ЭДИЙН ЗАСАГ ДАХЬ ХУРДНЫ ЗАМЫГ “БАРИНА” ГЭВ ҮҮ
Шинэ оны босгон дээр Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Өнөөдөр чуулганы хуралдаанаар Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Тэгвэл энэ хуулийн төсөл батлагдан гарсанаар Монгол Улсын төлбөрийн системд ямар шинэчлэл авчрах вэ?
Одоогийн мөрдөж байгаа хууль тогтоомжид төлбөрийн системийн үйл ажиллагаа, түүнд оролцох эрх бүхий этгээд болон Төв банкны гүйцэтгэх үүрэг ба хяналтыг тусгаагүй байдаг байна. Техник, технологийн дэвшлийг дагаж төлбөрийн системийн үйл ажиллагаа өргөжиж, шинэ төлбөрийн хэрэгсэл, төлбөрийн үйлчилгээ бий болж байгаа тул төлбөрийн системийн үйл ажиллагааг бүхэлд нь цогц байдлаар зохицуулах шаардлагатай байгаа аж.
Түүнчлэн, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд Төв банкнаас төлбөрийн системийг удирдан зохион байгуулах, хяналт тавих эрх үүргийг хуульчлах зайлшгүй шаардлага гарсан тухай албаныхан дуулгаж байна. Иймээс Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг өргөн барьсан байна. Албаныхан төлбөрийн системыг маш товчоор эдийн засаг дахь хурдны зам хэмээн тодотгосон байна. Энэ нь төлбөр гүйцэтгэгчээс илгээсэн төлбөрийг хурдан түргэн, найдвартай хэлбэрээр төлбөр хүлээн авагчид хүргэж өгдөг систем гэсэн үг. Их, бага хэмжээний дүнтэй гүйлгээ, картын тооцоо, опетарорууд, арилжааны банкууд, банк бус санхүүгийн байгууллага гээд Монгол Улсын төлбөрийн системд олон байгууллага оролцдог бөгөөд Монголбанк гол зохион байгуулагчаар ажилладаг.
Уг хуулийн төсөл батлагдсанаар төлбөрийн системд оролцогч талуудын үйл ажиллагааны нэгдсэн системийг бүрдүүлж, аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин бүрдэх юм байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банк бүр иргэдэд үзүүлж буй картын үйлчилгээний цар хүрээ, зардал, үйл ажиллагаанаасаа хамаараад янз бүрийн шимтгэл авч байна. Харин Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөлд эдгээрийг нэгдсэн системд оруулж, үйлчилгээний шимтгэлийн дээд хязгаарыг Монголбанк тогтоохоор тусгасан байна.
Түүнчлэн банкны салбарын төлбөрийн систем тусдаа, банк бус нь тусдаа, Төрийн сангийн төлбөрийн систем тусдаа байсан бол хууль батлагдсанаар эдгээр системийг нэгтгэх боломж бүрдэх гэнэ. Мөн төлбөр тооцооны нэгдсэн системд оролцогч талууд бүгд тус бүр кодтой болох аж.
Хууль санаачлагчид хууль зүйн орчныг тодорхой болгосноор техник технологийн дэвшилд суурилан энэхүү салбар маш хурдацтайгаар хөгжиж, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах шинэ хэрэгсэл, шинэ боломж бий болж, төгрөгт итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх замаар санхүүгийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлнэ хэмээн тооцжээ.
Тэгвэл өнөөдрийн чуулган дээр уг хуулийн төслийг эцэслэнэ. Тэгэхээр одоо эдийн засаг дахь хурдны замын үр ашгийг гаргах л үлдэж байна.
П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн