Дэлхийн хамгийн отгон суутан Рамарни Вилфрэд
Арван нэгэн насандаа Рамарни Вилфред хүү өөрийгөө Стивен Хокинг, Билл Гэйтсээс илүү өндөр IQ-тай гэдгээ мэджээ
Алдар цуут сансар огторгуй судлаач, профессор Стефен Хокинг нь 160 IQ-тай. Германы алдарт цуут физикч Альберт Энштэйн мөн 160 IQ-тай байжээ. "Микрософт" корпорацийг үүсгэн байгуулагч Билл Гэйтс ч ялгаагүй 160 IQ-тай. Телеграф болон гэрлийг зохион бүтээсэн Томас Эдисон 145 IQ-тай байв. Харин Рамарни Вилфред гэх хүү арван нэгэн насандаа 162 IQ-тай гэдэг нь тогтоогдсоноор дэлхийн хамгийн отгон суутан болсон билээ.
Анх Бирбек их сургуульд IQ тогтоох шалгалт өгснөөр өөрийгөө 162 IQ-тай гэдгийг мэдээд маш их гайхсан гэдэг.Гэвч түүний ээж Антэа, хүүгийнхээ шалгалтын хариуд огтхон ч гайхсангүй. Учир нь тэрээр хүүгээ үргэлж бусдаас онцгой гэдгийг мэддэг байсан байна. Арван найман сартай байхад нь үеийнх нь хүүхдүүд хөлд орж, алхаж сурч байхад Рамарни хүү ээжтэйгээ мэдээгээр үзсэн улс төрийн асуудлын талаар ярилцдаг байв. Тухайн үед түүний хамгийн дуртай ном нь “Encyclopedia” буюу Нэвтэрхий толь байсан гэдэг.
Түүний гоц оюун ухаан олны анхаарлыг татаж, түүнд дэлхийн оюун ухааны нийгэмлэг болох “Мэнса”-гийн хамгийн залуу гишүүн болж элсэх боломж олджээ. Уг нийгэмлэг нь дэлхийн 100 гаруй орны гишүүддээ зориулж оюун ухаан, мэдлэг авьяасаа хоорондоо солилцож, илэрхийлэх боломжийг олгодог байна. Албан ёсны гишүүн болохын тулд хатуу шалгалт хяналтын дор тусгайлан бэлтгэсэн шалгалтад нийт хүн амын шилдэг хоёроос дээш хувьд багтах үнэлгээг авсан байх ёстой.
Гэвч, залуу суутан Рамарни “Өндөр IQ-тай байх нь тийм чухал зүйл гэж бодохгүй байна. Гэхдээ “Мэнса”-д гишүүн болж элсэх урилгыг авсандаа маш их талархаж байна” хэмээн өөрийнхөө бодлыг илэрхийлсэн байна. “Энэ бол миний хувьд маш олон үүд хаалгыг нээх гайхалтай боломж. Гэхдээ би өндөр IQ-тай байлаа гээд үүнийгээ ашиглаж онцгой зүйл хийж чадахгүй л бол чухал зүйл биш гэж боддог ” гэж нэмж хэлсэн байна. Дэлхийн хамгийн отгон суут ухаантан бусдын адил Окфордод суралцахыг мөрөөдөж, астро физикч болох хүсэлтэй, мөрөөдлийнхөө төлөө зүтгэж буй гэнэ.
Энэ тухайгаа “Би шинжлэх ухааны бидэнд олгодог бүх зүйлд дуртай. Бага байхаасаа эхлээд л энэ чиглэлээр суралцаж, ажиллахыг хүсдэг байсан. Би түүх болон тоонд маш их хайртай. Өөрийн дуртай зүйлсийнхээ араас хичээн зүтгэж, хувь хүнийнээ хувьд өсөн дэвшихийн тулд би Оксфордод суралцаж физикийг судалмаар байна” гэжээ. Мөн “Ирээдүйд миний жинхэнэ суут ухаантан болох цаг үе ирэх байх. Харин одоогоор миний хувьд ээж, эгчийгээ баярлуулж, надаар бахархаасай гэж хүсч байна” гэж өөртэй итгэлтэйгээр хэлсэн байна.
Eagle.mn