"Burn Your Maps" киног Робин Жой Леффийн ижил нэртэй богино хэмжээний өгүүллэгээс сэдэвлэн бүтээжээ. Киноны зохиолч, найруулагчаар Жордан Робертс харин продюсероор Марк Кантон ба Кортни Соломон нар ажилласан юм. Жордан Робертс нь Оскарын наадмаас шилдэг анимэйшн киноны төрөлд шагнал хүртсэн "Big Hero 6" киноны зохиолыг бичсэн туршлагатай. Тэгвэл Марк Кантон нь алдарт "300" киноны хоёр ангийг продюсерлож байсан билээ. 

"Burn Your Maps" киноны үйл явдалд Америкийн нэгэн гэр бүлийн тухай өгүүлэх бөгөөд тэдний найман настай хүү сургуулийнхаа судалгааны ажлын хүрээнд Монгол орныг сонирхож эхэлдэг. Төд удалгүй хүү өөрийгөө монгол хоньчин гэдэгт итгэж, малчин шиг хувцаслаж, бүр ариун цэврийн цаасаар хонины дүрс хийж дугуйнаасаа зүүн явдаг. Тэрээр эцэг эхийгээ Монгол руу явахыг ятгаж чадах ба ингэснээр тэрхүү гэр бүлийн хэзээ ч мартагдашгүй аялал эхэлдэг байна.

Burn Your Maps: Монголчуудын хувьд хамгийн их хүлээлттэй байгаа кино

"Burn Your Maps" киноны үйл явдал төдийгүй жүжигчдийн баг ч маш их анхаарал татаж байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн жилийн Оскарын наадамд нэр дэвшсэн "Room" кинонд тоглож олонд танигдсан залуу жүжигчин Жейкоб Тремблей гол дүрийг бүтээжээ. Мөн кинонд Вера Фармига ба Сураж Шарма зэрэг алдартай жүжигчид ч тоглосон юм. Вера Фармига нь 2009 онд Жорж Клунитэй хамт "Up in the Air" кинонд тоглож Оскарын наадамд шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчний шагналд нэр дэвшиж байсан. Тэгвэл энэхүү киноны бас нэг гол дүрийн жүжигчин болох Сураж Шарма нь 2012 онд гарсан "Life of Pi" кинонд тоглож өөрийн жүжигчний карьераа эхлүүлсэн юм. "Burn Your Maps" кинонд Калгари хотод суурьшин амьдардаг монголчууд ч зураг авалтанд оролцжээ. Тэдний ихэнх нь киноны жижиг хэсэгт тоглосон бол зарим нь монгол соёл ахуйг үнэн зөв дүрсэлж байгааг анхаарч, зөвлөхөөр ажилласан гэдгийг Жордан Робертс Calgary Herald сонинд хэлсэн байна. Мөн энэхүү кинонд жүжигчин Ц. Цэрэнболд зайран хүний дүрийг бүтээсэн бөгөөд 2015 оны арваннхоёрдугаар сард Бюро 24/7-д өгсөн ярилцлагадаа тэрээр энэ тухайгаа ярьсан юм.

Burn Your Maps: Монголчуудын хувьд хамгийн их хүлээлттэй байгаа кино

Одоогоор уг бүтээл нь Торонтогийн олон улсын кино наадам дээр нээлтээ хийж, шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээ авсан байгаа. Харин өнөөдөр Калгаригийн олон улсын кино наадам дээр танилцуулагдах болно. 

Монголчуудын ахуй амьдралыг харуулсан "Burn Your Maps" киноны зураг авалтын ихэнх хэсгийг Канадын Алберта мужийн Калгари хот ба Кананаскис байгалийн цогцолборт авчээ. Харин Монголд зөвхөн байгалийн тойм зураглалыг л авсан байна.