БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Сургуулийн орчинд байгаа засаж сайжруулах зүйлсийг харах хэрэгтэй

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Сургуулийн орчинд байгаа засаж сайжруулах зүйлсийг харах хэрэгтэй

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг өнөөдөр (2019.05.02) Отгонтэнгэр их сургууль дээр ажиллах хуваарийнхаа үеэр урьдчилан мэдэгдэлгүйгээр Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, багш, сурагч, эцэг, эхчүүдийн төлөөлөлтэй уулзав.

 

Сайд болон БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир нар хэд хэдэн ангиар орж, зургаан настнуудын хэрэглэж буй цүнх, сурах бичгийн чанар, тоо, хэмжээ, жинг биечлэн үзэв. Тус сургуулийн хувьд энэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн 10 бүлэгт 490 гаруй хүүхэд суралцаж байгаа бөгөөд 2019-2020 оны хичээлийн жилд 11 бүлэгт суралцах төлөвтэй байгаа аж. Нэг ангид дундажаар 40 гаруй хүүхэд хичээллэж байна.

 

Багш нарын их хурлын шийдвэрийн хэрэгжилт ямар байгааг тодруулахад “Бид их хурлын уриалга, шийдвэрийг багш нартаа танилцуулсан. Багш нарыг хичээлээс гадуурх ажилд дайчлах, сурагчдыг улсын төрөлжсөн олимпиадаас бусад уралдаан, тэмцээнд албадан хамруулах явдлыг зогсоосон” гэж сургуулийн захирал Б.Эрдэнэчимэг хэллээ.

Гэрийн даалгаврын ачаалал сурагчдыг залхааж, ядрааж байгаа гэсэн судалгаа байгаа, тухайлбал та хэр их даалгавар өгч байна гэхэд багш Я.Оджаргал гэрийн даалгаврыг бууруулсан, одоо долоо хоногт ямар хэмжээний даалгавар өгөхөө сургалтын менежертэйгээ зөвлөдөг болсон гэсэн юм.

10е ангиар ороход түүхийн хичээл дээр “Монголын эзэнт гүрний дараах Монгол Улс” сэдвийг үзэж байлаа. Тус ангийнхан мэдээлэл зүй, англи хэл, технологи, зураг зүйн номууд олдохгүй байгаа, гадуур худалдаан дээр 12-20 мянган төгрөгийн үнэтэй байдаг гэв. Сайд багш нарын өрөө, бага, дунд, ахлахын ангиудаар орсны дараа хэлсэн үгэндээ “Ялангуяа бага ангид яамнаас албан ёсоор зөвшөөрөөгүй нэмэлт номууд хэрэглэж байгааг анзаарлаа. Эдгээр ном сурагчдад нэмэлт ачаа, хичээл, даалгаврын ачаалал үүсгэж байгаа юм биш биз. Зарим ангид дөрвөн жил хэрэглэсэн сурах бичиг байна. Энэ нь чанар, үзэмж, эрүүл ахуй талаасаа зохисгүй юм гэдгийг онцлоод ирэх есдүгээр сарын 1 гэхэд сурах бичгийн хангамжийг сайжруулна гэлээ.

Бага ангийн багш Л.Даваасүрэнгийн удирдсан ангийн хүүхдүүд сургуульд ороод юу сурснаа эцэг, эхчүүддээ тайлагнах өдөрлөгийн арга хэмжээгээр зочлов. Хүүхдүүд Төрийн шагналт Бэгзийн Явуухулангийн “Би хаана төрөө вэ” найраглалыг бүрэн эхээр нь чээжилснээ уншиж өгсөнд сайд баяр хүргэж, амжилт хүсэв.

 


Ё.Баатарбилэг БСШУС-ын сайдаар томилогдсноосоо хойш багш, бага ангийн сурагчдын ачааллыг бууруулах, сургалтын цөм хөтөлбөрийн агуулгыг сайжруулах, сурах бичгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа билээ.

Тэрээр 48 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцсныхаа дараа “Жижиг гэлтгүй, сургуулийн амьдрал, хүүхдийн орчинд засаж сайжруулах олон зүйл байгааг үе үе харж, ахиц өөрчлөлт гарч байна уу гэдгийг хянаж явах ёстой. Өнөөдөр гэхэд энд технологийн хичээл, хими, физикийн лабораторийн тоног төхөөрөмж, хүрэлцээ хангамж сайнгүй байгааг харлаа. Энгийн ангид биш технологийн танхимд орсноор хүүхдүүд техник, технологийн сэтгэлгээтэй, гарын дүйтэй, багаж, тоног төхөөрөмжтэй харилцах мэдэгдэхүүнтэй, аюулгүй ажиллагааны ойлголттой болно. Хими, физикийн хичээлийг туршилтгүйгээр ойлгоход бэрх. Тэгэхээр бодлогын түвшинд анхаарах ёстой юм байна, нийслэл, орон нутагтайгаа ч хамтрах хэрэгтэй юм байна” гэсэн юм.

 

48 дугаар сургуулийн хувьд энэ оны зургадугаар сард шинэ спортын заалтай болно гэсэн хүлээлттэй, барилгын ажил нь ид өрнөж байна. 2018-2019 оны хичээлийн жилд тус сургууль дээр Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн 15 бүлэг буюу 700 гаруй хүүхэд хичээллэж байгаа юм. 21 дүгээр сургуулийн өргөтгөл энэ зундаа ашиглалтад орсноор 48 дугаар сургуулийн ачаалал, анги танхимын хүрэлцээ хэвийн байдалдаа орно. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen