Чой.Батзэвэг: Цаг хугацааны хүрдэн дунд олон зүйлийг сурч явна

Чой.Батзэвэг: Цаг хугацааны хүрдэн дунд олон зүйлийг сурч явна

 

Төв аймгийн Баяндэлгэр сумын Соёлын төвийн хөгжмийн багш, яруу найрагч, зохиолч Чой.Батзэвэгтэй хийсэн ярилцлагаа та бүхэнд хүргэж байна.

 

Сайхан өвөлжиж байна уу. Төрсөн нутаг усныхаа тухай та яриач.

= Сайхан өвөлжиж байна. Юуны өмнө танай сайтын хамт олонд баярлалаа. Би Архангай аймгийн Чулуут сумын унаган хүн л дээ. Тэр л нутгаас ажил амьдралынхаа гарааг эхэлсэн дээ. Ойрын хэдэн жил нутагтаа очиж чадахгүй л явна даа. Уулсын нөмөрт эрхэлж өссөн хүндээ бий.

Таны “ЖИМ” гэж нэртэй ном шинэ оны өмнө гарсан. Та шинэ номынхоо талаар манай уншигчдад ярьж өгөөч.

=Тиймээ. Оны өмнө өөрийнхөө бодож, санаж явсан. Яруу найргийн номоо гарлаа. Сэтгэлийн гүн аглагийн сууринд өөрийгөө бясалгаж бичсэн шүлгүүдээс бүтсэн. Уншигчид одоо үнэлгээ, дүнгээ өгөх байхдаа. Миний хувьд бол их л баяртай байна даа. Шүлэг бичнэ гэдэг бол өөрийгөө шинээр бүтээж байгаа хэрэг шүү дээ. Тиймдээ ч би өнөөдрийг хүртэл амьд яваа байх.

Чой.Батзэвэг: Цаг хугацааны хүрдэн дунд олон зүйлийг сурч явна

Та яруу найргийн тухай яриач.

= Яруу найраг бол миний амьд явах хамгийн том шалтгаан. Цуутай Чулуут нутгийнхаа өндөр, өндөр уулсын дунд салхи лимбэдэж суухдаа яруу найрагч болно гэж өөртөө зорилго тавиад өнөөдрийг хүртэл яруу найргийн үгийн увидасаар олны дунд өөрийнхөөрөө амьдарч, бүдчихдээ бүдчиж явна даа. Ээжийгээ, аавыгаа, нутгаа санахаар л өөрийн эрхгүй шүлэг бичиж, бичсэн шүлгийнхээ тухай бодож олны харцанд дунд амьдарч байна. Яруу найраг бол үгээр бүтдэг урлаг юм.

Та өнөөгийн нийгмийн тухай юу гэж боддог вэ?

= Цаг нь ирэхээр бүхэл зүйл хувьсан өөрчлөгдөнө. Өнөөгийн нийгмийн хүн төрөлхтөнд оюун санаа боловсрол, сэтгэл боловсрол хоёр л дутаад байна уу даа гэж өөрийн сэтгэл дотороо бодож явна. Муу нь сайныгаа идэж, сайн нь үнэнгээ мэрж идэж байна. Сайнаасаа илүү муу сэтгэл тээсэн хүмүүсээр энэ нийгэм дүүрчихсэн юм шиг заримдаа санагддаг. Цаг хугацаа нь дуусахаар нийгэм, хүн төрөлхтөн өөрчлөгдөх л байх даа. Энэ нийгэмд сандал ширээ, эрх мэдэл, өглөг, авлагын төлөө хүн нь хүнээ төлөөс болгож байна шүү дээ. Тийм болохоор нийгэмд буруу өгөх биш. Хүн та өөрийнхөө зан араншингийнхаа ааш авирыг л өөрчлөх цаг болжээ гэж би хэлнэ.

Та кино, жүжгийн зохиолч мэргэжилээр СУИС-ийг төгссөн. Одоо ямар ажил алба эрхлэж байна вэ?

Одоо Төв аймгийн Баяндэлгэр суманд хөгжмийн багшаар ажиллаж байна. Цаг хугацааны хүрдэн дунд олон зүйлийг сурч явна.

Та ойрын хугацаанд хийж бүтээж буй уран бүтээлийнхээ талаар сонирхуулаач?

Шинэ он гаргаснаас хойш эрчимтэйгээр уран бүтээл рүүгээ орж эхэлсэн. Ирэх хоёр сард багтаагаад “СҮҮДРИЙН САЛБАЛДАЙ” нэртэй жүжгээ Төв аймгийн Баяндэлгэр сумын Соёлын төвд тавихаар зохиолоо бичээд бараг дуусаж байна. Ийнхүү жүжгээрээ нийгмийн бүхэл асуудлыг хөндөж үзэгчдэд ухаарал, гэгээрэл, бясалгах, хүн хүн чанараасаа илүү мөн чанараараа амьдарч явааг харуулсан. Ийм ээдрээтэй амьдрал дунд жүжиг бичээд дуусаж байна. Энэхүү жүжгийг өөрөө зохиолыг нь бичиж, өөрөө найруулж тайзнаа тоглоно. Үзэгчид жүжгийг үзээд гарахдаа өөрөөсөө үнэнг олоод бие биеэнээ хайрлаж сурах, хүндэлж, энэрэх, сэтгэлийн их тайтгарал авах болно. Энэ жүжгээрээ би юуг харуулахыг зорьсон бэ гэвэл хүн мөнгө, эрх мэдэл, албан тушаалын төлөө бүгдийг мартаад өрөөл бусадтай тэмцэлдсээр хожим хойно юу ч үгүй үлдэж болдгийг л тод томруунаар үзүүлэхийг зорсондоо. Жүжиг тавигдснаараа кино, жүжгийн зохиолчийн мэргэжилээр төгссөн хэрэг бүтээж байгаа юм. Ирэх таван сард МУБИС-ийн Багшийн сургуулийг дуу хөгжмийн багшаар төгсөнө. Тэрнээс өмнө 4 сард аав ээжийнхээ унаган нутагт “Бууриа эргэсэн Монгол аялгуу” тоглолтыг зохион байгуулахаар миний хайртай дүү Өвөр Монголын залуу дуучин Я.Баянмэнд маань тоглолтын бүх найрууллагыг хийхээр бэлтгэл ажилдаа ерөнхийдөө орчихсон яваа. Нутагтаа ганцхан тоглолт хийх биш. Нутгийнхаа амьдралын түвшин тааруухан өрх толгой гурван өрхийг сонгож аваад иж бүрэн тавилгатай гэрийг бас бэлэглэнэ. Одоо бол судалгааныхаа ажилд явж байна. Мөн сургуулийнхаа дуу хөгжмийн багш А.Долгормаа багшийнхаа хөгжмийн дугуйланд нэмэр болохуйц хөгжмийн зэмсэг авч өгөхөөр болсон. Миний үеийн залуучууд унтаа байж болохгүй. Зоригтойгоор хийж чадах бүхэл зүйлээ өөрийнхөө хэмжээнд хийх ёстой шүү дээ. Тэгж гэмээн сайхан амьдарна.

Олон шавь нарыг төрүүлж байна уу? Та МУСТА шагналыг оюутан ахуй цагтаа авсан байдаг. Ер нь та шагналд хэр дуртай хүн бэ?

Олон шавь нар надаас жигүүрээ дэлгээд их урлагийн замд орж байна. Шавь нар сайн явахаар сэтгэл их баярлах юм. Би шагнал авах гэж энэ орчлон хорвоогийн дунд яваагүй. Цаг нь болохоор шагнал өөрөө эзнээ олоод ирдэг юм. Шагнал авна гэдэг нэг их  сайн зүйл биш. Өөрөөсөө илүү зүйлийг бүтээсэн хүнд л шагнал өгдөг байх. Батзэвэг Батзэвэгтээ л шагнал шүү дээ.

Та  ихэвчлэн юуны тухай илүү их боддог вэ?

Ээжийнхээ тухай их бодож явдаг хүн л дээ. Энэ орчлонд нэг л өдөр ижий минь надаас явчихвал уулс л надад хань болж үлдэх байхдаа гэж их бодно. Сүүлийн үед үхлийн тухай их бодож байна. Үхэл сайхан ч юм шиг санагдах үе ч гарах юм. Гэхдээ би ээжтэйгээ зуун жил хамт амьдарна гэж сэтгэлийн гүн аглагтаа бодож явдаг.

Ээжээ таныг л санана

Ээжээ таныг л бодно

Ээжээ таныгаа л үгүйлнэ

Ээжээ таныгаа л хүлээнэ

 

Ээжээ...

Энд хүйтэн байна

Ээжээ...

Бие даарч танд

Тэврүүлэхийг хүснэ...

 

Ээжээ...

Харанхуйгаас харанхуй

Өрөөндөө орох болгонд

Таныгаа л өөрөөсөө хайна...

 

Ээжээ...

Ээж

Ээжээ...

 

Тэнгэр туулж баралгүй

Энэ сар хээр хоножээ

Ээжээ...

 

Хагарсан зүрхээ

Эвлүүлэх гэж би

Энд амьдарч явна

Ээжээ...

Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Та бүхэнд ч гэсэн маш их баярлалаа. Ижийтэйгээ зуун жил хамт амьдраарай.

 

Ч.Мөнхбат 

ENE.MN

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen