2050 он гэхэд далайн эргийн хотууд усанд автаж, шүрэн арлууд устахаар байна
Хүн төрөлхтөн уур амьсгалын өөрчлөлтийн талаар ярьж эхлээд мөн тэмцэнэ гэж амлаад нэлээд хугацаа өнгөрчээ. Мэдээж хүн төрөлхтний амьдарч буй гарагийн талаар яригдаж байгаа учраас үүнд ач холбогдол өгөх нь тодорхой. Гэхдээ хүн төрөлхтөн уур амьсгалын өөрчлөлттэй хийж буй дайнд ялагдаж байгаа талаар холбогдох албанынхан хэдийнэ онцлоод эхэллээ. Хүмүүс уур амьсгалын өөрчлөлтийн үндсэн шалтгаан болон гарах үр дагаврыг нь бүгд сайн мэддэг ч дэлхийн дулаарлыг эрчимжүүлж, уур амьсгалын өөрчлөлт хүрээгээ тэлэх олон сөрөг зүйлсийг хийсээр байгаа юм.
Анх 1988 онд НАСА-гийн эрдэмтэн, судлаач Жэймс Хансен уур амьсгалын өөрчлөлтийн талаар судалгаа хийж түүний судалгааны материалаас иш татан “Нью-Йорк Таймс” сонин “Дэлхийн дулаарал эхэллээ” нийтлэл гаргаж байжээ. Харин хоёр жилийн дараа “Эх дэлхийгээ аврахад 5000 өдөр үлдлээ” гэсэн нэртэй ном ч хэвлэгдэж байв. АНУ-ын “Institute for Public Policy Research” хүрээлэнгээс дэлхийг аврахад 10 жил үлдсэн талаар ч мэдэгдэж байв. 2015 онд Парисын хэлэлцээрийн үеэр дэлхийн олон орны сэтгүүлч “Дэлхийг аврах 100 хоног” нэртэй нийтлэл мөн л гарч байв. Үүнээс харахад уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийж буй бүхэнд дорвитой өөрчлөлт гарахгүй байна гэдэг нь харагдаж байгаа юм. Өнгөрсөн жил дэлхийн цаг уурын шинжлэх ухааны шинжээчид хамтран шинжлэх ухаан болон математик загварчлал дээр үндэслэн нэгэн судалгаа хийжээ. Тэдний хийсэн судалгаагаар 2030 он гэхэд нүүрстөрөгчийн хэмжээг одоогийнхоос нь хоёр дахин бууруулахгүй бол 2050 он гэхэд далайн эргийн хотууд усанд автаж, шүрэн арлууд устахаар байгаа аж. Хэдийгээр Парисын хэлэлцээр ёсоор дэлхийн улс орон бүрт нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах үүрэг өгсөн ч биелүүлээгүй тохиолдолд ямар нэгэн шийтгэл хүлээлгэх талаар тусгаагүй. 195 улс үндэстний харилцан тохиролцсоноор Парисын гэрээний дагуу энэ зуунд дэлхийн агаарын температурын өсөлтийг цельсийн хоёр хэмээс бага хэмжээнд байлгах, аж үйлдвэржилтийн өмнөх түвшинд температурын өсөлтийг 1.5 цельсээр хязгаарлахаар болсон. Түүнчлэн гэрээгээр улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шинэчилсэн төлөвлөгөөгөө таван жил тутамд танилцуулахаар болж, хөгжиж буй орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээнд зориулан 2020 он хүртэл 100 тэрбум ам.доллар хуримтлуулахаар болсон билээ. Гэхдээ энэ зорилтыг хэрэгжүүлж буй орон цөөхөн. Өнгөрсөн онд дэлхий дахины нүүрсхүчлийн хийн ялгарал 37 гитароноор өссөн гэсэн судалгаа гарчээ. Гэтэл хүн төрөлхтөн ердөө 11 жилийн хугацаанд нүүрсхүчлийн хийг хоёр дахин бууруулах шаардлагатай болоод байгаа. Өнгөрсөн 2016 оны байдлаар л гэхэд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн байгалийн гамшгийн улмаас 2975 хүн амиа алджээ. Ер нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор хүчтэй салхи шуурганы давтамж нэмэгдэж, хээрийн түймэр гарах нь элбэгшиж, цунами, хөрсний нурангийн давтамж ч нэмэгдэх болсон талаар холбогдох албаныхан онцолж байна.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хялбар боловч, үр дүнтэй аргууд
Хүн болгоны хэрэгжүүлж болохоор энгийн атлаа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чухал нөлөөтэй аргуудыг “CNN” агентлаг нэрлэжээ.
Хоол хүнс
Манай дэлхий дээрх нийт мал сүрэг хүлэмжийн хийн ялгаруулалтаараа гуравдугаарт бичигддэг байна. Ялангуяа үхрийн мах бага идэх нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамгийн үр дүнтэй арга байж магадгүй гэнэ. Түүнчлэн хоол хүнсний хаягдлаа бууруулах хэрэгтэй ажээ. Учир нь дэлхий дээрх нийт хог хаягдлын найм орчим хувийг зөвхөн хүнсний гаралтай хаягдал эзэлдэг байна.
Тээврийн хэрэгсэл
Дэлхий даяар тээврийн хэрэгсэл эрчимтэй хөгжиж, хүн бүр хүссэн газартаа богинохон хугацаанд очих боломжтой болсон ч онгоц, усан онгоц зэрэг нь их хэмжээний түлш зарцуулдаг бөгөөд үүнийг дагаад ялгаруулах нүүрсхүчлийн хийн хэмжээ нь нэмэгддэг. Тиймээс цахилгаан хөдөлгүүртэй машин хэрэглэж эхэлвэл нүүрсхүчлийн хийг нэлээд хэмжээгээр бууруулах боломжтой. “Project Drawdown’s” судалгааны байгууллагынхны явуулсан судалгаагаар дэлхий дээрх нийт машины ердөө 16 хувь нь цахилгаан хөдөлгүүртэй болвол агаар дахь нүүрстөрөгчийг 10 гигатонноор бууруулах боломжтой гэнэ.
Цахилгааны хэрэглээ
Сэргээгдэх эрчим хүчээр цахилгааны хэрэглээгээ хангах нь нүүрстөрөгчийг бууруулах хамгийн том боломж юм. Судлаачид нарны цахилгаан станц болон салхин паркийг хамгийн ирээдүйтэйд тооцож байна.
Эмэгтэйчүүдийн боловсрол, гэр бүл төлөвлөлт
Эмэгтэйчүүдийн боловсрол, гэр бүл төлөвлөлт яагаад уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойг олон хүн гайхаж байж магадгүй. Гэхдээ маш чухал нөлөөтэй гэнэ шүү. Учир нь эмэгтэй хүн боловсролтой болох тусам хүүхэд төрүүлэх нь буурдаг нь тогтоогджээ. Харин цөөхөн хүүхэд төрүүлнэ гэдэг хүн амын өсөлтийг удаашруулна гэсэн үг. Хүн амын өсөлт удаашрах тусам нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах боломжтой гэнэ. Түүнчлэн хөргөгч болон агааржуулагчийн хийг солих нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрэгжүүлж болох томоохон арга хэмжээ ажээ.
Эх сурвалж: https://edition. cnn.com/2019/04/21/world/sutterearth-day-climate-scn/index.html https://edition.cnn.com/interactive/2019/04/specials/climatechange-solutions-quiz/index.html