Нэгдсэн хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.02.03/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 01 дүгээр дүгнэлттэй танилцлаа.

 

Нэгдсэн хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

 

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар танилцуулсан юм.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4, 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсэг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг, Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцжээ.

 

Хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсгийн "Саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна.”, 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсгийн "Санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудас нь хүчинтэй саналын хуудас байна.” гэсэн нарийвчилсан зохицуулалт нь хуульд тусгах шаардлагатай хэм хэмжээ байх ба иргэний сонгох, сонгогдох эрхийг; мөн уг хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсгийн "Сонгуулийн дүн гарсан бол санал хураалтыг хүчингүйд тооцохгүй.” гэсэн заалт холбогдох асуудлаар аливаа этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг тус тус хязгаарлаагүй  байх тул Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж дүгнэжээ.

 

Харин мэдээлэл гаргагчдын үндэслэл болгож буй сонгууль зохион байгуулах техник ажиллагаатай холбоотой зарим тойрог, хэсгийн хороонд гарсан алдаа, зөрчил нь Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан биш болохыг Үндсэн хуулийн цэц уг хуралдаанаас гарсан 01 дүгээр дүгнэлтдээ дурдсан байна.

 

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй.

 

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

 

Дараа нь Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

 

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан.

 

 

Хууль зүйн байнгын хорооны 2017 оны 07 дугаар тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажпыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажпын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Оюундарь бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Ганболд, Л.Мөнхбаатар, Д.Цогтбаатар болон холбогдох бусад албан тушаалтнууд орж ажилласан аж.

 

Хууль зүйн байнгын хороо 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт заасны дагуу Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нэгтгэж, төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төсөлтэй холбогдуулан ажпын хэсгээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, дараах өөрчлөлт оруулах саналыг нэгдсэн хуралдаанд оруулж байна гэлээ.

 

Тухайлбал:

 

  • Эрүүлжүүлэх байранд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нь мэргэжил арга зүйгээр хангах чиг үүргийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэх
  • Аймаг, нийслэлийн эрүүлжүүлэх байрны орон тоо, үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалтыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтоохоор байсныг цагдаагийн төв байгууллагын дарга батлах гэж өөрчлөх
  • Эрүүлжүүлэх байрны ажилтанд хориглох зүйлд шаардлагатай эмчилгээ, яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх асуудлыг тусгах
  • Эрүүлжүүлэх байр цагдаагийн байгууллагын харьяалалд шилжиж байгаатай холбогдуулан хуулийн зорилт хэсэгт согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж өөрчлөлт оруулахаар төсөлд тусгасан байна.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, О.Баасанхүү нар асуулт асуусны дараа байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

 

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

 

Мөн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

 

Төслийн үзэл баримтлалыг хууль санаачлагч УИХ-ын гишүүн О.Баасанхүү танилцуулсан юм.

 

Тэрбээр, Монголчууд 1206 оны Улаан барс жил Их Монгол Улсыг тунхаглаж, Тэмүүжинг Чингис хаанд өргөмжилснөөс эхлэн эрийн гурван наадам буюу төрийн их ёслол, баяр наадам хийдэг уламжлал тогтон олон мянган жилийн турш уламжлалт үндсэн хэв маягаа хадгалж ирсэн

 

Үндэсний их баяр наадам нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэдэл төдийгүй уламжлалт урлаг, спорт, үндэсний үзэл санаа дэлгэрэн хөгжихөд чухал ач холбогдол бүхий баяр мөн.

 

 

2003 онд анх удаа Ерөнхийлөгчийн санаачлагаар Үндэсний их баяр наадмын тухай хууль батлагдаж үндэсний сурын харваачид Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын мэргэн цол олгодог болсон. Үндэсний их баяр наадмын 94 жилийн түүхэнд үндэсний сурын харваанд 6 удаа түрүүлж Дархан мэргэн цол хүртсэн харваач нэг эмэгтэй байна. /эмэгтэй харваач 65 м, эрэгтэй харваач 75 метрээс харвадаг /

 

Өнөөдөр монгол үндэсний сурын харвааны хөгжил өндөр түвшинд хүрч өрсөлдөөн их болж байгаа нь үндэсний сурын дархан мэргэн төрөх боломжгүй болж байна.

 

Үндэсний сурын харваанд ганцхан төрлийн цол олгож байгаа нь харваачдын чансаа үнэлгээнд анхаарах зайлшгүй шаардлагын улмаас уг төслийг өргөн барилаа гэлээ.

 

Хууль санаачлагч үндэсний сурын харваачдыг дэмжих, цолны төрлийг нэмэгдүүлэх зорилгоор үндэсний сурын харваанд гуравдугаар байр эзэлсэн харваачид гоц харваач, хоёрдугаар байр эзэлсэн харваачид гарамгай харваач, нэг түрүүлсэн харваачид улсын мэргэн, улсын мэргэн цолтон түрүүлбэл улсын даян мэргэн, улсын даян мэргэн цолтон түрүүлбэл улсын даяар дуурсах мэргэн, улсын даяар дуурсах мэргэн цолтон түрүүлбэл улсын дархан мэргэн цол олгохоор уг хуулийн төслийг боловсруулжээ.

 

Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Л.Оюун-Эрдэнэ нар үндэсний спортын төрлүүдийн цолны асуудлыг цогцоор нь авч үзэх, цол олгох эрхийг мэргэжлийн холбоодод өгөх талаар саналаа илэрхийлж байсан бөгөөд хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн УИХ-ын гишүүн Б.Ундармаа Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахдаа дурдсан.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатар асуулт асууж, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Гантулга, Г.Мөнхцэцэг нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэний дараа хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

 

Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

 

Дараа нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан юм.

 

 

"Эдийн засгийг сэргээх тухай” Улсын Их Хурлын 2016 оны 71 дүгээр тогтоолоор төлбөр тооцооны дэд бүтцийг сайжруулах, төлбөрийн системийн үр ашигтай, найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах зорилгоор Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг боловруулж, яаралтай өргөн мэдүүлэхийг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд үүрэг болгожээ. Одоо мөрдөгдөж буй хууль, тогтоолын дагуу төлбөр тооцоог холбогдох техник, технологи ашиглан хийж байгаа ч бэлэн болон бэлэн бус төлбөр тооцооны хүрээнд цахим төлбөрийн хэрэгслийн хамгаалалтын түвшин харилцан адилгүй, төлбөрийн систем, түүний оролцогчдод хяналт тавих, зохицуулах эрх бүхий этгээд болох төв банкны эрх зүйн байдлыг бүрэн тодорхойлоогүй, төлбөрийн эцэслэлт, үл буцаагдах байдал бүрэн зохицуулагдаагүй аж. Иймд төлбөр тооцооны дэд бүтцийг сайжруулах, төлбөрийн системийн үр ашигтай, найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах зайлшгүй шаардлагыг харгалзан Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

 

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа танилцуулсан юм.

 

 

Тэрбээр, дээрх хуулийн төсөл нь төлбөр хариуцагч, хүлээн авагчийн хоорондын төлбөр тооцоог төлбөрийн системээр дамжуулан гүйцэтгэх, системийн оператор, оролцогчийн хооронд үр дүнгийн тооцоолол хийх, түүнчлэн системийн үйл ажиллагаанд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах хууль, эрх зүйн шинэ орчныг бүрдүүлэхэд чиглэгдсэн байна.

 

Хууль батлагдсанаар бэлэн мөнгө, төлбөрийн баримтаас гадна цахим мөнгө, төлбөрийн карт зэрэг төгрөгийг орлон төлбөр тооцоонд хэрэглэх зөвшөөрлийг Монголбанкнаас олгох, хил дамнасан төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга, хөдөлгөөнт банкны үйлчилгээ зэрэг үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөхийн зэрэгцээ зах зээлд нэвтэрч байгаа төлбөрийн үйлчилгээ, түүний хэлбэрүүдийн хөгжлийг дэмжих боломж бүрдэнэ гэж үзсэн байна.

 

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн танилцуулсан.

 

Хуулийн төслийн үзэл баримтлалын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Б.Баттөмөр, Д.Цогтбаатар нар асуулт асууж хариулт авсаны дараа үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

 

Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

 

Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ.

Төслийн үзэл баримтлалыг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат танилцуулав.

 

 

Авто замын тухай хууль нь 1998 онд батлагдан өнөөг хүртэл 10 гаруй удаа өөрчлөлт оруулж мөрдөж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд улс орны нийгэм, эдийн засгийн байдал өөрчлөгдөж авто замын ашиглалт нэмэгдэж өмнөх жилүүдээс ачаа тээврийн эргэлт 65 орчим хувь, зорчигч тээвэр 98 хувьд хүрч өссөн нь одоогийн мөрдөж байгаа Авто замын тухай хуулиар уг салбарын тулгамдаад байгаа асуудлуудыг зохицуулахад учир дутагдалтай гэж үзэн хуулийн төслийг шинэчлэн боловсруулжээ.

 

Уг хууль батлагдсанаар авто замын засвар, арчлалтын ажлын чанар, технологи сайжирч, иргэд авто замаар аюулгүй тав тухтай зорчих нөхцөл бүрдэх бөгөөд тээврийн хэрэгслийн ашиглалтын зардал, зорчих хугацаа багасч, зам ашиглагчид авто замын салбараас бодит хэмнэлтийг хүртэх боломжтой болох аж. Түүнчлэн авто замын сүлжээ хөгжүүлснээр зам дагасан бүс нутгийн хөгжил хурдасч, тухайн орон нутгийн хүн амд хүрэх нийгмийн үйлчилгээний хангамж, хүртээмж нэмэгдэж, уул уурхай хөгжих нөхцөл бүрдэж байгаль орчин, хөрс бэлчээрийн доройтол, тоосжилт буурах зэрэг нийгэм, эдийн засаг, экологийн эерэг үр дүнгүүд бий болно гэж төсөл санаачлагч үзсэн байна.

 

Хуулийн төслийн үзэл баримтлалыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар замын тэмдэг, тэмдэглээнээс эхлээд шинэ стандарт, шинэ технологи нэвтрүүлсэн өндөр чанартай зам барих, хөдөлгөөний хурдыг нэмэгдүүлж, түгжрэлийг багасгасан, эдийн засагт үр ашигтай байх зохицуулалтуудыг тусгах, ажлын хэсэг байгуулж, ажиллах нь зүйтэй гэсэн саналыг гаргасан хэмээн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахдаа дурдсан.

 

 

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дээрх хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Х.Баделхан, О.Батнасан, С.Чинзориг, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Сумьяабазар нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Х.Баделхан, Л.Элдэв-Очир, Д.Ганболд, Д.Гантулга, Я.Содбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.

 

 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав замын чанарыг сайжруулахын тулд ямар стандартыг баримтлах вэ. Цаг агаарын нөхцөлд тохирсон замын шинэ стандартыг турших судалгааны ажил хийгдэж байгаа юу хэмээн лавласан.

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Авто замын чанарыг сайжруулахын тулд онцгой анхаарч стандартыг шинэчлэх ажлууд хийгдэж байна гэлээ. Тэрбээр замын чанар сайжирснаар зам арчилгааны урсгал зардлууд хэмнэгдэнэ. Замын орчин үеийн дэвшилтэт стандартыг нутагшуулах талаар дэс дараатай ажлууд хийгдэж байна. Ер нь цемент бетон хучилттай зам тавьснаар замын эдэлгээ уртсах учир, Улаанбаатар-Дархан-Эрдэнэт чиглэлийн замыг шинэчлэхдээ бетон хучилттай тавихаар судалгаа, туршилтын ажил хийгдэж байна. Өмнө нь хэд хэдэн газарт ийм стандартаар зам барьсан туршлага бий хэмээн хариулсан.

 

Гишүүд замын тэмдэг тэмдэглэгээ, замын барилгын ажил гүйцэтгэдэг гэх компаниудын үйл ажиллагаа, нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдоогүй аймгуудын талаар тодруулж байлаа.

 

Салбарын сайдын хариулснаар, олон улсын тэмдэг тэмдэглэгээг тавих асуудал учир дутагдалтай байгаа аж. Тиймээс олон улсын стандартын дагуу замын тэмдэг тэмдэглэгээг хийхээр үүрэг даалгавар өгч ажил эхлээд байгаа юм байна. Эхний ээлжинд замын тэмдэглээгүй газруудад хийж, цаашдаа бүх замуудын тэмдэглэгээг шинэчилэхээр төлөвлөжээ.

 

Түүнчлэн тэрбээр зам, тээврийн барилгын ажлын зардал хэт өссөн тухай асуудлыг шалгах үед ноцтой асуудлууд илэрснийг дурдаад цаашдаа авто зам барьдаг компаниудыг журамлах хэрэгтэй байгааг онцолсон. Авто зам барих тусгай зөвшөөрөлтэй 550 гаруй компани бий ч техник хэрэгсэл, хүн хүчтэй нь цөөхөн, дийлэнх нь зөвхөн тамга тэмдэгтэй аж. Тэдгээр компаниуд зам барих  тендерт орж хямд үнэ санал болгож тендерт ялчихаад дараа нь үнээ өсгөх асуудал гаргадаг талаар ч өгүүлсэн. Өнөөдрийн байдлаар 6 аймаг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдоогүй байгаа бөгөөд 500 гаруй км авто зам барихад дээрх аймгууд холбогдох аж. Энэ ажлыг 2021 он гэхэд дуусгана гэж сайд Д.Ганбат хэлсэн.

 

Гишүүд ийнхүү хэлэлцсэний дараа хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн юм.

 

Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхээр боллоо

 

Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг мөн хэлэлцлээ.

 

Төслийн үзэл баримтлалыг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат танилцуулсан юм.

 

Усан замын тээврийн тухай хууль нь 2003 онд батлагдсан, сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлал хурдацтай өсч буйтай холбоотойгоор иргэд томоохон нуур, голын эрэг орчмоор амрах, зугаалах нь нэмэгджээ. Үүнтэй холбоотойгоор усан замын тээврийн өнөөгийн тогтолцоо, бүтэц зохион байгуулалтад тулгамдсан дээр дурдсан нийтлэг асуудлуудыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт хангалтгүйгээс усан замын тээврийн ажил үйлчилгээний чанар, хүртээмж хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагыг үр ашигтай хангаж чадахгүйд хүрэх нөхцөл байдал үүсч байгааг үндэслэн Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.

 

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир танилцуулав.

 

Тэрбээр, Усан замын тээврийн үйлчилгээг аялал, жуулчлалын зорилгоор эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа жилээс жилд нэмэгдэж, түүнд хамрагдах иргэдийн тоо өсөн нэмэгдэхийн хэрээр усанд хүний амь осолдох эрсдэл сүүлийн жилүүдэд ихэсч байгаа нь өнөөгийн усан замын тээврийн хяналтын тогтолцоо сул, хүний нөөц хүрэлцэхгүй байгаатай холбоотой бөгөөд цаашид усан замын тээврийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, салбарын хүний нөөцийг бэлтгэх шаардлагын үүднээс хуулийн төслийг боловсруулжээ.

 

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрөн, нуурт усан замын тээвэрлэлт хийх, түүний дотор усан замын тээврийн хэрэгслээр үзүүлж байгаа үйлчилгээ боловсронгуй болохоос гадна тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах, усан замын тээврийн хэрэгслийн техникийн ашиглалт, үйлчилгээний чанар, хүртээмж, хөдөлмөр хамгаалалд тавих хяналт сайжирна гэж төсөл санаачлагч үзжээ.

 

Хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва гаднаас оруулж ирж байгаа хуучин завинд хатуу хяналт тавих талаар хуулийн төсөлд тусгах нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн болно.

 

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дээрх хуулийн төслийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ гэлээ.

 

Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дээрх асуудлыг хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen