Эх орончдын тухай эмзэг нэгэн тэмдэглэл

 	 Эх орончдын тухай эмзэг нэгэн тэмдэглэлДээхэн үед "хувьсгалын жилүүдэд чөтгөрийн тоо цөөрсөн" гэх хошин яриа байсансан. Тэгвэл сонгуулийн жил эх орончдын 

тоо огцом нэмэгддэг үзэгдэл нэгэнт  бий болжээ. Хаанаас гэнэт гараад ирэв гэмээр гял цал хувцасласан эх орончид улс монголоор минь дүүрэв. Тэдний сайхан тунгалаг царай, сэтгэл уужрам инээмсэглэсэн зургийг хараад шууд л "ЭХ ОРОНЧ" мөн гэдэгт нь итгэж орхино. Даанч ч сонгуулийн маргаашнаас "гэнэт тодорсон эх орончид минь ажиг сураггүй алга болно. Тэдний минь заримын зорилго биелж, зарим нь сэтгэлээр унаж, зарим нь гомдол цөхрөлөө тайлахаар "жинхэнэ эх орон руугаа" явчихна. Ингээд л найр тарж, наадам өндөрлөнө.

Угаасаа эх оронч гэдэг үг өөрөө шал утгагүй ойлголт болчихжээ. Талбай дээр өлсгөлөн зарлаж, суулт хийж, улс төрийн захиалгат жагсаал зохион байгуулж, энд тэндгүй гүйж, элдэв үг хэл гаргаж, өөрийгөө зарлалын самбар шиг болгож, өрөөлд зангууны үлгэр ярьдаг хүмүүсийг л "эх орончид" гэж эндүүрэх явдал цагийн эхнээс улам ч гаарав. Ёстой "гайгүй байлгүй, гамбир минь, гашилсан сүүний ээдэм минь" гэж багад бие биенээ тавлан хэлдэг байсан шиг" ёстой гайгүй байлгүй" дээ. Харин жинхэнэ эх орончид хэнд ч зарлаж тунхаглаж, жагсаж жаргаж, ноцож номчирхолгүй энгийн даруухнаар эх орончоо хийгээд ажиллаж амьдарч хийж бүтээж байдаг юм. Тийм эх оронч охид хөвгүүд эх орноор минь дүүрэн байна. Харамсалтай нь НАМ гэдэг хамуурсан толгой, бөөстсөн гудас сахиж суугаа санах ойгүй, бодох ухаангүй, өнгө шүтсэн, мөнгө хөөсөн хэдэн нөхөд сайхан алдарыг нь гутаах зорилгоор сайн нэрийг нь баллаж дууслаа. Хайран ч эх орон, хайран ЭХ ОРОНЧ гэдэг элэг халуун үг минь. Одоо захын хүүхэд  ЭХ ОРОНЧ гэдэг хүнийг сонгууль дөхөхөөр дош хайж, дов сахиж хошгирдог өнөө хэдээр төсөөлдөг болох нь. Айх айдас энд байна. Сайн язгуураа хөөвөл уг нь цогтой халуун эх орончдын галтай дүрэлзсэн түүх юмсан. Амь биеэ үл хайрлагчдын алдраа өргөсөн нутаг юмсан. Урьдын явдал ул болж, өнөөгийн явдал өнгө орно гэдэг энэ.

Энэ хүрээд угтал болгосон уянга үгээ дуусгая. Ардын сайхан үг бий. "Хүн бяраа таних, мал бэлчээрээ мэдэх" гэж. Энэ үгийг ухаж  ойлгох ЭХ ОРОНЧ л  лав одоо эх оронд минь алга. "Яах нь вэ дээ, хөөрхий" гэж бодмоор хүмүүс бяраа танихгүй, хэрээ мэдэхгүй улс төр гэдэг суваг дундуур ухаан жолоогүй зүтгэж,  төрийн эрх мэдэл гэдэг тэжээл ангийн амбаар шиг юм  руу өлссөн мал шиг орилолдон дайрч байна. Эмс хүүхнүүд тэр дотор элбэг үзэгдэх нь "яахнав дээ" гэх бодлыг юутай ихээр төрүүлнэ вэ?  Хүйсээр нь ялгаж, нийгмээр нь гадуурхсандаа энэ үгийг хэлээгүй юм шүү. Яадаг юм мэдэхгүй, байгалиас өгсөн байдаг араншин нь ч юм уу, ухаан цараа нь хүрэхгүй байгааг улс даяараа мэдсээр байхад л улайран зүтгээд байх юм. Бас болоогүй өөрийгөө "ЦОГТ ЭХ ОРОНЧООР ЦОЛЛУУЛАХ" гэж нэрээ барахаас айхгүй ЭМ ХҮН эр хар зоригтой болжээ. Төр барих гэдэг хялбаргүй түмпэн шанаганы хэрийн ажил лав биш.

Бөх хүн бүдүүн өвсөнд гэдэг. Ганцхан бөх хүн ч биш бүгд л бүдүүн өвсөн таварцаглаж унаж болно. Гол нь унаж боссон хүн биш угжний тамирчид улс төрд дурлаж эхлэв. Загварын ертөнцийн охид, захын панзчин, замын цагдаа, найрын дуучин, бууны нохой есөн жорын дэл сул хүмүүсийн хороо тайлдаг ерөндөг нь ЭХ ОРОНЧ гэдэг энхрий үг болов. Муулж байгаа юм биш. Хэн зорьсон бол тэмцэж болдог цаг. Даанч өндөр төрийн үүд, өргөн түмний босго үнэ хүндээ алдаж байна. Үүнд л эмзэглээд байгаа юм. Түүнээс биш хэн юу хийж, хэлж ярих нь дурын асуудал, духны хэмжээ. Төр гэдэг эрэмбэ тийм дор уначихаад хэн ч мацаж болох хана хэрэм мэт харагдах болжээ.  Тиймээс л зурагт /мурагтаар/ гарч нүүр хагарсан хэн ч болов нүдээ аниад дайрах болов. Төрийн ноён нуруу гэдэг булчингийн хэмжээ, бэлхүүсний тойрог биш. Хоолойны цараа, ходоодны хэмжээ биш. Үүнийг л сануулах гэж түүнийг л баахан мэрэв, би.

Аан, бас Харвард төгсчихвөл л хаан суух юм гэсэн гэнэн бодолтой, гэгээн зүстэй хөвгүүд үүгээр нэг, үүдээр нэг мөөрөлдөж байна. Англи хэлтэй бүхэн атаман байх ёстой гэж Америк суртал номлож байна. Тэгдэггүй юм гэхээр өөдөөс тэнэгээр дуудах нь энүүхэнд болов. Тэд ч бас өөрсдийгөө тэргүүн эх орончдын торгон цэрэг гэж үзнэ. Соёл ярих мөртлөө салаавч гаргахыг ердийн зүйл гэж үзнэ. Асуудал энд л байгаа юм. Харь хэл сурах дамжаа дүүргэсэн боловсролоо хаан суух эрдэм сурлаа гэж худгийн мэлхий шиг андуураад бяраа танихгүй зүтгэж, бэлчээрээ ололгүй майлж байна. Төр барина гэдэг чинь сольж өмсөх гонжоомныхоо тоогоор соёлтой гэж өөрийгөө  төсөөлөөд соёрхол хүсдэг зүйл биш гэдгийг ухаарч ойлгох хүртэл тэдэнд нилээд цаг хугацаа хэрэгтэй байна.

Өөр бас  төрөөс халаасалж, түмнээс хумслахаар офшорчин ах нарынхаа араас орох онгорхой хаалгаа хайгаад гүйж буй нь царайнаас нь ил байхад цамцаараа нүүрээ нуугаад маныгаа хуурчих санаатай цайчихсан залуучууд тэдний дунд цөөнгүй байна. Усыг шиг гал шиг санаж үлээвч тусыг эс олохын үлгэрээр гэмээ мэдсээр байж гэм хийдэг ГЭМТ ХЭРЭГТЭН л хамгийн аюултай гэдэг. Уулын сүүдэрд өдөлсөн бүргэд тэнгэрт нисдэг бол хүний сүүдэрт өдөлсөн хүн хаана юу хийж, яадгийг ард олон мэддэг болов. Төр гэдэг ахаа гэж доогуур харж, дээгүүр санаархагчдын цугладаг сүүдрэвч бишийг хэлж сануулах боломж СОНГУУЛЬ гэдэг шоугаар олддог ч хар машин, халаас хоёртоо найдагчид хаа сайгүй янцгаалдана.

Бас болоогүй, ээ. Хэдэн жил жагсаал хийсниийхээ хэргийг сонгуулиар гаргах гэж мөрөөдөгчдийн илүүтэй чанга мөөрөхийг тэндээс олж сонсоно. Харахад андашгүй хамаг биеэр нь цус биш ЭХ ОРОН гэдэг үг эргэлдэж байгаа мэт царайлна. Сүрдмээр ч юм шиг, сүжиглэмээр ч юм шиг. Гэвч үнэн нүүр царай нь даанч хуурамч болохыг өнгөрсөн цаг хугацаа харуулсаар байна. Орилсоор, эсвэл сүртэй хашгираад л байвал төрийн хэрэг бүтчих юм шиг томоос  том андуурагчдын тодорхой дүрүүд зөндөө байна. Олонх нь тэднийг юу билээ. Популистууд гээд байдаг юм. Гадаадаар л лав ЭХ ОРОНЧ гэсэн үг биш гэдгийг би гадарлана. Олонд л таалагдах гэсэн ов мэхтэнгүүдийг нэрлэдэг бололтой юм билээ. Таалагдаж болно. Гэхдээ тийм арга башираар биш гэдгийг л эр эмгүй бүгдэд нь хэлж ойлгуулах бурхан байна уу? Байхгүй бол яая гэхэв дээ?

Бас нэг ардын нэг сайхан үг бий. Удмын сайнаар болдоггүй ухааны сайнаар болдог гэдэг.  Цааш нь нэмбэл "өвгөдийн сайнаар болдоггүй, өөрийн сайнаар явдаг" гэх үгийн үнэн утга  л өнөөдөр бидэнд ойлгогдож байна. Эрх мэдлийг ширээ залгамжлан суух хүсэлтэй нялх ЭХ ОРОНЧДЫГ нэрлэхгүй байвал алдас болно. Тэд алдар нэр, мөнгө хоёртой ААВ, ЭЭЖ-ийнхээ нүүрээр таглаж байгаад бүгдийг өмчилж болдог гэсэн ухвар бодолтойгоор улстөр рүү дайрсан учраас ухаан сууж амжаагүй, гэгээ тусаагүй толгойнууд. Найдах зүйл тун бага, наймааны ухаанаар төр барьдаггүйг ном ын үзэж, ногоотой шөлийн халбагадаад ч сэхээрэхгүйг анзаарсан 10 гаран жил юутай хайран. Халаг, хоохой.

Заримдаа "холын бурханаас ойрын чөтгөр дээр" гэдэг үг ортой санагдах болов. Энэ бүх эрээвэр хураавруудыг бус өөр хэнийг сонгож болох вэ? Аргагүй л цаг үеэ олсон АСУУЛТ гэвэл энэ байна. Өчүүхэн бодлоо хэлье. Түмэн гэдэг оломгүй, боломж гэдэг хязгааргүй. Ар өврөөр биш, алдар нэрээр биш, авилга өглөгөөр бус, ах дүүгээр биш, ураг удмаар бус ухаан бодлоороо амьдралаа босгосон алдраа мандуулсан аавын хөвгүүд, ээжийн охид бишгүй байна. Нутгаа гэдэг, түмнээ санадаг зөв сэтгэлтэй, зүс монгол зөндөө байна. Тэднээсээ л олж төрдөө сонгож, ЭХ ОРОНЧ гэдэг гутаагдсан үгээ аврах цаг иржээ. Тэр цагт ЭХ ОРОН гэдэг үгийн эмзэглэл дууссугай.

Тэд магадгүй бидний дунд хийсэн бүхнээ чамлаад илүү ихийг хийхийг мөрөөдөөд алхаж яваа. Тэд магадгүй найман цагаас өмнө ажилдаа яараад найман хувийн зээлээ бодоод гүйж яваа. Магадгүй тэд намын даалгавраар бус өөрийн хүслээр төрсөн нутагтаа хөшөө биш хөрөнгө бүтээчихээд хөөрцөглөж яваа. Магадгүй, магадгүй юм бүхэн магадгүй.

Ир ухаан нь тэгширч, эх орноо гэх чин сэтгэлтэй, илд мэт хатаагдсан эх орончдоо л ЭХ ОРОН минь үгүйлж байна.

Пүрэвхүүгийн Батхуяг  
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen