"Мэнгэ нь голлосон" Ардчилсан нам 2020 оны сонгууль хүртэл тэсэх л байгаа даа
Монголын улс төрийн хоёр дахь том хүчин гэгддэг Ардчилсан нам он гарсаар “барцад” ихтэй л байгаа харагдах юм.
Өчигдөр гэхэд л АН-ын хэсэг гишүүд дарга С.Эрдэнийгээ огцрохыг шаардаж, үүнийгээ 15 үндэслэлээр тодотгож байна билээ.
Буруу бүхний эхлэл “Бушуу туулай борвиндоо баастай” гэгчээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг бүлгийн нэгдмэл байр суурийг дагаагүй гэх үндэслэлээр намын гишүүнчлэлээс хассанаар салхи буруу эргэчихсэн юм. Энэ жаахан исгэрэлт тэр салхийг хөөрөгдчихсөн юм. УИХ-ын гишүүн Д.Болдын ирэх сонгуульд намаасаа нэр дэвших эрхийг хасч, үүнийхээ хариуд дахиад нэг гишүүнээ хаалганы гадна гарчихсан. Үүний уршгаар АН УИХ-д бүлэггүй болж, “гуниггүй ядуус” гэдэг шиг болчихоод байгаа. С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар МАНАН-гийн талаархи байр суурин дээр жинхэнэ утгаараа хасах оноо авч, намынхаа нэр хүнд, сөрөг хүчний сэрэмж сануулга, сүр хүчийг давхар хийсгэчихлээ.
Н.Алтанхуягийн хэлсэнчлэн “Адуу дагаж илжиг торжигнов” гэгч болж, МАН-ыг найтаахад авсан АН-ын “ханиад” одоо хүртэл илааршихгүй, харин ч архагших шинжтэй болж байна. Өмнөх долоо хоногт СХД-ийн намын байгууллагын шийдвэрээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаа намаасаа бас хасчихав. Одоо энэ намд ирэх жилийн сонгуульд нүүр тахлах лидерүүд хэр олон үлдэв гэдэг нь эргэлзээтэй.
Намаа ингэж хүчгүйдүүлсний хариуд гишүүд дэмжигчид нь нүүр буруулж намын гишүүнчлэлээсээ олноор татгалзах болов. Нэр нөлөө бүхий хүмүүс нь намын гишүүнчлэлээс гарч байгаагийн араас жирийн гишүүд нь жингийн цуваа шиг зам мөрөө гаргаж намаа орхиж байна.
Өнгөрөгч сарын 28-ны Ням гарагт АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж Хэнтийн нөхөн сонгуульд оролцох эсэхээ шийдвэрлэсэн. Үүнээс ганц хоёрхон хоногийн өмнө Баянзүрх дүүргийн АН-ын 100-аад гишүүн намаасаа гарсан билээ. Дээрхи хурлын үеэр гишүүд намаа орхиж байгаа асуудал ч бас яригдсан гэдгийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хэвлэлийн хурлын үеэр мэдээлж байв.
Намын дарга С.Эрдэнэ бодлого, ажил ярихын оронд Н.Алтанхуягтай хэвлэл мэдээллээр хэрүүл хийж хасах оноогоо цэн цэнгээр хуримтлуулж л сууна.
Н.Алтанхуягийн хэлсэнчлэн “Адуу дагаж илжиг торжигнов” гэгч болж, МАН-ыг найтаахад авсан АН-ын "ханиад” одоо хүртэл илааширахгүй, харин ч архагших шинжтэй болж байна.
Өчигдөр тус намын хэсэг залуучууд С.Эрдэнийг огцрох шаардлага тавих үеэрээ “С.Эрдэнэ бол нэг арга барилтай. Хүссэн хүнээ намаас хасдаг. Шүүмжилвэл намаас хөөдөг. Нэг хүний дарангуйллыг тогтоосон, коммунист нам болгож байна. АН-ын удирдлагууд ард түмний эрх ашгийн талд зогсож чадахгүй байна. Мөн намынхаа гишүүдийн үзэл санааг огт сонсохгүй байна” хэмээн тодотгож байгаа харагдана лээ.
Үг хатуу ч үйл хэрэгт тустай гэдэг. С.Эрдэнэ даргын хувьд гишүүдийнхээ шүүмжлэлийг хүлээн авч ажил хэрэгтээ тусгахын оронд нүд үзүүрлэж, хөөж туухаа урьтал болгодог бол энэ нам мухар гудамж руу явж байна гэсэн үг.
С.Эрдэнийг огцруулах шаардлага гаргаж буй хэсэг гишүүд нь мэдэгдэлдээ “Монголын улс төрийн манлайлагч хүчин Ардчилсан Намыг “МАНАН-МАФИ”-ийн хамсаатан болох С.Эрдэнэ удирдсан мөчөөс эхэлсэн улс төрийн алдаатай бодлого, үйл ажиллагаанаас үүдэн тус нам хагаран хуваагдаж, намын гишүүд, дэмжигчдийн итгэл алдарч, олон нийтийн дэмжлэг огцом буурч байна” гэдгийг онцолжээ.
Ардчиллаар овоглодог энэ нам дотоод мөн чанарт ардчиллын хэм хэмжээ алсарч, тогоон доторхоо гэртээ суугаад шийдэж чадахгүй, гишүүд нь хаалга саван гарч байгааг харахаар энэ янзаараа байвал АН 2020 оны сонгууль хүртэл тэсдэг л байгаа даа гэж бодогдмоор байна.
Гишүүдийнхээ дэмжлэгийг алдана гэдэг намын дарга хүн хамаг “капитал”-аа алдаж байгаагаас өөрцгүй.
Нам ингэж жирийн иргэдийн дунд байтугай гишүүд дэмжигчдийнхээ дунд нэр хүндээ алдаж, олон түмний ой санамжид бүдгэрч байгаа нь 2020 оны сонгуульд АН-ын харагдах бараа, мэдрэгдэх үнэлэмж хэр байх бол гэсэн асуултыг араасаа дагуулж байна.
М.Нэргүй