“Шударга бусын хонгил”-ын шинэ эздийн “ялын тогтоол”, шуналд төгсгөл байна уу?

Нэр бүхий гишүүд “Дуусдаггүй шаардлага” тавих бололтой. “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хэмээх тодотгол зүүсэн гурван гишүүн өнгөрсөн баасан гарагт ээлжит мэдэгдлээ хийлээ. Л.Болд гишүүн уг мэдэгдлийг уншиж танилцуулахдаа “...МАНАН бүлэглэлийг бий болгосон шударга бусын хонгилын гал хамгаалагч болох шүүх, прокурор, АТГ, Үндсэн хуулийн цэцийн удирдлагуудыг яаралтай огцруулах, чөлөөлөх асуудлыг УИХ-ын онцгой бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх...” шаардлага тавьсан юм. М.Энхболдыг огцруулчихвал шударга ёс тогтох юм шигээр сурталчилсан. Гэтэл одоо дараагийн албан тушаалтнуудад “Ялын төлөвлөгөө”-г уншиж, сандал суудалд нь өөрийн хүмүүсээ тавихаас наана шинэ эздийн шунал хүсэл хангагдахгүй бололтой. АТГ, прокурор, шүүх, Цэцийн удирдлагад унших “Ялын төлөвлөгөө”-г анзаарав уу? “МАНАН бүлэглэлийг бий болгосон”, “Шударга бусын хонгилын гал хамгаалагч” гэнэ шүү дээ. Өмнөх УИХ-ын дарга М.Энхболд жаран тэрбум, МАНАН, шударга бусын хонгилын асуудлаар “Ял” сонсож байсан болохоор сценари нь танил. “Хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна” гэж Ерөнхий сайд асан П.Жасрай гуай нэгэнтээ хэлж билээ. Хонгилын үзүүрт юу харагдаж байгааг “Шударга бусын хонгилоор ороод гарсан” гэх Н.Алтанхуяг, хамар Т.Ганболд нар л мэдэж байгаа биз. Хэлмэгдүүлэлтийн үед “Японы тагнуул”, “Эх орноосоо урвасан” гэх мэт олон нийтийг айлгадаг “Хадны мангаа”-тай байсан бол өдгөө тэр нь “МАНАН бүлэглэлийн толгойлогч”, “Шударга бусын хонгилын эзэн”, “60 тэрбумын загалмайлсан эцэг” гэх мэт шинэ нэр томьёогоор баяжив.

Шударга ёс гэдэг эрхэм үгийг “шодрогос” болтол нь элээсэн У.Хүрэлсүх түүнийг тойрон хүрээлэгчид үнэхээр шударга ёсны төлөө тэмцсэн үү, эрх мэдлээ нэмэхийн төлөө тэмцсэн үү гэдэг нь танигдаж эхэллээ. МАНАН бүлэглэлийн толгойлогчийг унагаж, эрх дархыг нь өвлөсөн МАН-ын дарга, Ерөнхий сайд, Ардчилсан намын угшилтай Ерөнхийлөгчийн шинэ холбоог “МАНАН-2” гэх үү? Үүнийг МАНАН гэхгүй юм бол өөр юуг МАНАН гэх билээ?

Ерөнхийлөгч Х.Баттулга эхний удаа овоо хараагаа АТГ-ын дарга Х.Энхжаргал руу чиглүүлж байсныг уншигчид маань санаж байгаа биз ээ. Ерөнхийлөгч ч нөлөөлөх эрхгүй, хараат бусаар ажиллах учиртай өөр нэг байгууллагын удирдлагад Ерөнхийлөгч Х.Баттулга хэрхэн үүрэг даалгавар өгч хэнийг барьж, юуг гэмт хэрэг гэж тооцохыг зааж зааварлаж байсныг нь олон нийт харсан. Бичлэг нь ч сошиалд байдаг.

Харин Ерөнхий прокурор М.Энх-Амгалан хариуд нь “Монгол Улсын прокурорын байгууллага зөвхөн хуульд захирагдаж, хэн нэгнээс хараат бус үйл ажиллагаа явуулна гэдгийг би энд хэлэхийг хүсч байна. Хэн нэгэн энэ гэмт хэрэг гэж ярихаар бид гэмт хэрэгт татдаг, хэн нэгнийг буруутай байх ёстой гэхээр тэр хүнийг буруутгадаг асуудал миний үед гарахгүй ээ. Би үүнийг та бүхнийхээ өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийнхөө өмнө хэлье. Би хэн нэг хүнийг хэлмэгдүүлж чадахгүй. Хэн нэг хүнийг хариуцлагаас мултлахгүй” гэж хэлсэн нь сошиалаар шуугиан тарьсан.

Ерөнхийлөгчийн үгийг сөрснийхөө төлөө Ерөнхий прокурор ээлжит ялын тогтоолыг сонссон байлгүй. “Уул шугамандаа бол” АТГ-ын дарга, Ерөнхий прокурорыг эрх мэдэлтнүүд дураараа халж солиод байдаг ч юм биш.

Тухайлбал, Прокурорын тухай хуулинд Прокурорын үйл ажиллагааны зарчим гэсэн хэсэгт хараат бус, бие даасан байх гэж заасан байдаг. “Хараат бус, бие даасан байх” гэдгийг “Прокурорын шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулахад нь хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, хууль бус шийдвэр гаргуулахаар дарамт шахалт үзүүлэхийг хориглоно” хэмээн тодорхойлжээ.

Уг хуулийн 46.1-д “Прокурорын байгууллагыг Улсын ерөнхий прокурор тэргүүлнэ. Улсын ерөнхий прокурорыг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөн, зургаан жилийн хугацаагаар томилно” гэсэн байна. Ерөнхий прокурорыг зургаан жилийн хугацаагаар томилдог нь учиртай. Ерөнхийлөгчийн нэг бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил шүү дээ. Ерөнхийлөгч болон бусад эрх мэдэлтэн прокурорыг дураараа халж солихоос ийнхүү сэргийлсэн хэрэг. Прокурорын тухай хуульд Ерөнхий прокурорын бүрэн эрх ямар тохиолдолд хугацаанаасаа өмнө дуусахыг заажээ.

Уг хуулийн 6.6.-д Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийн бүрэн эрх дараах тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэр гарснаар хугацаанаас өмнө дуусгавар болно:

46.6.1.Өөрийнх нь зөвшөөрснөөр өөр ажил, албан тушаалд томилсон, хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог албан тушаалд нэр дэвшсэн;

46.6.2.Гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон;

46.6.3.Эрүүл мэндийн байдлын улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэсэн байна.

Гэтэл одоо жагсаал цуглаан хийгээд шударга бусын хонгилын гал хамгаалагч энэ тэр гэсэн тодотгол зүүгээд дээр дурдсан эрхмүүдийг ажлаа өгөхийг шахаж шаардаж эхэлж буй нь “Ариун явдал уу”.

Даваа гарагийн өглөө "МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл" хөдөлгөөнийг дэмжигч иргэд болон бусад төрийн бус байгууллагууд Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалыг 72 цагийн дотор сайн дураараа огцрохыг шаардаж, тулган шаардах бичиг гээчийг гардуулжээ.

 

Уг тулган шаардах бичигт:

 

…Авлигагүй нийгмийг бүтээх эрхэм зорилгын дор байгуулагдсан энэ газар суурь зарчмаа баримтлан шударга ажиллахын оронд эрх мэдэлтнүүдийн дохио зангаагаар ажилладаг болсоор удаж байна.

Иймд хуулийн зарчмаас урван тэрсэлсэн, үйлдэл эс үйлдэхээрээ МАНАН бүлэглэлийн гол хамгаалагч АТГ-ын дарга Х.Энхжаргал таныг дараах гурван үндэслэлээр цаашид энэ албыг ажиллах ёс зүйн чадамжгүй гэж үзэж байна. АТГ-ын даргын үүрэгт ажлаас сайн дураар 72 цагийн дотор огцрохыг нийт Монголын шударга ёсыг эрхэмлэгч ард иргэд болон эх оронч төрийн бус байгууллагуудаас шаардаж байна" гэжээ.

Огцрох өргөдлөө 72 цагийн дотор өгөхгүй бол "МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн жагсаалыг Төв талбайд зохион байгуулах гэнэ. Шүүх, АТГ, Цэц хараат бусаар ажиллаж байж шударга ёсыг тогтоодог. Харин төрийн өндөрлөгт байгаа эрхмүүд тэднийг дуртай үндэслэлээрээ халж сольж, өөрийн гарын хүнээ тавиад байвал олон түмний тэгтлээ хүсэн хүлээсэн шударга ёс биднээс алсран одох вий.

УИХ-ын даргыг олонх нь дургүйцэж байвал сольж болох байх аа. Ерөнхий прокурорыг харин энэ жишгээр халж болохгүй нь тодорхой.

Үнэхээр шударга бусын хонгил гэж байдаг бол энэ хонгил нураагүй. Нураахын оронд өөрсдийн шинэ хонгилыг байгуулсан бол яах вэ?

Өмнөх МАНАН-г устгасны дараа шинэ МАНАН үүсчихвэл бид яах вэ?

Эсвэл өмнөх МАНАН-г эсэргүүцээд, одоогийн МАНАН-г МАНАН биш гэж үзэх үү?

Идэр есийн хүйтэнд Сүхбаатарын талбай дээр уурсан хилэгнэж жагссан жирийн иргэд У.Хүрэлсүх, тэдний гар хөл бологчдын эрх мэдлийн төлөөх тэмцлийн халхавч төдий ашиглагдсан юм биш байгаа. Тэд одоо ч сурсан аргаараа дахиад л иргэдийг жагсаал эсэргүүцэлд турхирч байгаа юм биш үү?

У.Хүрэлсүх ордонд тэмцэл өрнүүлж, бас ордны гадаа ч иргэний нийгмийн байгууллагуудын нэрийг барин шинэ холбоотныхоо хамтаар өргөн фронтоор эрх мэдлээ нэмэгдүүлж байна. Шударга бусын хонгилын шинэ эздэд сонгууль болтол иргэдийн төлөө ажиллах орон зай үлдсэн болов уу?

Чоно хэмээн андуурагдаж хэлмэгдэн, хоёр хоног “Баривчлагдаад” суллагдсан нохой хэрэв ярьдаг бол “Шударга бусын хонгилоор ороод гарч ирлээ. Эзэд нь солигдсон ч хонгил нь хэвээрээ үлджээ” гэх байсан байх даа.

INFOMONGOL.MN

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen