Жирэмсэн эмэгтэйд яаралтай тусламж үзүүлэхээр явж байсан түргэн тусламжиын машинд зам тавьж өгөөгүй байна

Жирэмсэн эмэгтэйд яаралтай тусламж үзүүлэхээр явж байсан түргэн тусламжиын машинд зам тавьж өгөөгүй байна

 

Жолооч нар замын хөдөлгөөнд бусдыгаа хүндэтгэн, соёлтой оролцохыг уриалсаар бид олон жил боллоо. Гал унтраах болон яаралтай түргэн тусламж үзүүлэхээр яарч яваа автомашинд хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар зам тавьж өгөх үүрэгтэй. Гэтэл эл асуудал манай улсад хэрэгжихгүй байсаар л байна.  Тухайлбал, түргэн тусламжийн машинд зам тавьж өгөхгүй хэмээн явах замыг нь хаан зогсож байгаа бичлэг өчигдөр сошиалд нилээд шүүмж дагуулсан.

Зам чөлөөлж өгөөгүйгээс үүдэн яаралтай тусламж үзүүлж чадах хугацаа 10 минут бүү хэл 1 минут л хоцрох юм бол эрдэнэт хүмүүний амь нас аюулд учирна гэдгийг цэцэрлэгийн хүүхэд хүртэл мэднэ. Гэтэл нас биед хүрсэн хүн үүнийг үл тоож, хээв нэг өөрийнх нь зөв аятай маргалдаж зогсож байгаа бичлэг олон нийтэд цацагдаж, иргэдийн дургүйцлийг хүргэсэн юм.

Түргэн тусламжийн машин дуут дохио өгөн зам тавьж өгөхийг шаардаж байгаа боловч T.Prius маркийн автомашин эсрэг урсгал нь чөлөөтэй байхад мөн аргашаа ухраад түргэн тусламжийн машинд зам тавьж өгөх боломжтой байгаа нь  дээрх бичлэг дээрээс харагдаж байна. Гэсэн ч зам тавьж өгөлгүй зогссоор байна. Энэ хугацаанд хүний амь нас эрсдэх эрсдэл бий болохыг үгүйсгэхгүй. Бичлэг дээрх түргэн тусламжийн машин тухайн үед өвчтөнгүй байжээ. Учир нь найман сартай жирэмсэн эмэгтэй цус алдаж байна гэх яаралтай дуудлаганд явж байсан аж. 

Өвчтөнгүй явж байна гээд зам тавьж өгөөгүй байж болох ч цаанаа хүнд өвчтэй, яаралтай эмнэлгийн тусламж хэрэгтэй хүний амь насыг аврах гээд яарч явдаг гэдгийг мартаж болохгүй.   Миний хамаатан, эцэг, эх, үр, хүүхэд биш бол бусад нь хамаагүй мэт авир гаргах аминчхан үзлийн цаана хэн нэгний амь нас дэнжигнэж байдгыг хэзээ ойлгох юм бэ. Жолооч нар түргэн тусламжийн машинд зам тавьж өгөх нь битгий хэл тэдэнтэй эн зэрэгцэн урдуур нь дайрч, осол гаргах тохиолдол байнга гардаг гэхэд хилсдэхгүй. Хэдэн жилийн өмнө яаралтай дуудлаганд дуут дохиогоо өгөн явж байсан түргэн тусламжийн машинд зам тавьж өгөлгүй 10 гаруй минут орчим саатуулж, яаралтай тусламжийн эмч алхаж өвчтөнд тусламж  үзүүлж байсан тохиолдол гарч байсан билээ. 

 

АНУ-д Цагдаа, түргэн тусламж болон гал командын машинд заавал зам тавьж өгөх үүрэгтэй бөгөөд эдгээр тусгай үүргийн машинуудад зам тавьж өгөөгүй болон зам дээр багтахгүй үед бусад автомашиныг мөргөж, шүргээд явах эрхтэй. Ингэсэн тохиолдолд даатгалын компани оролцдоггүй, зөвхөн тухайн автомашины жолооч маш өндөр торгууль төлдөг. Тийм учраас жолооч нар нь маш хурдан эдгээр машинуудад зам тавьж өгдөг байна. 

Харин манай улсын хувьд тусгай албаны дээрээ цэнхэр, улаан гэрэлтэй дуут дохио дугарган замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашинд ямар ч тохиолдолд зам тавьж өгөх ёстой. Үүнийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх заалттай байдаг аж. 

Х.Соёл 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen