50 мянган жилийн өмнө Австралид хүн амьдарч байсныг тогтоожээ

50 мянган жилийн өмнө Австралид хүн амьдарч байсныг тогтоожээ

 

Эртний уугуул оршин суугчид Австрали тивд анх 50 мянга орчим жилийн өмнө ирж суурьшсан ба уугуул омгууд тус тивд түүхийн хэмжээсээр нэлээд богино хугацаанд тархан суурьшиж, улмаар тэндээсээ дахин нүүлгүй амьдрах болжээ.

Квинслэнд муж болон өмнөд Австралид 1928-аас 1970 оны хооронд хийгдсэн антропологийн судалгааны үеэр цуглуулсан 111 уугуул иргэдийн үсний ДНХ-г Аделаидын их сургуулийн эрдэмтэд нарийвчлан судлаад ийм дүгнэлтэнд хүрчээ.  Эдгээр үс нь Өмнөд Австралийн байгалийн түүхийн музейд хадгалагдаж байсан боловч эрдэмтэд дөнгөж саяхнаас л ногоон тивийн уугуул оршин суугчдын байгууллагын зохих зөвшөөрлийг авсны дараа судалгаа хийх боломжтой болжээ.

"Бид митонохондриаль ДНХ-ийн шинжилгээний дүнг Австралийн нутаг дэвсгэрт эртний хүн амьдарч байсан тухай мэдээлэлтэй харьцуулан судалсан. Ерөнхийд нь дүгнэвэл, уугуул оршин суугчдын өвөг дээдэс Австралид 50 мянга орчим жилийн өмнө одоогийн Папуа-Шинэ Гвинейгээс нүүдэллэж иржээ. Дараа нь тэд хоёр бүлэгт хуваагдан тус тивийн бусад хэсэг рүү тархан суурьшиж эхэлсэн байгаа юм. Эхний бүлэг нь эргийн дагуу нар зөв тойрон явсан бол нөгөө хэсэг нь эсрэг зүгт явжээ. Түүнээс хойш ойролцоогоор 1000-5000 орчим жилийн дараа тэд тус тивийн өмнөд хэсэгт дахин уулзалдсан ба тэр үеэс хойш томоохон нүүдэл хийгдээгүй, тэндээ амьдрах болсон” гэж судалгааг удирдсан профессор Алан Купер ярьж байна.

Куперын үзэж байгаагаар, энэхүү судалгааны дүн нь уугуул оршин суугчид яагаад буурал үстэй байдаг, мөн тэд яагаад төрөлх нутгаасаа явах тун дургүй байдгийн учрыг тайлж байгаа юм. "Аборигенүүд энэ нутагт маш удаан амьдарч байгаа ба маш олон байгалийн гамшгийг даван туулсан. Тэд зөвхөн төрөлх нутаг дэвсгэр дээрээ л байгаль цаг уурын аливаа гамшгийг даван туулж чадна гэдгээ мэддэг байсан” гэж эрдэмтэн тайлбарлалаа.

Австралийн эрдэмтдийн судалгаа пүрэв гарагт Nature сэтгүүлд нийтлэгджээ. 

Эх сурвалж: www.TODAY.mn
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen