ӨЧИГДӨР Ч ОРК, ӨНӨӨДӨР Ч ОРК...

ӨЧИГДӨР Ч ОРК, ӨНӨӨДӨР Ч ОРК...

 

Өчигдөр “Зүрхэнд мөнхөрсөн аялгуу” монгол киноны дуунуудын тухай нэвтрүүлгийг Үндэсний ТВ-ээр Жанцанноров, Гүрбазар нарын хөтөлж, яриснаар үзлээ. Бас “Прагматизм & постмодернизм, Баясгалан & Ариунтуяа” шүүмж харлаа. “Патанжали Йога” судар таарсанд ганц хоёр хуудас сөхлөө. Ийм гурван юманд зэрвэс саатав. (Гэр зуураа ингэж л түгдэгнэж байдаг, мянга мянган уншигч, сонсогчийн л нэг юм, би). Жанцанноров гуай хөгжмийн зохиолч хэрнээ дууны шүлгийн талаар гүнзгий сайхан үг хэлж, дуу нэг бүрийн шүлгэн дээр ач холбогдол өгч, зохиогчийг нь дурдан ярингаа “Одоо ч та нар “Монголоороо гоёё” эд нар гээд л явчих юм байна ш дээ” гэж байна.. Гүрбазар үүнд хариулсангүй, өөр юм яриад явчихлаа.

“Прагматизм & постмодернизм, Баясгалан & Ариунтуяа шүүмж”-д 
“...Нийгмийн хөгжлийг хуваадаг шиг манай яруу найргийн хөгжлийг:
-Зэрлэг үе
-Бүдүүлэг үе
-Орчин үе гээд тоймлочихож болох байх.
Онгон зэрлэг үед бол аман ба эртний уран зохиолын баримтууд хамаарчих болов уу, бүдүүлэг үед яруу найраг хоолны талон болчихсон байсан социалист реализмыг оруулчихад яг зохино...
...Ингэснээр хүмүүний ертөнцийг ухаарахуйд эвдрэл гарч үндсэн төлөвт өөрчлөлт орсоор буй нь улам бүр тодорсоор байна. Ялангуяа монгол хүний. Ийм цаг үеийн уншигчдад мөнөөхөн люмпенпастухын уран зохиол (Хүрээ хөвгүүд), нүүдэлчдийн реализм (До.Цэнджав) хэмээн томьёолдог хөдөө нутгийн үзэмж, малчин ардын сэтгэл, наадмын болзоо, хадлангийн майханд учирсан хоёр, хонины бэлчээрт дэх уулзалт мэтийн үзэгдлүүд ямар ч сонирхолгүй болсон ба өнөөгийн уран зохиолд урбанизм, постурбанизм төлөвшлөө. Яруу найрагт их хотын дарамтаас, уг чанартаа амьдралаас юу хүсэх, юу санах, юу олох хийгээд юу гээхүйн мөн чанар, эргэцүүлэл алсын дуудлага гэрэлтэх нь байх үзэгдэл буюу....” гэсэн байна.

“Патанжали Йога” сударт “...Таны сэтгэл цаг үргэлж гадаад ертөнцтэй зууралдаж түүндээ хүлэгддэг. Нүд тань нээгдэхээр та харж байгаа зүйлдээ хүлэгдчихдэг. Үүнтэй адил та үнэртсэн, сонссон, хүрэлцсэн, амталсан болгонтойгоо зууралдчихдаг... бидний ухамсар тухайн хэлбэр дүрсийг өөр дээрээ хүлээгээд авчихдаг. Амьдралд та аз жаргал, ивээл өршөөл, баяр хөөрийг мэдрэх болгондоо ухамсартайгаар эсвэл ухамсаргүйгээр ажиглагчийн мөн чанарт байдаг. Бусад цаг үед сэтгэл оюуныхаа янз бүрийн төлөвт автаж, түүндээ хүлэгдэж байдаг” гэжээ.

Гэхдээ эдгээрээс миний хамгийн анхааралтай сонссон, уншсан нь мөнөөх монгол киноны дууны тухай нэвтрүүлэг. (Шүүмж, бас судраас илүү, зүрх сэтгэлдээ уянгалдаг энэ дуунуудыг шүтсээр яваа “Орк” л хүн юм болов уу даа, би...)

Дээхнэ үеийн дуунууд, тэр дундаа монгол киноны дуунууд ямар ч энгийн хэрнээ нандин, цээжний гүнээс байдаг юм бэ. “Ямар уудам юм бэ” энэ тэр гэлтгүй зүгээр л: 
“...Униар татсан уулсын дээгүүр
Усны шувууд ганганаад нислээ
Учралт чамайгаа ирлээ гээд 
Унтах нойрондоо зүүдлээд сэрлээ, би”,

“Нүдний үзүүрт зэрэглэсэн
Шаргын уудам говьд хө
Хайрын булаг бургилсан
Миний ээж минь суудаг юм хө...” гээд л урсчихсан...

“Цонхны цаанаас туяа туслаа 
Цочоод харсан чинь цоорхой байлаа...”

“Хадны завсар хавчуулагдсан
Халиуны зулзага хөөрхий өэ...”

Хөгжмийн хувьд бол мэдээж, маргашгүй. “Төгс юм гэж байдаггүй гэдэг, гэхдээ манай энэ хэдэн мундагчуудын дуу бол бараг төгс рүү дөхөж очно доо” гэж мөнөөх Жанцанноров гуайн хэлж сууна лээ.

Шүүмж, дуу, судар гурвын дундаас харжээ байхад өвгөд маань өөрийгөө ажиглаж чаддаг байж дээ гэмээр. Сэтгэл оюунаа таван мэдрэхүйгээсээ чөлөөлж, зүрхнийхээ төв, цөм хэсэг, оршихуйдаа буцаан авчирч ажиглагчийн байранд тавьчихдаг гэсэн үг... Бүх зүйлд зүрх сэтгэл баталгаа хүсдэгийг, энэ ертөнцөд хүмүүнийг гацааж тээглүүлдэг гол зүйлсийн нэг нь тэр баталгаа гэдгийг мэдэрдэг, баталгаа хайж, өөрөө өөртэйгээ тэмцэлдэхээс зайлсхийдэг, энэ орчлон бол хий төсөөлөл юм, өөр юу ч биш гэдгийг мэддэг, сэтгэл оюуны ямар нэг шунал, дургүйцэлгүйгээр тэр дотоод төвдөө, ажиглагч байдал уруугаа буцаж ирж чаддаг, бүх юм байгаагаараа байг гэж боддог, тиймдээ ч жинхэнэ оршихуйд ойр, олон “изм”-д харъяалагдахын зовлонгүй сайхан дуу төрдөг, төрүүлдэг байж дээ. Ийм л аялгуу дуугаараа өөрийгөө эрх чөлөөтэй, шив шинэхэн, бүрэн дүүрэн болж байгаагаа мэдрэхийн жаргал эдэлдэг тийм хүмүүсээс шүлэг, аялгуу аль аль нь зүгээр л урсалгүй ч яахав дээ. Цаг үе урагшилж, үзэл бодол, сэтгэлгээ, хандлага хуучирч, үг хэл гүнзгийрч салаалж, одоогийн юм зул, урьдын юм ул болж байдаг ч /дээрх гадаад үг үсэгтэй шүүмжид дурдсан шиг, гэхдээ бас тийм биш гэж маргамаар ч юм шиг/, оргүй хоосон, үзүүргүй тунгалагийг дүүргэн оршиж байдаг аялгуу эгшгийг өвс ногооны үнэр, хаврын униар, буцах шувуудын ганганаа, урсан өнгөрөх орчлонгийн явдал, амраг ээжийгээ санагалзах сэтгэлээс олж сонсдог, ямар ч цаг үед хүмүүний сэтгэлийг хөндөн байдаг, тэр гүн холын гэгээн мэдрэмж бол хуучрахгүй гэж боддог, одооны залуусын шоолдогоор, өчигдөр ч, өнөөдөр ч “Орк”-оороо үлдсэн хүн юм, би. Үнэндээ бол энэ дуунууд бүгд "бүдүүлэг үед" буюу "яруу найраг хоолны талон болчихсон байсан социалист реализмын" гэгдэх тэр үед зохиогдсон болохоор тэр л дээ...

 

 

Төртайван Цэрэндолгор 

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2727484134144631&id=100006492142869

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen