АНУ: Израил улс байлдааны ажиллагаагаа өдөрт дөрвөн цаг зогсоохыг зөвшөөрсөн
Газын зурвасын хойд бүсэд өдөр тутам дөрвөн цагийн туршид “Хүмүүнлэгийн түр зогсолт” хийхийг Израилын тал зөвшөөрсөн гэж АНУ-ын "Цагаан ордон"-оос мэдээлсэн.
Израилын тал харин палестинчуудад дайн тулааны талбараас холдох анхааруулгыг тухай бүрт нь гурван цагийн өмнөөс өгнө гэдэг мэдэгдлийг л хийсэн байна.
Америкийн засаг захиргааны төлөөлөгч мөн түр гал зогсоох хугацааг уртасгах чиглэлд яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж байгаагаа мэдээлж байгаа юм.
Энгийн иргэдэд аюулгүй газар руу дүрвэх боломж олгох, барьцааны хүмүүсийг суллуулах нөхцөлийг хангах, Газа руу эм, хүнс, ус тээвэрлэлтийг нэмэгдүүлэх хүмүүнлэгийн зорилгын үүднээс байлдааны ажиллагааг түр зогсоох асуудлыг Израилын эрх баригчидтай идэвхийлэн хэлэлцсэний дүнд ийм тохиролцоонд хүрсэн гэж Жо Байден мэдээлжээ.
Түүнчлэн барьцааны хүмүүсийг суллуулахын тулд байлдааны галыг гурваас дээш өдөр түр зогсоох чиглэлд хүч тавьж байгаа, бүтэмжтэй болно гэж итгэж байгаагаа Жо Байден сэтгүүлчдэд ярьсан байна.
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Жон Кирби мөн АНУ "Рафах" боомтоор Газын зурвас руу оруулах хүмүүнлэгийн тусламжийн жагсаалтад түлш шатахууныг оруулахад анхаарал тавьж байгаа гэж мэдээлжээ.
Үүний зэрэгцээ Израилын “Таймс оф Израел” сонин харин Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху “Хүмүүнлэгийн түр зогсолт” гэх нэршлээс зайлсхийж “Нүүлгэн шилжүүлэлтийн гарцууд” гэж ярьж байгаагийн зэрэгцээ барьцааны хүмүүсийг суллах хүртэл гал зогсоохгүй гэж мэдэгдсэнийг цохон мэдээлжээ.
Үүний зэрэгцээ Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Газын зурвасыг булаан эзлэх, хяналтдаа авахыг Израил улс эрмэлзээгүй гэж мэдэгджээ.
Тэрбээр Америкийн “Фокс ньюз” телевизэд "Газын зурваст хойшдоо хэт үзэлт бүлэглэлүүд оршин тогтнох үндсийг үгүй хийхийн тулд эндэхийг бүрэн цэрэггүйжүүлж, шинээр барьж байгуулах ёстой" гэж ярьжээ.
Энэ зуур Израилын "Маарив" сонины санал асуулгаар Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн рейтинг 26 хувь руу буурсан дүн гарсан байна.
Тэрчлэн Газын зурваст Израилын явуулж байгаа ажиллагааг Вашингтон дэмжсэнээр Араб дахинд АНУ-ын эсрэг үзэл хандлага ихсэж байгаа тухай сэрэмжлүүлэг мэдээлэл "Цагаан ордон"-д очих болжээ.
Ойрх Дорнодод ажилладаг Америкийн дипломатчид Ерөнхийлөгч Жо Байдений засаг захиргааныханд ийм сэрэмжлүүлэг мэдээлэл өгч эхэлсэн. Одоогоор Оман дахь ЭСЯ-наас зөвхөн ийм мэдээлэл ирсэн байгаа ч энэ нь Ойрх Дорнодын хэмжээнд Америкийн эсрэг үзэл хандлага газар авч байгаагийн тодорхой жишээ гэдгийг "CNN" тэмдэглэжээ.