өвөрмонголчууд Манжид дагаж орсон билээ. Манж жанжин өөрийгөө Манж ба Монголын хаан хэмээн зарласнаар Хятадуудын "Хулхи нь бууж” манж нарт эзлэгджээ. Энэ бүхэн нь Монголыг хагалан бутаргаж, сульдуулж, доройтуулсан байна.
1632 оны үеэс эхлэн шашин суртлын үндсэн дээр хийгээд төв төрийн засаглалын хомсдолоос болж Цахар барга, Халх, Өвөр Монгол, Ойрдын хооронд хийгээд дотоодод нь үүссэн сөргөлдөөн, самууны хөлд, мөн төвдүүдийн хүсэлт, ятгалгаар хоёр талцан очиж хоорондоо тулалдсан дайн, удаа нь Ойрд Халхын хооронд үүссэн дайн, дайны байдал нь Монголчуудын цэрэг зэвсгийн чадавхийг итгэмээргүй хэмжээнд хүртэл нь доройтуулжээ. Бурханы шашинд сүсэглэгч хоёр лам (Занабазар, Галдан) Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхийг булшилж орхижээ. Чухам тэд л төгсгөлийг нь хийсэн гэж хатуурхан хэлж болох юм...Шашин суртлын үндсэн дээр Монголд иргэний дайн болсон гэж үзэж болно. Бас монголчууд хоёр хуваагдаж Төвдөд хүрэлцэн очиж зөөврийн дайн хийсэн гэж хэлж ч бас болно. Энэ дайнаар дам уршиглагдсан сөргөлдөөн, мөргөлдөөн төдхөн Халх Ойрдын (Занабазар, Галдан) хооронд дахин гарсан нь Монгол улс амиа хорлосонтой адилтгахаар үр дагаврыг үүдсэн байна.
Өвөр Монгол, Халх, Буриад, Барга, Цахар, Урианхай, Ойрд үг хэлээ ололцон үгсэж, нэгдэж чадсансан бол Төвдүүд ч Монголын далбаан дор орохоор байжээ. Энэ хүчний эсрэг тэр цагийн Манж нар ч тэр, бас Хятадууд ч тэр хөдөлж ер зүрхлэхээргүй байсан нь үнэн билээ. Ухаалаг, чадварлаг удирдлагын дор монгол цэрэг эрс хэрхэн тулалддагийг дэлхий мэддэг ч тэр цаг үед тийм нөхцөл бүрдээгүй юм.
Судлаач, профессор Д.Чулуунжавын "Бидний ухааныг юу самууруулж,Чингис хааны асаасан их гал голомтыг бөхөөгөө вэ?" нийтлэлийн хэсгээс.