“Их шинэчлэл”-ийнхээ өмнө ид бужигнаж буй АН
АН-ын Их хурал бүтэн сайнд болно. Хоёрдугаар сарын 12-нд гэсэн үг. Мөн үүнээс хойш АН-ын Их хурал бус Их хуралдай хэмээн нэрлэнэ. Учир нь энэ Их хурлаараа хамгийн түрүүнд батлах АН-ын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтөд ийм зүйл заалт байгаа юм. Намын Их хуралдай хэмээн нэрлэнэ ээ гэж. Үүнээс гадна АН-ынхан С.Эрдэнийг дарга гэхгүй АН-ын тэргүүн хэмээн дуудна. Олон нийт ч бас ингэж ярьж, бичих ёстой гэж дүрмийн шинэчлэлдээ тусгажээ. Өөр ийм мэтийн олон өөрчлөлтийг хийх юм байна. Ингэж өөрчлөх дүрэм янз бүрийн шахалт хавчлагагүйгээр "ногоон гэрэл”-ээр батлагдана. Учир нь АН-ынханд дүрмийн өөрчлөлт нэг их сонин биш. Хэн, хэн ямар дарга болох нь анхаарлыг нь татаж байгаа. Бүтцийн өөрчлөлтөөр шийдэгдэх олон албан тушаалын сонгууль, томилгоонд хуучнаар ҮЗХ-г орлох шинэ бүтцэд багтах "албан тушаалтан”-уудыг бас сонгож батална. Тэгэхээр АН-ын идэвхтэй гишүүн бүр ямар нэг албан тушаалд очих нь тодорхой болж байгаа юм.
Энэ бүхнийг шийдэх Их хурал нь ердөө хоёр хоногийн дараа болно. Тиймээс фракцтай нь толгойлогч руугаа "...Уулзъя” хэмээх урилга өгч, тоохгүй бол утсаар нь мессэж бичиж, бүр болохгүй бол цахим хуудаст нь "сэтгэгдэл”-ээ үлдээж байна. Сэдэв тодорхой. Намайг тийм хороо, зөвлөлд гишүүнээр оруулж өгөөч гэж байгаа юм. Тиймээс энэ хэд хоногт АН-ынхны харилцаа холбооны сүлжээ халтлаа ажиллаж байна гэсэн үг.
Харин томчуул нь том албан тушаалын яриагаа энд тэнд ширээ дүүрэн хоол өрж, зоог барьсан шиг хийж байна. Юутай ч Их хурал дээр С.Эрдэнийгээ АН-ын даргаар батламжлахад эсэргүүцэх хүнгүй болсон байна. Энэ үеэр АН-ын генсек хэн байх вэ гэдгийг тодруулах учиртай. Тэр эрхмийг намын дарга санал болгоно. Бидэнд ирсэн мэдээллээр АН-ын генсекийн суудлыг "Алтангадас” фракцдаа хуваарилжээ.
"Алтангадас”-аас хэн энэ албан тушаалд очих вэ гэдэг одоогоор тодорхойгүй байгаа. Гэхдээ Н.Алтанхуяг намын дарга, Ерөнхий сайд байсан учраас ингэж "доошоо орохгүй” гээд гэдийчихгүй бол генсек болж магадгүй гэнэ. Эс бөгөөс өөрөө Ерөнхийлөгчид нэр дэвшээд үзэж, урвалгүй шадарлаж үлдсэн цөөхөн хэдээсээ генсект зүтгүүлж ч магад юм байна. Ямар ч гэсэн "Алтангадас”-аас генсек болох нь ойлгомжтой болжээ.
Энэ намд өрнөж буй үйл явдлуудаас харахад Намын дарга /тэргүүн/-ыг авсан "Шонхор” болон Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн тэргүүлдэг "Алтангадас” фракц хамгийн хүчтэй байгаа ажээ. Тиймээс АН-ын даргын дараах хүч нөлөөтэй суудал гэж үзээд генсекийн албан тушаалыг "Алтангадас”-т хуваарилсан бололтой юм.
Их хурлаараа шийдэх ёстой дөрөв дэх асуудал бол Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулах ажил юм. Үндсэн дүрмийнх нь нэмэлт өөрчлөлтөд зааснаар бол Намын тэргүүн буюу дарга нь Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх тухай намын анхан, дунд шатны гишүүдийн саналд үндэслэж Их хуралдайд хэлэлцүүлнэ гэжээ. Үүгээр бол нөгөөдөр болох АН-ын Их хуралд С.Эрдэнэ дарга нь нэр дэвшигчдийг танилцуулна. Улмаар Их хурлын гишүүдийн нууц санал хураалтаар Ерөнхийлөгчид нэр дэвшигч тодорно гэсэн үг юм. Эхний хүн нь Р.Амаржаргал. Гэхдээ түүнийг намын шинэ дарга нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэх. Гэвч намын Их хурлын гишүүдийн санал хураалтад оролцох эрх нь бол нээлттэй. Хоёр дахь нь Д.Дорлигжав. Түүнийг Ерөнхийлөгчид өрсөлдөх бэлтгэлээ сэм базаагаад эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм. Гурав дахь хүн бол Н.Алтанхуяг. Магадгүй, Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ хамгийн түрүүнд мэдэгдсэн кандитат. Тэрээр намын даргын сунгаанд өрсөлдөөд ялагдсан ч Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ нуухгүй байгаа гэж байна. Дөрөвдэх хүн бол Х.Баттулга. Түүнтэй холбоотой асуудлыг хуулийнхан шалгаж байгаа. Гэвч энэ нь түүнийг Ерөнхийлөгчид өрсөлдөхөд саад болохооргүй болсон бололтой юм. Нэр дэвших магадлалтай тав дахь эрхэм бол П.Цагаан. АН-ын даргад өрсөлдөнө гээд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын ажлаа хүртэл өгсөн. Гэхдээ өрсөлдөөгүй. Харин энэ удаад нэр дэвшигчийг Намын даргынх шиг сунгаагаар тодруулъя гэсэн санал гаргаад байгаа. Хэрэв тэгвэл сунгаанд хүч үзэж магадгүй юм.
Эдгээр нэр дэвшигчдээс гадна Г.Батхүү, Лу.Болд нар яригдаж байсан ч нэр дэвших "шаанс” тэдэнд үгүй болсныг намынхан нь ярьж байна. Учир нь сая болж өнгөрсөн АН-ын даргын сунгааны үеэрх байр суурьтай нь холбоотой гэх юм билээ. Тиймээс дээрх таван хүн Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийн төлөө "сунах” магадлал өндөр байна.
Мөн АН-ын энэ Их хурлаар Үндэсний бодлогын хороо, Бодлогын зөвлөл, Ерөнхий зөвлөл, Хэрэг эрхлэх газар, Дотоод сонгуулийн хороо, Сахилгын дэд хороо, Үндсэн дүрмийн салбар хороо, Санхүүгийн хяналтын дэд хороо, Сонгон шалгаруулах хороо, Үндсэн дүрмийн хороо зэргийн гишүүдийг сонгох их ажил бас байгаа.
Түүнчлэн АН эв нэгдлээ хадгалах, адаглаад МАН-д, олон нийтэд эвтэй нам харуулах ёстой. Тиймээс нэгэн мэргэн санаа олсон нь АН-ын даргад нэр дэвшсэн дөрвийгөө намын дэд даргын суудалд урьж байгаа ажээ. Намын дэд дарга /тэргүүн/ нарыг АН-ын Их хурлаас хойш томилох юм. Хэрвээ Н.Алтанхуяг генсек болохгүй бол АН-ын дэд дарга болно гэсэн үг. Нөгөө талаар Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Л.Гантөмөр гурав бол дэд дарга болох нь тодорхой. Гурав, эсвэл дөрвөн дэд даргатай болж таарна.
Үүнээс гадна АН хэд хэдэн Нарийн бичгийн даргатай болж магадгүй байна. Үнэндээ АН-ын Нарийн бичгийн даргын тоо фракцуудын хуваарилалт, бяр чадлын нөлөөнөөс бол тогтох бололтой юм.
Эцэст нь, хоёр хоногийн дараа Монголын улс төрд өнөөдөр сөрөг хүчний байр суурьтай байгаа АН-ын хувьд түүхэн үйл явдал болно. Их хурлаа Их хуралдай, Намын даргаа тэргүүн гэж өөрчлөн нэрлэх нь сонин биш. Хамгийн гол нь уруудаж буй намынхаа нэр хүнд, байр суурийг тогтоон барих, чадаж байвал ахиулан дээшлүүлэх онцгой "шилжилт” хийх Их хурал болох юм.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин