ЭЙНШТЕЙНИЙ ТАРХИНЫ НУУЦЫГ ТАЙЛАВ

ЭЙНШТЕЙНИЙ ТАРХИНЫ НУУЦЫГ ТАЙЛАВАльберт Эйнштейн нас барснаас 55 жилийн дараа ч эрдэмтэн, судлаачид түүнийг чухам юу тэгтлээ ухаантай болгосны нууцыг эрсээр. Харин тэдний дунд бусдаасаа илүү их хичээж, онцгой олон туршилт хийсэн нь патологич Томас Харви юм. Тэрбээр харьцангуйн онолын эцгийн сод ухааны нууцыг тайлахын тулд бүхнээ золиосолж, ажлаа ч, нэр төрөө ч алджээ. Харви хүссэн хариултаа олоогүй ч суутны тархийг судлах нөр их хөдөлмөрийнхөө явцад өөрөө ч мэдэлгүйгээр тархи судлалд онцгой хувь нэмэр оруулсан байна.

Шинжлэх ухааны нэрийн өмнөөс

Тэрхүү судалгааны түүх тун жигтэй бөгөөд өөд болсон суутан, хулгайлагдсан тархи, дүрсгүй эрдэмтэн, солиотой санаа зэрэг “гол дүрүүд”-тэй бөгөөд эдгээрийн нийлбэр эцэстээ тийм ч солиотой байсангүй. Түүхийн гол баатар суутан Альберт Эйнштейн 1955 оны дөрөвдүгээр сарын 18-нд АНУ-ын Нью Жерси мужийн Принстон хотын эмнэлэгт нас барсан юм.

Түүнийг амьсгал хурааснаас хэдхэн цагийн дотор уг жижиг хот сэтгүүлч, сурвалжлагчид болон шинжлэх ухааны салбарынхнаар дүүрч, дэлхий нийтийн анхаарлын төвд багтжээ. Эйнштейний үхэл хийгээд оюун ухааных нь нууцыг судлаачийн нэг Майкл Патернитийн хэлснээр тэр өдөр агуу их зөн билэгтэн эсвэл шашны тэргүүн нас барсан мэт уур амьсгал үүсч, заримынх нь хувьд галзуурсан мэт өдөр байсан гэнэ. Ялангуяа, Томас Харвигийн хувьд тэр өдөр онцгой “солиормоор” байжээ.

Тэрбээр Эйнштейний цогцост задлан шинжилгээ хийсэн бөгөөд тархийг нь нарийвчлан шинжлэхээр гавлаас нь салгажээ. Гэхдээ буцаахын оронд Харви Эйнштейний тархийг формальдегидтай саванд хадгалахаар шийдсэн байна. Их эрдэмтний хүү Ханс Альберт эцгийнх нь тархийг судлахыг өөрт нь зөвшөөрсөн гэж Харви хожим ярьсан ч Эйнштейний гэр бүл үүнийг үгүйсгэдэг. Гэхдээ зөвшөөрсөн ч бай, үгүй ч бай орчин цагийн шинжлэх ухааны түүхэн дэх хамгийн онцгой судалгааг хийхийг зорьсныхоо хувьд Харви ажлаа, хамтрагчдаа алдах нь тодорхой байв.

Тэрбээр эдгээрийг үл тоон тарийг хадгалахаар шийджээ. Патернитийнхээр түүнийг зөвтгөх ганц л тайлбар бий. Харви өөрийгөө шинжлэх ухааны өмнө их үүрэг хүлээсэн гэж үзсэн. Тэрбээр суутны тархийг эзэмших эрхээ урвуулан ашиглаж, Эйнштейний сод ухааны нууцыг тайлж чадах тэргүүлэх зэргийн невроанатомичид хандана хэмээн тооцжээ.

Суутны тархитай аялсан нь

Эйнштейний тархи ямархуу адал явдалт зам туулсныг мэдэх гэж тэсч ядан байсан Патернити 40 жилийн дараа л Харвийг олжээ. Тэд утсаар удаан ярилцсаны эцэст суутны тархийг Калифорнийн Беркели хотод амьдарч байсан ач охин Эвелинд нь буцаахаар болсон байна. Тэр үед Харви нас сүүдэр 80 гарсан, Принстоноос хэдхэн бээрийн зайд амьдарч байв. Патернитийг Мейн дэх гэрээсээ Принстонд машинаар хүрэхэд Харви хэдийнэ бэлэн болчихсон, түүнийг хүлээж байжээ.

Патернитийн дурссанаар Харви чухам алинд нь Эйнштейний тархи байгаа нь тодорхойгүй хэд хэдэн цүнх барьсаар машинд нь суужээ. Патернити хожим “Ноён Альбертийг авч явсан нь    буюу Эйнштейний тархитай Америкаар аялсан минь” хэмээх номондоо Харвитай Америкийн баруун эрэг хүртэл аялснаа, зам зуурт таарсан сонирхолтой, содон тохиол бүрээ нэгд нэгэнгүй бичсэн байдаг.

Тухайлбал, Канзас мужийн Лоуренс хотод саатахдаа Харвигийн хуучин хөрш, яруу найрагч Уиллиам С.Берроузтай тэд уулзжээ. Зам зуур Харви Патернитид шинжлэх ухааны өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд хэрхэн чармайснаа, Эйнштейний тархины дээжийг хэд хэдэн судлаач уруу илгээсэн тухайгаа ярьсан гэдэг.

Майонезний савтай зүйл

Харви онцгой тархины дээжийг зарим эрдэмтэн рүү хүсэлтээрээ илгээсэн бол зарим нь түүнээс суутны тархины бүтцийг судлах боломж олгохыг хичээнгүйлэн, зарим нь шаргуу гэгч нь хүсдэг байж. Тэдний нэг Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Мариян Даимонд их эрдэмтний тархинаас зүсч авсан дөрвөн өөр дээж Харвигаас гуйжээ.

Хатагтай Даимонд энэ тухай ярих дургүй бөгөөд 1985 онд Нью-Йоркт лекц уншихдаа л анх Харвигаас дээж хүссэнээ, Харви хариу хэлэлгүй удаж удаж гурван жилийн дараа л сая нэг илгээмж явуулсан тухай ярьжээ. Илгээмж нь майонезний сав байсан бөгөөд дотор нь их суутны тархины дээж байжээ.

1980-аад он гэхэд тархи судлал дахь ихэнх судалгаа нейон шинжлэлийн дүнд сайтар хийгдсэн гэдэгт эрдэмдтийн дийлэнх нь итгэлтэй байв. Харин Эйнштейний тархийг судалсан эрдэмтэд түүнд жирийн хүнийхээс цөөн нейрон байсныг тогтоожээ.

Даимондын баталснаар Эйнштейний тархины эс ихэнх хүнийхээс өөр буюу глия хэмээх эс аж. Нейроглия буюу глия нь цавуу гэсэн утгатай. Эйнштейний тархины эл онцлогийг нээхээс өмнө эрдэмтэд глияг тархины олон эд эсийг ердөө л нэгтгэх үүрэгтэй гэж бодож байв.

Глия ихтэйг анзаарсан тул Даимонд Эйнштейний тархинд астроцит, олигодендроцит зэрэг өөр төрлийн нейроглия бий эсэхийг судалжээ. Тэрбээр таамагласнаараа цавуут эсийн бусад төрлийг Харвигийн явуулсан дээжүүдээс олсон бөгөөд ялангуяа тархины төсөөлөл, дүгнэлт зэргийг хянадаг хэсэгт нь глия илүү олон байсныг тогтоосон байна.

Энэхүү нээлт шинжлэх ухааны хүрээнийхэн болон хэвлэл мэдээллийнхнийг шуугиулсан нь мэдээж. Гэхдээ АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн тархи шинжээч Дуг Филдсийн хэлснээр эрдэмтэд үүнийг хэрхэн тайлбарлах учраа олохгүй байсан гэнэ.

Тэр их астроцит тархины чухам тэр хэсэгт яагаад бөөгнөрөн байв гэдгийг өнөө ч хэн ч бүрэн тайлбарлаж чадаагүй. Гол нь астроцит Эйнштейний гоц ухаантай холбоотой гэдэг л олны анхаарлыг татжээ.

Өөр тархи

Тэгтэл 1990 онд Стэнфордын их сургуулийн судлаач Стивен Ж.Смит “Шинжлэх ухаан” сэтгүүлд бүхнийг өөрчлөхүйц судалгааны тайлангаа дэлгэжээ. Тэрбээр тэдгээр нууцлаг нейрон эрчим хүчний таталцал болон химийн “дохиоллын” нөлөөгөөр харилцдаг болохыг тархи, мэдрэл судлалын салбар дахь ихэнх эрдэмтний адил мэдэж байлаа.

Харин Смит энэ онолыг илүү “адтай” талаас нь харжээ. Астроцит магадгүй нейрон хоорондын “яриаг сэм сонсож”, тархины алс хэсэгт мэдээлэл түгээдэг байж мэднэ хэмээн тэрбээр бодсон байна. Хэрэв Смитийн зөв бол астоцит сурах, тогтоох цаашлаад гоц ухаантан байхад ч хамаатай байх магадлалтай гэсэн үг.

Тэрбээр таамгаа бататгахын тулд хулганы астроцитийг судалжээ. Түүний туршилтыг Филдс хүрээлэнгийн лабораторидоо давтсан байна. Бичил дуран авиад астроцит яг л шөнийн тэнгэрт түгсэн одод шиг харагджээ. Филдс тэрхүү “оддын” холбоосыг тайлахыг оролдохдоо астроцит хоорондын хурц тод гэрэл, нэгээс нөгөөдөө дамжуулж буй химийн “зурвасыг” харсан гэдэг.

Нээлтдээ эрдсэн Филдс Эйнштейний тархийг судалсан ажлаа шинжлэх ухаанд танигдсан тархины бүх бүтцээс огт өөр тогтоцтой тархи байдгийг баталсан онцгой судалгаа хэмээн зарласан юм.

Тэрбээр энэ тухай, нейроглиягийн тархины үйл ажиллагаа дахь үүргийн тухай “Өөр тархи” хэмээх ном бичсэн бөгөөд бүтээлдээ глия эсний судалгаа өнгөрөгч хоёр арван жилийн хугацаанд тархи судлалд хэчнээн их хувь нэмэр оруулсан тухай онцгойлон тусгажээ.

Филдсийн онцолсноор хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад одоо Эйнштейний суу билэгт астроцит онцгойлон нөлөөлсөн гэж хэлэхэд тийм ч хачин жигтэй сонсогдохоо больжээ.

Зорилго биелэв

Томас Харви Эйнштейний тархийг хулгайлсан түүхээр Филдсийн ном эхэлдэг. Гэвч Харви өөрийг нь шинжлэх ухаанд мөнхөлсөн адал явдалт түүхээ хэвлэлийн хуудаснаас уншиж чадаагүй юм. Тэрбээр 2007 онд өөд болжээ.

“Өөр тархи” номыг уншсан бол тэрбээр хэчнээн мэргэжлийн бус, буруу үйлдэл байсан ч их эрдэмтний тархийг хадгалах шийдвэр нь үеийнх нь болон хожмын судлаач, эрдэмтдэд хэр их тус болсныг мэдээд баярлах байсан нь лав.

Тэгсэн бол тэрбээр шинжлэх ухааны өмнө хүлээсэн үүрэг, бүхнээ золиослон байж өөртөө тавьсан зорилтоо биелүүллээ хэмээн сэтгэл нь ханах байсан гэж Патернити ярьжээ. Харин энэ бүхнийг эхлүүлсэн өнөөх хулгайлагдсан тархи Эйнштейний ач охинд хүрээгүй бөгөөд Эвелин эрдэмтэн өвөөгийнхөө үнэд хүрсэн тархийг өвлөхийг хүсээгүй аж.

Тиймээс Харви Америкийг хөндлөн туулсан урт аяллынхаа эцэст Эйнштейний тархийг Принстоны их сургуульд буцаан даатгажээ. Дэлхийн хамгийн алдартай тархи эзнийхээ өөд болсон хотод өнөө ч бий.

Онцгой тархины эзэн

Шинжлэх ухаанд оруулсан их хувь нэмрээрээ алдаршсан ч Альберт Эйнштейн этгээд хачин ааш авираараа мөн багагүй танигджээ. Түүний намтрыг бичигчид орчин цагийн их суутан муу сурлагатан байсан, оймс өмсөх дургүй байсан гэдгийг онцолсон байдаг. Эдгээртэй төстэй Эйнштейний тухай сонирхолтой таван баримтыг дор жагсаав.

  • 1952 онд Израилийн анхны Ерөнхийлөгч нас барсны дараа иүдийн шашинтнууд тусгаар улсаа удирдуулах хүсэлтээ түүнд уламжилжээ. Төрийн тэргүүний ажлаас тэрбээр татгалзсан бөгөөд шийдвэрээ дуулгасан хариу захидалдаа өөрийгөө олон хүнтэй ажиллахдаа маруухан гэсэн байна.
  • Анхны эхнэр Милева Маричаасаа гэрлэлтээ цуцлуулахын тулд “Би нэг л өдөр Нобелийн шагнал хүртэнэ. Надаас салахыг зөвшөөрвөл би чамд шагналынхаа мөнгийг өгнө” хэмээн ятгажээ. Марич зөвшөөрсөн бөгөөд нөхрөө гурван жилийн дараа Нобелийн шагнал хүртэхэд мөнгөн шагналаас нь хүртсэн байна.
  • Гурван нас хүртлээ хэлд ороогүй бөгөөд есөн настайгаасаа л жирийн хүүхэд шиг ярьжээ.
  • Хоёр дахь эхнэр Элса нь үеэл нь байв.
  • Оюун ухаанд нь нөлөөлж, шинжлэх ухаанд уруу татсан гол эд луужин байв. Таван настайдаа анх луужин харснаасаа хойш зүүнийх нь хөдөлгөөн болон чухам ямар шалтгаанаар зүү нь үргэлж зөв чигийг заадгийг гайхширч, ихийг ургуулдаг болсон гэдэг.

 

Г.Лхагвадулам

http://updown.mn/9091.html

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen