Мөнгө хэмнэх "энгийн" аргууд

Мөнгө хадгалах үр дүнтэй аргуудыг хайсаар л байна уу? Дийлэнх хүмүүс хадгаламж нээх нь хамгийн шилдэг арга гэж боддог. Гэвч өдөр тутамдаа гаргадаг илүү зардлуудаа танах нь мөнгөө хэмнэх чухал арга гэдгийг мэддэггүй. Ингээд илүү зардлуудаа танаж, мөнгөө хуримтлуулах аргуудыг танилцуулж байна.

ЗАРДАЛ ИХТЭЙ ЗУРШЛУУДААС ТАТГАЛЗ

Зардал ихтэй зуршил гэж юу вэ? Согтууруулах ундаа, тамхи бол хамгийн зардал ихтэй зуршлууд. Санал нийлэхгүй байж болох ч, сар, жилийн хэрэглээгээ бодоод үзээрэй. Бодсоноос их мөнгө зарцуулдаг гэдгээ та ойлгох болно. Дээрх хэрэглээнүүд нь үнэтэйгээс гадна, эрүүл мэндэд тань муу шүү дээ. Тиймээс энэ хэрэглээнүүдээ танах гээд үзээрэй.

ГЭРТЭЭ ДАСГАЛ ХИЙ

Фитнессд явах нь эрүүл амьдралын нэг хэсэг ч, фитнесийн сарын төлбөрт их мөнгө зарцуулдаг шүү дээ. Тиймээс youtube-д байгаа бичлэгүүдийг үнэгүй татаж, гэртээ дасгал хийж байгаарай. Үр дүнд нь та төсөөлснөөсөө их  мөнгө хэмнэж чадна.

БЭЛЭН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС ТАТГАЛЗ

Та сард өдрийн хоолондоо хэдэн төгрөг зарцуулдаг вэ? Бид цайны цаг, эсвэл хичээлийн завсарлагаанаар гадуур хооллодог шүү дээ. Харин өдрийн хоолоо гэртээ бэлтгэн авч явах нь мөнгө хэмнэх хамгийн үр дүнтэй арга. Өдөрт дунджаар 6000 төгрөг хоол авч идэхэд зарцуулдаг бол, сард 120 мянган төгрөг хэмнэх боломжтой юм.

ГЭРЛЭЭ УНТРАА

Бид энгийн, жижиг зүйлсийг анхаардаггүй. Тухайлбал, хэн ч байхгүй өрөөний гэрлийг асаалттай байлгах гэх мэт. Бид анхаарахгүй байгаа ч, цахилгааны зардал тань өндөр үнэтэй гарахад нөлөөлнө. Тиймээс гэрлээ унтрааж хэвшээрэй. Энэ нь таны хэтэвчнээс гарах мөнгөний хэмжээг багасгах болно.

ЧУХАЛ ЗҮЙЛДЭЭ Л МӨНГӨ ЗАРЦУУЛ

Худалдан авалт хийхээсээ өмнө үүнийг авах зайлшгүй шалтгаан надад танд бий эсэхээ бодоод үзээрэй.Бид онцын шаардлагагүй зүйл авахдаа мөнгө их үрдэг шүү дээ.

Ж.Хулан

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen