МАН төрийн 11 000 албан хаагчийг хууль бусаар халсан
АН-ын бүлгээс өнөөдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад мэдэгдэл хүргүүллээ. Тус намын бүлгээс хоёр асуудалд Ерөнхий сайдыг анхаарал хандуулахыг хүссэн байна.
Нэгдүгээрт, орон нутгийн сонгуулиар АН-ын ялалт байгуулсан 104 сумын 75-ынх нь Засаг даргыг томилоогүй байна. Ингэснээр сум орон нутаг удирдлагагүй эзгүйрч, малчид тариаланчдын өмнө шийдлээ хүлээсэн олон асуудал тулгарч байна.
Хоёрдугаарт, МАН-ын Засгийн газар байгуулагдсан цагаасаа эхлэн 11 000 төрийн албан хаагчийг хууль бусаар халсан байна. Тэдний гурван сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг өнөөдрийг хүртэл олгоогүй байна.
Тиймээс энэ хоёр асуудлыг яаралтай шийдэхийг Засгийн газрын тэргүүнээс шаардсан байна. Орон нутаг удирдлагагүй байснаас гарах аливаа хүндрэл, бэрхшээлийн хариуцлагыг Засгийн газар хүлээх ёстой хэмээн АН-ын бүлэг үзжээ.