Татвараа төлөөгүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд энэ сарын 9-ний өдрөөс эхлэн заагдсан хугацаандаа АТБӨЯХ-ийн татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэрийн талаар мэдээлэл хийх юм байна.
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль болон Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн дагуу тээврийн хэрэгслийн эзэмшигч албан татвар төлдөг. Хуульд хувь хүн тээврийн хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа, тухайн жилийн зургаадугаар сарын 1-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж хагас жилээр нь татвараа төлөх боломжтой гэж заасан байдаг. Иргэд автомашины албан татвар, агаар бохирдуулсны төлбөрөө төлөхийн тулд жил бүрийн зургаадугаар сард татвар хураах цэг, банкинд урт дараалал үүсгэн зогсдог байсан. Энэ байдлыг арилгах зорилгоор тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч татвар, төлбөр, хураамж төлөх журмыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнгөрсөн оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн тогтоолоор баталсан.
Өөрөөр хэлбэл, 1, 6 тоогоор төгссөн автомашины улсын дугаартай жолооч нэгдүгээр сард, 2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард, 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард, 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард, 5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард албан татвар, агаар бохирдуулсны төлбөр, зам ашигласны төлбөрөө төлөхөөр болсон юм. Уг хуваарийн дагуу энэ сард 1 болон 6 тоогоор төгссөн улсын дугаартай автомашины эзэмшигч татвараа төлнө гэсэн үг. Хэрэв заасан хугацаанд татвараа төлөөгүй тохиолдолд Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд тээврийн хэрэгсэл эзэмшигчид холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авахаар болсон байна.