Интернэтээр захиалга авч, хаягаар нь архи хүргэх тохиолдол ихэсчээ
Баянгол дүүрэгт энэ сарын 16-нд буюу өчигдөр таван иргэн хордож амиа алдсан. Тэдний амиа алдсан шалтгаан нь архинаас болсон байж болзошгүй гэж үзээд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, болзошгүй эрсдлээс сэргийлэх зорилгоор энэ сарын 20-ны өдрийг дуустал архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг бүрэн хориглох шийдвэр гаргасан.
Гэвч зарим иргэд өчигдрөөс эхлэн архийг нууцаар худалдан борлуулж эхэлжээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагын алба хаагчид өчигдөр дээрх тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн шалгалт хийхдээ архи, согтууруулах ундааг иргэд сошиалаар дамжуулан холбогдож, хаягаараа захиалан худалдан авч байгаад үйлдэл дээрээ баригдсан хэд хэдэн тохиолдол бүртгэгджээ.
Тухайлбал, Дархан-Уул аймгийн харъяат Б нь "+21” фэйсбүүк группэд "..архи зарна…” гэсэн зар тавьж, улмаар Баянгол дүүрэгт байрлах нэгэн буудалд 12 шил архи, нэг шил виски хүргэж байхад нь цагдаа нар илрүүлжээ.
Мөн Баянзүрх дүүргийн VI хорооны нутагт иргэн С архи, пиво нууцаар зарж байгаад баригдсан байна. Зөрчил гаргасан газраас цагдаа нар "Улаанбаатар”, "Чингис”, "Сархад”, "Соёрхол”, "Голд Чингис” зэрэг 18 шил архи, 2.5 литр "Сэнгүр” пиво 22 ширхэгийг хураан авсан аж. Түүнчлэн Баянзүрх дүүргийн XIII хорооны нэгэн зочид буудлын захирал Б гэгч нь дөрвөн шил "Соёрхол” архи болон "Сэнгүр” пиво зарж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна.
Хэргийг цагдаа нар харъяаллын дагуу Баянгол, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хэлтэст шалгуулахаар шилжүүлсэн байна. Одоогоор цагдаа болон мэргэжлийн хяналтын байцаагч нар хамтран архи, согтууруулах ундаа зарж, үйлчилдэг 4346 аж ахуйн нэгж, 710 иргэнийг шалгаад байгаа аж. Мөн 175 байгууллагын үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрөлгүй таван байгууллагын үйл ажиллагааг зогсоон, 3949 байгууллагад мэдэгдэл өгч, 1393 шил архи, 3945 шил шар аргийг битүүмжилж, ажиллажээ.
Т.Гэрэл Zaluu.com