Отгонтэнгэр хайрханд осолдсон хүмүүсийн эрэн хайх баг ажил үргэлжилсээр байна
Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг Отгонтэнгэр ууланд /аймгийн төвөөс 200 км, Отгон сумын төвөөс 45 км зайтай/ Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 иргэн авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч, 10 иргэн уулнаас бууж, 17 иргэн сураггүй болоод байна.
Болсон явдлын талаарх дуудлага анх 2017 оны 10 дугаар сарын 22-ны 14.30 цагт Завхан аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байдаг. Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг Завхан аймгийн Отгон суманд ажиллаж байна.
Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд буцах замдаа цасан нурангид өртөж сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагаанд одоогийн байдлаар Завхан аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Шүүх шинжилгээний газрын баг бүрэлдэхүүн, Говь-Алтай, Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн нийт 70 орчим алба хаагч оролцож байна.
Түүнчлэн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Завхан аймгийн Ус, цаг уурын байгууллагаас Отгон сум орчмын цаг агаарын нөхцөл байдлын мэдээг гурван цаг тутамд авч ажиллаж байна. Өнгөрсөн 21-нээс 22-нд шилжих шөнийн хувьд -6 хэмийн хүйтэн байсан бол өчигдөр өдөртөө +9 хэмийн дулаантай байсан.
Харин өнөө шөнийн хувьд Отгон сумын орчим шөнөдөө -13 хэмийн хүйтэн, цаг агаар тогтуун байжээ. Өнөөдөр өдөртөө 7-8 хэмийн дулаан байна гэсэн мэдээллийг Завхан аймгийн Ус, цаг уурын байгууллагаас өгч байна.
Үүсээд байгаа нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар өнөөдөр 09.00 цагт Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн өрөөнд шуурхай хуралдаан болж байна.