Эрдэмтэд дэлхийтэй ойролцоо хэмжээтэй, амьдрал байх боломжтой гараг нээжээ

Эрдэмтэд дэлхийтэй ойролцоо хэмжээтэй, амьдрал байх боломжтой гараг нээжээ

 

Эрдэмтэд дэлхийтэй ойролцоо хэмжээтэй, онолын хувьд амьдрал байх боломжтой гараг нээжээ. Эрдэмтдийн хоёр тусдаа баг биднээс 40 гэрлийн жилийн зайд орших жижиг одыг тойрон эргэж буй дэлхийгээс арай жижиг ч Сугар гарагаас том, онолын хувьд амьдрал байх боломжтой гарагийг нээснээ зарлав. "Gliese 12b" гэж нэрлэсэн уг гараг нь хүйтэн, улаан, одой одыг тойрон эргэдэг байна. Уг од нь нарны 27 хувьтай тэнцэх овор хэмжээтэй, 60 хувьтай тэнцэх температуртай аж. 

Ийм жижиг хэмжээтэй одыг Gliese 12b гараг 12.8 хоногт нэг бүтэн тойрдог байна. Уг зай нь шингэн төлөвтэй ус орших боломжтой хэмжээ юм. Эрдэмтэд гарагийн гадаргын температурыг Цельсийн 42 хэм гэж тооцоолжээ. Эрдэмтдийн нэг багийн судалгааны ажлын тайлан өнгөрсөн пүрэв гарагт “The Astrophysical Journal” сэтгүүлд, нөгөө багийн тайлан мөн өдөр “Monthly Notices of the Royal Astonomical Society” сэтгүүлд тус тус нийтлэгдсэн юм.

Одоогоор эрдэмтэд шинэ гарагийн атмосфер ямар бүтэцтэйг, бүр атмосфертэй эсэхийг ч бүрэн тодорхойлж чадаагүй байгаа гэнэ. Үүнээс шалтгаалаад шингэн төлөвтэй ус байх боломжтой эсэхийг бас хэлж чадахгүй байгаа ажээ. Ямартай ч гадаргын температур нь амьдралд таатай гэж дүгнэсэн байна. “Ус байхгүй ч байж магадгүй. Хүлэмжийн хийн алдагдлын нөлөөгөөр Сугартай төстэй хуурай гараг болсон байх магадлалтай. Хэрвээ ус байвал дэлхийтэй төстэй байна гэсэн үг. Эсвэл хүлэмжийн хийн нөлөөгөөр усаа алдах үйл явц ид үргэлжилж байх боломжтой юм” гэж Палеторп тайлбарлажээ.

Шинэ гарагийн атмосферийг судлах нь дараагийн гол ажил бөгөөд эрдэмтэд ингэхдээ James Webb Space Telescope сансрын телескопыг ашиглан спектроскопын шинжилгээ явуулахаар төлөвлөсөн байна. Энэ нь одны гэрэл гарагийн атмосферийг нэвтлэн телескоп дуранд ажиглагдахдаа ямар долгион ямар молекулд шингэж үлдсэнийг тогтоох замаар атмосферийн бүтцийг тогтоодог арга юм. "Gliese 12b" гарагийг судалснаар манай гараг яагаад амьдралд ээлтэй болсон, Сугар гараг яагаад чадаагүй зэргийг таамаглахад чухал хэрэгтэй гэж үзэж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen