Хайр хэзээ ч хөгширдөггүй

Хүний амьдралын хамгийн чухал сонголт нь хань ижил гэдэг үг зүгээр ч нэг гарчихаагүй юм. Ханилж яваа нөхрөөр нь хүнийг шинжих тухай эртний монголчуудын зүйр үг бас л үнэний ихээхэн ортой. Ийм болохоор эртнээс нааш өвөг дээдэс минь амьдын диваажинд аж төрье гэвэл сайн хань ижил сонго гэсэн нь хоосон үг, эсвэл хоосон цэцэрхэл огтоос биш билээ.

Хайр хэзээ ч хөгширдөггүй

 

Ханиа сонгоно гэхээр элдэв баар цэнгээний газар хэсч, хэсэгхэн зуурын ганцаардлаас ангижрах ядмагхан арга төдийхнөөр төсөөлөх нь бас өрөөсгөл. Орчин цагийн охид, бүсгүйчүүд маань ганцаардлаас зүрхшээхдээ амьдралд хэт яарч буй нь нүдээ аниад тамд унаж буйгаас ялгаагүй хэрэг билээ. Ганц биений амьдрал зарим тохиолдолд тухайн хүнд амжилт бүтээл хийх, үр хүүхэд, хань ижилдээ бие, сэтгэлээ бэлдэх чухал цаг хугацаа юм.Энэ талаас нь амьдралаа харвал илүү үр өгөөжтэй мэт.

Ханиа яаж сонгох вэ гэж бидний олонх нь асуудаг. Хань болох хүнээ олох, түүнийг таних нь өгүүлбэртэй бодлогын учрыг тайлахаас огт ондоо хэрэг. Харин зүрх сэтгэлээ сонсч, ямар ч тохиолдолд дэргэдээс чинь холдож одохгүй, нэг л ирсэн бол буцах сэтгэлгүй тэр хэн нэгнийг олж харах, түүний төлөө амьдрахын учир юм.

Ханиа сонгоно гэхээр азын сугалаанд хожихтой адилтгах хүмүүс бий. Тэгвэл азын сугалааг хүртэл сонгоход тухайн хүнээс сэтгэл, бишрэл, залбирал, хичээл зүтгэл, итгэл найдвар шаардагддаг. Яг үүнтэй адилаар ханиа сонгохдоо түүндээ итгэж, түүндээ найдаж, түүний төлөө чи ч бас тийм л хэмжээний золиосыг өөрөөсөө гаргаж чадна гэдэгтээ итгэж чадаж байна уу. Энэ асуултад чи тийм гэж хариулж чадаж байвал, сонгосон хэн нэгэн чинь дэргэд чинь үүрд үлдэнэ гэдгийг сэтгэлийн чинь луужин хэлж байвал эргэлзэлгүй зөвхөн түүнийг л дага.

Хэчнээн том хаус амлаад ч, хэчнээн тансаг машин унаа тэрэг үзүүлсэн ч сэтгэл нь хоосон эрчүүд хань болох нь юу л бол. Харин ч бүсгүй хүнээр амны алчуураа хийж, гэрийн буг болгох сонирхолтой, өмч хөрөнгөтэйгөө зүйрлэгсэд хорвоогоор мундахгүй олон бий. Тэдэн дундаас л гэрэлтэж, зөвхөн чамд зориулагдсан, хүйтэн шөнөөр ч чиний төлөө хэдэн бээрийг ганцаар алхаж туулах сэтгэлийн хаттай, өвдөж зовоход чинь дэргэдээс чинь холдон хөндийрөх нь бүү хэл улам ойртон дотносох тийм л дулаан төөнөсөн хэн нэгэн чиний хань байх болно.

Эртний мэргэдийн үг цаг хугацаа өнгөрөх тусам алт шиг улам өнгө орж, үнэний магнайд гэрэлтэж байна. Тэвчээр, итгэл, халамж анхаарал, үнэнч сэтгэл, өөдрөг ариун оюун санаа энэ орчлонд амьдрах хүний сэтгэлийн алтан гадас нь юм. Хэчнээн ч харанхуй байсан гэсэн энэ зэвсгээр зэвсэглэсэн цагт сайн хань соронз мэт чамд татагдаж, хүсэл бүхэн чинь сэтгэлчлэн бүтэх болно.

Сайн хань амьдын диваажин, сайн санаа амьдралын бэлэг.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen