Хоёр тэмээний бүтэн ачааг хоёрхон хүн

Хоёр тэмээний бүтэн ачааг хоёрхон хүн

 

Нэгэн намар Бээжингээс тэмээн жингээр ирсэн Манж амбаны ачаа барааг Бээжин хэмээх Сономын хашаанд буулгажээ. Тэднийх хоёр метр өндөр шургааган хашаатай, бат бөх цоож цуургатай, дааман хаалгатай, Гэсэр сүмээс зүүн урагш 500 метр орчим газар байжээ. Өглөө болоод ачаа бараагаа бүртгэхэд дөрвөн тэн (боодол) эд юмс алга гэнэ. Шөнө нь цас орсон тул мөрдөж үзвэл хоёр хүн ирж хашаа давуулан аваад Гандангийн зүг явсан байх бөгөөд удалгүй олны мөртэй хутгалдан алга болжэ
э. Хүний санаанд багтамгүй энэ хачин явдлыг Манж амбанд мэдэгдэхэд, тэр үед Хүрээний хэргийг түр эрхэлж байсан Түшээт хан аймгийн жанжин, Чин ван Ханддоржийг дуудан: -Хулгайчийг нэн даруй ол! гэж тушаажээ. Энэ ер нь манайхны хөх эрчүүдээс зайлахгүй гэж Чин ван дотроо бодоод амбан сайдын газраас гарчээ. Гараад дагалдан яваа хиа нараасаа: Нөгөө хулгар нохой хаа яваа бол? гэж асуужээ. -Өчигдөр Хүрээнд ирчихсэн явж байсан гэж нэг нь хэлэхэд: -За тэр. Ерөөсөө түүнээс өөр ийм юм хийчих хүн байх ёсгүй. Даруйхан олоод ир гэжээ. Сандаг-Очир хэмээх шинэ Жамц арслангийнд байсан Нацагийг тэр даруй авчрахад: -За, Нацаг чи Манж амбаны дөрвөн тэн барааг яасан бэ? гэж Дайчин ван тулган асуужээ.
-Жа ноёнтон минь. Тэнд л бий! гэж Дуйнхорын аймгийн хашаа руу заажээ.
-Чи яаж аваа вэ? гэвэл
-Жа Жамцтай хамт ирээд л аваад явчихсан даа гээд хэнэг ч үгүй сууж байв. Ханд Чин ван толгой сэгсрэн түүн рүү бахдангуй хараад: -За Нацаг минь хоёулаа Манж амбаныг яаж аргална даа. Ямар ч байсан хийсэн үйлдлээ л давтан үзүүлэх хэрэг гарах байхдаа гэв. Ханддорж байдлыг амбанд мэдэгдсэнд: -Хай, хоёр тэмээний бүтэн ачааг хоёрхон хүн авч явсан гэхэд би хувьдаа итгэхгүй байна. Хэрэв үнэн бол надад хэрхэн авснаа үзүүл! гэлээ. Вантан, за яамай даа, санаснаар боллоо гэж бодов. Болсон явдлыг давтан үзүүлэхээр Нацаг, Жамц хоёр модон шаттай иржээ. Тэр хоёр хашааны гаднаас шатаа тавьж, Нацаг нь шат дагаж хэрмэн дээр гармагц шатаа авч дотогш нь тавиад түүгээр дамжуулж хашаанд орж, нэгэн тэн барааг баадантай юм мэт өргөн авчраад шатны дээгүүр хэрэм давуулан шидэж өгсөнд Жамц нь тосож аваад газар тавьжээ. Ийнхүү дөрвөн тэн барааг авч хоёр хоёроор нь оосорлож үүрээд шатаа Нацаг нь бариад баруун тийш алхаад явчихжээ. Явсаар нэг ч амралгүй Гандангийн дэнж гарч, одоогийн хурлаас баруун урагш байсан Дуйнхорын аймгийн хашаанд хүрч иржээ. Үүнийг нүдээр үзсэн амбан тэдний хүчийг гайхан шагширч, шөнийн авсан дөрвөн боодол барааг нь зүгээр өгч хойшид миний юмыг бүү аваарай гэж захисан гэдэг.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen