ХҮННҮГИЙН ШАГАЙ ТОГЛООМ

ХҮННҮГИЙН ШАГАЙ ТОГЛООМ

 

Товч агуулга: эртний хятад сурвалжид тэмдэглэгдсэн гэх тэмдэглэлээс шагай тоглоом нь Хүннүгийн үед байсан гэдгийг, мөн Монгол улсын нутгаас олдсон археологийн олдвороор давхар батлахыг оролдов.
Түлхүүр үг: эртний хятад сурвалж дахь胡人弹骨, монгол улсын нутгаас олдсон археологийн олдвор, шагай

Хан улсын үеийн Лю Ань-ий Хуай нань зы бичиг 11-р бүлэг, Чи-гийн ёс хэмээх бүлэгт “ 故胡人弹骨、越人契臂、中国歃血也,所由各异,其於信一也 ” гэсэн тэмдэглэл буй. Үүнийг монголчилбол, “... тиймээс Ху нар яс нясалж, Юэ нар мориндоо шивээс шивж, хятадад цус дусаан уудаг. Адил бус боловч нэгэн итгэлтэй байхад зориулагдсан буюу” гэсэн үг болно. Энэ тэмдэглэлээс харахад гурван адил бус үндэстний зан үйл нь бүгд итгэлтэй байхад зориулагдсан гэж тодорхойлсон бөгөөд үүний дотроос хойд зүгийн нүүдэлчид болох Ху нарын яс няслах зан үйл нь бидний анхаарлыг татаж байна. Энэ бичиг нь Хан улсын үед бичигдсан учир энд хэлж буй 胡人Ху нар гэж Хүннү нарыг хэлж байгаа нь тодорхой. 弹骨Яс няслах гэсний тэрхүү яс нь тэдний адуулан амьдардаг малын ясыг хэлсэн үг болох юм. 弹Няслах гэдэг гарын хуруугаараа няслах гэсэн санаа юм. Цаашид нарийвчлан үзвэл弹骨 хуруугаа нумлан чангалж шагайг нисгэх гэж тайлбарлаж болно. Тэрхүү нясалж буй яс нь хураагаар нясалж байгаа учир бог буюу гөрөөсийн зүйлийн амьтны шагайг хэлж байна. Жишээлбэл, хонь ямаа, аргал угалж, буга зүрийн шагай гэх мэт. Эртний хятадууд нүүдэлчин ахуй соёлыг таньж мэдээгүйгээс ийнхүү барагцаалан өгүүлсэн бололтой. 

ХҮННҮГИЙН ШАГАЙ ТОГЛООМ

Улаанбаатар их сургуулийн археологич Д.Эрдэнэбаатар Архайнгай аймгийн Эрдэнэ-Улаан сумын Балгасны тал дахь Гол мод-2 Хүннүгийн язгууртны булшинд малтлага хийжээ. Энэ Евроазид байгаа Хүннүгийн хаадын хамгийн том булш бөгөөд хоёр зуу гаруй язгууртан, энгийн иргэдийг дагалдуулсан булш бий. Үүнээс 30 дугаал булштай 1-р булшийг малтах явцад 3-р дагуул булшнаас хүүхдийн булш олдсон байна. Тэрхүү хүүхдийн булшнаас 200 гаруй тооны шагай олдсон бөгөөд дотор нь дөрвөн тамгатай шагай байв . 
1990 онд Ховд аймгийн Манхан сумын Танхилтын хотгор хэмээх газар дахь Хүннүгийн булшнаас хүүхдийн оршуулгын дэргэдээс 60 шагай олджээ . Ийнхүү Хүннүгийн үеийн булшнаас шагай дагалдуулсан олдвор нэлээд тохиолдоно. Өөрөөр хэлбэл, Хүннүгийн үед шагай буюу шагай тоглоом байжээ гэдгийг археологийн олдворууд баталж байна. 
Монголын нууц товчоонд Тэмүжин, Жамух хоёр анд барилдахдаа шагайгаар наадаж байсан бөгөөд Жамух, Тэмүжин анддаа шагай өгч байсан мэдээ бий. 
Дээрх жишээнээс харахад шагайгаар төлгө татах, наадах төдийгүй бас андгайлах ёсонд хэрэглэж байсан бололтой. Дээрх хятад сурвалжид нэгэн итгэлтэй байхад зориулагдсан гэсэн нь итгэл журам, андгай нөхөд барилдах гэдэгтэй холбоотой мэт.
Эцэст нь шагайгаар наадах нь Хүннүгийн үеэс улбаатай байжээ. Энэ тухай хятад сурвалжид точв бөгөөд тодорхой тэмдэглэл үлдээсэн байна. Мөн Монгол улсын нутаг дахь археологийн малтлагаас шагай нэлээд олддог бөгөөд эдгээр нь шагайг хэрэглэх, тоглож наадах зэрэг зан үйл нь одоогоос хоёр мянган жилийн тэртээ буюу Хүннү гүрний үетэй шууд холбогдож байгааг баталж байна.


Гол мод-2 Хүннүгийн булшнаас олдсон шагай


Гол мод-2 Хүннүгийн булшнаас тамгатай шагай

Ашигласан материал:
【西汉】刘安著《淮南子》,《中国古典名著百部--青苹果电子图书系列》,2001年,北京电子出版社出版。
Эрдэнэбаатар Д., Идэрхангай Т., Мижиддорж Э., Маратхаан А., Батболд Н., Галбадрах Б., Оргилбаяр С. Балгасан тал дах ГОЛ МОД-II-ын Хүннүгийн язгууртны булшны судалгаа. Улаанбаатар., 2015
Наваан Д. Хүннүгийн булшны үнэт шинэ олдвор. // ОУМЭ-ийн V их хурал. 3-р боть. Улаанбаатар., 1992.

 

Б. Батжаргал
/МУИС-ийн докторант/

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen