АН-ын даргын сунгаа эхэлсэн үү?
Ардчилсан намын даргын сунгаа эхэллээ гэсэн мэдээллийг дагаад тус намын гишүүдийн эргэлзээ, бухимдал, шүүмжлэл хөврөх болов. Хоёрдугаар сарын 26-ны өдөр С.Эрдэнэ, Ц.Туваан нарыг намын даргаар болон намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэхээс татгалзсан Дээд шүүхийн шийдвэр гарсан ч тэд өөрсдийнхөө зам мөрөөр бүрэн эрхээ тодорхойлоод явж байна.
“Гуравдугаар сарын 28-нд явагдах Намын даргын сунгаагаас бусад сонгуулиуд хүчингүй гэж ойлгоорой” гэж Ц.Тувааны талаас намын гишүүдэд захисан үг, нөгөө талд С.Эрдэнэ “Дотоод сонгуулийн хорооны дарга асан И.Мөнхжаргал гэдэг хүн дур мэдэн намын даргын сунгаа зарлаад тэнд нь хүмүүс бүртгүүлээд явж байна. Гуравдугаар сарын 19, 20-нд АН-ын даргад нэр дэвшигчдийг бүртгэнэ. Дөрөвдүгээр сарын 25-нд санал хураалтыг цахимаар явуулна” гэсэн тайлбар дунд гишүүд нь хэнийг дагаж хэзээ санал өгөхөө мэдэхгүй төөрөлджээ. Намын даргын сунгаа зарласан ч намын даргад нэр дэвшигчийн дэнчин хураамжийг авах хууль ёсны данс Ц.Туваанд бус С.Эрдэнэд байгаа аж. Тэгэхээр өнөөдөр эхэлсэн гээд байгаа сунгаанд нэр дэвшигчдийн дэнчингийн мөнгөний асуудал гарч ирэх нь байна.
Цахим хуудас, вэб сайт нь хүртэл тусдаа АН-ын үл ойлголцол дунд төөрсөн гишүүд нь эцэстээ танай, манай дээрээ тулж, АН-ыг хуваагдаж хоёр нам болсон нь дээр гэлцэх боллоо. Орон нутгуудад бас намын хоёр удирдлага ажилладаг гэлцэх юм билээ. Ингээд л гишүүд нь салаа замын голд санал хуваагдах дээрээ тулан гацаж орхисон нь энэ. Харин намын хоёр толгой гишүүддээ найдаж, ямар нэгэн талцал хуваагдалгүй, нэгдмэл гэдэгт итгэдэг гэнэ.
Ийнхүү УИХ-ын гишүүн Ц.ТУВААН тэргүүтэй нэр дэвшүүлэх ажиллагаа, нөгөө талд С.ЭРДЭНЭ тэргүүтэй бас нэг нэр дэвшүүлэх ажиллагааны аль нь хүчин төгөлдөр вэ, АН-ыг төлөөлөх эрхтэй хуулийн этгээд нь хэн бэ гэдэг асуултын хариуг гишүүд, дэмжигчид нь хүлээж байна.
АН-ын тамганы асуудал одоо давж заалдах шатны шүүхэд маргаантай хэвээр байгаа юм байна.
DURSAMJ.MN