Н.Одонгуа: Агаарын бохирдлоос үүдэн жилд 300-400 хүн уналт таталттай болж байна
Утаа нь монгол хүний эрүүл, амьд явах эрх болон бусад эрхийг ноцтой зөрчиж байгаа талаар Анагаах ухааны доктор Н.Одонгуа, судлаач С.Наранбаатар нар мэдээлэл өгч, хэвлэлийн хурал зохион байгуулав.
Сайжруулсан түлш хэрэглэснээс хойш угаарын хийн улмаас нас барсан иргэдийн тоо өмнөх жилүүдээс 2-3 дахин нэмэгдсэн.
Амьсгалын замын өвчнөөр 2022 онд 6,000 орчим хүн 2023 онд 16,000 хүн өвчилж, хүн амын эрүүл мэндэд аюулын харанга дэлдэж байгааг Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Одонгуа хэллээ. Агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөл, нас баралт нэмэгдэж байгаа талаарх эрүүл мэндийн зарим баримтыг тэрбээр танилцуулсан юм.
Энэ талаар хэлэхдээ “Агаарын бохирдолтой, гадаа хүйтний эрч чангарсан өвлийн улиралд хүн амын өвчлөлийн үзүүлэлт улам нэмэгдсээр байна.
Өмнөх онуудтай харьцуулбал 40,000 орчим иргэн нэмж өвчилсөн гэх тоон мэдээлэл гарч байгаа. Энэ бүх эрүүл мэндийн эрсдэлийг мэргэжлийн хүмүүс энгийн иргэддээ хэлэхгүйгээс болоод ойлголт бүрхэг болоод буй. Иймд дараах эрүүл мэндийн тоо баримтыг танилцуулъя.
Тодруулбал Амьгүй төрөлт өнгөрсөн оны мөн үеэс 1,280 хүүхдээр өссөн. 465 хүүхэд төрөлхийн гажигтай төрсөн. Монголд сүүлийн жилүүдэд уналт таталттай хүний тоо нэмэгдэж байгаа. Жил болгон 300-400 хүн шинээр нэмэгдэж байна. Нийтдээ 15,000 хүн уналт таталттай болсон гэх мэдээлэл бий. Ураг эхийн хэвлийд байхдаа хүчилтөрөгчийн дутагдалд орсноос үүдэн шинээр төрж байгаа хүүхдүүд олдмолоор уналт таталттай болж буй нь сэтгэл зовоосон асуудал" хэмээн ярилаа.
Хүүхэд, жирэмсэн эхчүүдэд үзүүлж буй нөлөө:
Шинээр мэндэлж буй бяцхан үрсийн 3-4 хувь нь хүчилтөрөгчийн дутагдалтай төрж байна.
Монгол Улсад 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хамгийн том шалтгаан нь амьсгалын замын өвчин, уушгины хатгалгаа.
Улаанбаатар хотод амьдарч байгаа жирэмсэн эмэгтэйчүүдийн үр зулбах магадлал өвлийн улиралд дөрөв дахин ихсэж байна.
Үргэлжлүүлэн “2019 оны тавдугаар сарын 15-наас эхлээд Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхгүй, сайжруулсан цэвэр түлш хэрэглэх шийдвэр гарсан.
2020 онд Үндэсний Статистикийн Хороо, Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвийн хамтран хийсэн тайланд дурдсанаар PM 2.5 буюу нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээ буурсан. Гэвч хүхэрлэг хийн хэмжээ Монгол Улсын агаарын стандартаас 43-57 дахин өссөн гэх дүгнэлтийг хийсэн байдаг.
Тав хүртэлх насны хүүхдийн өвчлөл хүн амын дунд 15-20 дахин ихэссэн талаарх мэдээллийг 2020 онд хэлж байжээ.
Дэлхийн дөрвөн улсын 14 байгууллагатай хамтран хийсэн судалгаагаар монгол иргэдийн элэгний хавдраар өвчилж байгаа геномийг судлахад агаарын бохирдол, нүүрсний утааны задралаас үүссэн хүхрийн давхар ислээс шалтгаалж элэгний хавдрын мутац гажил бий болсныг 2022 онд Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ)-ийн дарга, Анагаах ухааны доктор Н.Эрдэнэхүү мэдэгдсэн.
Улаанбаатар хотын агаарт Олон Цагаригт Үнэрт Нүүрстөрөгчийн нэгдлүүд үүссэн. Хавдар үүсгэдэг химийн нэгдлүүд агаарт бий болсныг 2023 онд Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн Химийн тэнхимийн профессор Н.Амгалан судалгаагаар нотолсон.
Иймд агаарын бохирдлын асуудлыг бид зүгээр орхиж болохгүй” гэлээ.
"Утааг багасгах зорилгоор 451.1 тэрбум төгрөг зарцуулжээ"
Судлаач, дэд профессор С.Наранбаатар “Амьгүй төрөлт, ургийн гажиг, хорт хавдрын статистик үзүүлэлт цаашдаа өссөөр л байх уу?
Утааг багасгах зорилгоор 2017-2020 оны хооронд 451.1 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ хугацаанд 451 тэрбум төгрөг зарцуулаад үнэхээр агаарын чанар сайжирсан эсэх эргэлзээтэй.
Түүнчлэн 2020-2024 оны оны статистик тоо, эдийн засгийн үзүүлэлт маш өндөр гарч байгаа. Өөртөө хайргүй юмаа гэхэд энхрий бяцхан үр хүүхдэдээ хайртай байцгаая. Энэ асуудалд шийдэл эрж, батлагдсан дүрэм журмын хэрэгжилтэд анхаарч ажиллах шаардлагатай” гэв.
“Аюулын харанга дэлдээд байхад Засгийн газар ямар ч хариу үзүүлэхгүй, иргэдээ үл ойшоож байна”
Сайжруулсан шахмал түлшний найрлагын талаарх сэтгүүлчийн асуултад Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Одонгуа дараах хариултыг хэлэв.
Тэрбээр “Түлшний найрлагад өөрчлөлт орсон эсэхийг судалсан нотолгоо байхгүй. Үүнийг Засгийн газар хариуцаж эрх үүргийнхээ хүрээнд судлах ёстой.
Энэ төрлийн судалгааг хийхгүй, оношлохгүй байна. Засгийн газар ард иргэдээсээ үнэн бодит байдлыг нуун дарагдуулах оролдлого хийж байна уу? хэмээн хардаж байгаа.
Агаарын үнэр, утаа, бараг хүн болгонд толгой өвдөх, дотор муухайрах зэрэг угаарын хордлогын шинж чанар хүртэл илэрч байна. Ийм аюулын харанга дэлдээд байхад Монгол Улсын Засгийн газар ямар ч хариу үзүүлэхгүй, иргэдээ үл ойшоож буй нь байж боломгүй, хариуцлагагүй үйлдэл” хэмээн байр сууриа илэрхийллээ.