Г.Ариунбаатар “Мөнгөн мод” шагналын гран приг хүртлээ
Мэргэжлийн урлагийн байгууллагуудын шилдгүүдэд олгодог "Мөнгөн мод” шагнал гардуулах ёслол өнөөдөр боллоо. Монгол
Улсын Засгийн газрын нэрэмжит уг ёслолыг найм дахь удаагаа зохион байгуулав. Тус ёслолд өрсөлдсөн бүтээл тухайн жилдээ хийгдсэн байх ёстой агаад долоон номинациар тодруулсан юм.
Энэ жилийн хувьд Монгол хүний хоолойн цараа, дуулах ур чадварыг илтгэн Чайковскийн нэрэмжит олон улсын 15 дугаар уралдааны гран приг хүртсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатарт олгосон юм.
Харин соёлын өвийг тээгч "Мөнгөн мод”-ны эзнээр нийслэлийн "Улаанбаатар” чуулгын дуучин Б.Батболдыг тодрууллаа. Тэрбээр 2500 хүнд 10 гаруй уртын дууг хамгийн энгийн аргаар зааж сургаснаараа ийнхүү хүртэв.
Оны шилдэг хөгжимчнөөр Улсын филармонийн хөгжимчин Р.Санчир, "Чонон сүлд” киноны Галсмаагийн дүрээр жүжигчин Р.Анхням, оны шилдэг тайз дэлгэцийн жүжигчнээр, "Босуул” түүхэн уран сайхны киноны найруулагч Ж.Сэнгэдорж, "Мөнх тэнгэрийн Монгол” концертийн тайзны зураач О.Ганболд, шилдэг бүжигчнээр ДБЭТ-ын балетчин Л.Саруул нар тодорлоо.