Бизнес нь өргөжин тэлж www. pcpop. com гэсэн домайн нэрээ Брэнд болгон бүртгүүлсэн залуу
Мөнхийн сүлжээ
Майкл Делл 19 насандаа Техасын их сургуулиа орхин Dell Computer Corporation-ийг үндэслэн байгуулсан билээ. Билл Гейтс оюутан байхдаа алдарт Microsoft корпорацийг байгуулсан.
Ли Сян мөн тэдний нэг жишээ ажээ. Дээд сургуулиа орхиж, эцэг эхийнхээ сургамжыг умартан, өөрийн сонирхолын дагуу чөлөөт цагаа Web сайт бүтээхэд бүрэн зарцуулдаг байсан нь хожмын тэрбумтан болох замыг зассан байна.
Бээжин хотоос холгүй, Хэбэй мужын Шижиажуан хотод төрсөн Ли Сян хүү компьютерийн "улаан фен" байлаа.
Тэрээр Мэдээллийн технологийн бүх сэтгүүлийг мөнгө хайрлахгүй худалдан авч шинэ мэдээлэл бүрийг цаг алдахгүй судладаг байв. 1999 онд интернетэд өөрийн сайтаа нээж, компьютерийн ертөнцийн шинэ, шинэлэг мэдээ мэдээллийн санг Хятад хэл дээр анх нээсэн байна.
"Би зөвхөн өөрийнхөө сонирхолд л үнэнч амьдрана" гэж шийдсэн Ли Сян сардаа 2000 юанаас доошгүй орлоготой болсонд аав ээж нь хүүгийнхээ сонголтыг арга буюу хүлээн зөвшөөрчээ. Түүний сайт 100000 гаруй гишүүнтэй болсон нь реклам сурталчилгааны компаниудын анхаарлыг татав.
Бизнес нь өргөжин тэлж, өндөр мэрэгжлийн баг бүрдүүлж, www. pcpop. com гэсэн домайн нэрээ Брэнд болгон бүртгүүлсэн нь залуу бизнесмений амжилтын гараа болсон юм.
2000 онд тэрээр Бээжинд ирж, 2004 он гэхэд түүний сайтыг 100 сая юанаар худалдан авах санал ирэв. Саналын хариуд "Би өөрийнхөө амьдралыг худалдаж болно гэж үү?" гэсэн хариулт өгч, татгалзсан байна.
2009 онд сайтыг нь 200 сая юанаар худалдан авах саналыг дахин Ли Сянд тавив.
"Өнөөдөр Интернетийн зах зээлийн 20 хувьд манай сайт үйл ажиллагаагаа явуулж байна. Ирэх жил 50% нь биднийг унших болно. Тэр цагт их сургуулийн тухай бодож болох юм" гэсэн хариулт өгсөн нь түүний сайтынхаа ирээдүй нь хир өргөн тэлж байгааг илэрхийлнэ.
Хятад хэлнээс орчуулсан Ц.Энхтайван