“ГОВИЙН ТАВАН ГАЙХАМШИГ” ТӨСЛӨӨР ГОВИЙН БАЙГАЛЬ, ЗЭРЛЭГ АМЬТДЫГ ТАНИУЛНА

“ГОВИЙН ТАВАН ГАЙХАМШИГ” ТӨСЛӨӨР ГОВИЙН БАЙГАЛЬ, ЗЭРЛЭГ АМЬТДЫГ ТАНИУЛНА

 

“Тэд өмнө нь ингэж нэгдэж байсангүй. Урьд нь хэний ч зориглоогүй урт аянд тэд хамтдаа гарч байна...” хэмээн эхлэх нэвтрүүлэг хэдий нь сэтгэлд хоногшжээ. Энэ бол “Хүрээлэн” амьд ертөнцийн цуврал юм.

“Хүрээлэн” төсөл, “Энержи Ресурс” ХХК хамтран говийн байгалийг таниулах төслийн нээлт өнөөдөр боллоо.
 
Энэ төсөл нь “Энержи ресурс” компанитай хамтран говийн байгаль, зэрлэг амьтдыг таниулах телевизийн төсөл бөгөөд таван жилийн өмнө анхны нэвтрүүлгээ цацаж байжээ.
 
“Хүрээлэн” “Амьд ертөнцийн цуврал” Монгол орны байгаль зэрлэг амьтдын тухай 100 шахам дугаар тасралтгүй бэлтгэж үзэгчдэд хүргэсээр ийнхүү тав дахь жилтэйгээ золгож байна. Харин “Энержи Рерсурс” компанийн хувьд өмнийн говьд үйл ажиллагаа явуулаад 10 жилийн ойтойгоо золгож байна. Эдгээр ойг тохиолдуулан “Говийн таван гайхамшиг” цувралыг тус хоёр байгууллага хамтран бүтээхээр болсон байна.

Шинэ цувралаа шинэ хөтлөгчидтэй төдийгүй  шинэ техник хэрэгсэлтэйгээр эхлүүлнэ гэж “Хүрээлэн”-гийнхэн мэдэгдлээ.

Монголын говийг үзэгч олон нийт, цаашлаад улсын анхааралд хүргэх контентийг чанар, хийц, агуулгын өндөр түвшинд бүтээн таниулах энэ жилийн хүрээнд “Хүрээлэн” гэрэл зураг, дүрс бичлэгийн техник хэрэгслийг шинэчлэхээр болжээ.
 
Уг төслөөр нэг удаагийн хандив тусламж бус нийгэмд бодит өгөөжөө өгөх, олон нийтийн боловсролд зориулсан урт хугацааны хамтын ажиллагааг онцлон, компанийн нийгмийн хариуцлага хэмээх ойлголтыг жишиг болохуйц түвшинд төлөвшүүлэхийг зорьж байгаагаа онцлов. “Говийн таван гайхамшиг”  цуврал нэвтрүүлэг таван хөтлөгчтэй юм байна.
 
“Би Хүрээлэнг хөтөлнө”...Энэ үгийг “Никитон” хамтлагийн ахлагч, УГЗ Б.Батчулуун, шог зураач СГЗ С.Цогтбаяр, дэлхийн дээврийг эзэлсэн МУГТ Б.Гангаамаа, зохиолч, яруу найрагч СГЗ Г.Аюурзана, жүжигчин СТА Т.Бархүү нар хэллээ.

Эд нар таван өөр салбарын таван тод төлөөлөгч хөтлөж, үзэгчдэд хүргэнэ.
 
“Хүрээлэн” төслийн хамт олныг дэмжиж хамтарч ажиллана
 

“Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “Хүрээлэн төсөл тав дахь жилдээ хэрэгжиж байна. Монголынхоо бүх цэгт хүрч ховордсон байгаль, ургамал, ан амьтныг хадгалж үлдэх дүрс бичлэг, бусдад таниулах, эх орноо хайрлах сэтгэлийг дэмжих зорилготой төсөл гэж ойлгож байгаа. Уран бүтээлчдийн хувьд энэ контентийг олонд хүргэхэд техник технологи, мөнгө санхүү хэрэгтэй. Тиймээс тоног төхөөрөмжийг нь шинэчлэхэд санхүүгийн туслалцаа дэмжлэг үзүүлж хамтарч ажиллана” гэлээ.

 
Энэ төслийг сонирхолтой болгохын тулд уран бүтээлчдээр хөтлөгч хийлгэнэ
 

“Хүрээлэн” төслийн удирдагч У.Ганбаяр “Бид нар говийн бүс нутагт нэвтрүүлгээ хийнэ. Өөрөөр хэлбэл, говьд амьдардаг хөхтөн амьтан, жигүүртэн шувууд, түүх дурсгал, хөшөө, археологийн олдвор, байгалийн үзэсгэлэнт тогтоц гэх мэт говийн эко системийн тухай нэвтрүүлэг бэлтгэнэ. Энэ төслийг илүү хүртээмжтэй, сонирхолтой болгохын тулд уран бүтээлчдийг урьж хөтлөгчөөр оруулж байна. Говь их онцлогтой гайхамшигтай нутаг. Ховор амьтад ихтэй учраас сонгосон. Өнгөрсөн таван жилийн хугацаанд бид эрсдэл дунд явж ирсэн. Уул усанд явна гэдэг эрсдэл. Ирвэс хайгаад явахад уулын уруу унаж, аппарат хэрэгслээ эвдэх тохиолдол ч гарч байлаа.

Бидний байгальд аялах дуртай хэсэг нөхдүүд нийлээд байгаль хамгааллын чиглэлээр уран бүтээлээрээ дамжуулан олон нийтэд ойлголт өгөх үүднээс энэхүү төслийг эхлүүлж байлаа. Бусад улс оронд “national Geographic channel” зэрэг маш сонирхолтой контентууд байдаг. Манайд огт энэ төрлийн үндэсний контент байдаггүй. Тиймээс бид үүгээр мэргэшиж, ховордсон амьтдын тухай нэвтрүүлэг хийж, тэдгээрийн гэрэл зургийг хальсанд буулгаж, мөнхлөн үлдээхийг, үүгээр дамжуулан залуу үед эерэг хандлага бий болгохыг зорьсон.

Өнгөрсөн хугацаанд бид 160 гаруй мянган километр аялж, Монгол оронд тэмдэглэгдсэн 138 хөхтөн амьтны 70 шахам зүйлийг, 500 орчим нүүдлийн шувуудын 230 орчмыг судалж, гэрэл зургийг нь буулгасан байна. Мөн телевизийн 80 гаруй дугаар бэлтгэн хүргэсэн амжилттай ажилласан байна. Гэхдээ энэ бидний сэтгэлд хүрсэн хангалттай тоо биш. Бид анх эхлэхдээ сайн ойлголтгүй, төсөв байхгүй. Одоо эргээд харахад чамлалттай байдаг. Нэг амьтны зураг аваад түүнийгээ “нэг” гэж тоолоод л эхлүүлж байсан. Тухайлбал гөрөөс гэдэг амьтныг хаана амьдардаг хэрхэн үр төлөө өсгөж, үржүүлдэг, тухайн амьтны ангилал юу вэ зэрэг тэр бүгдийг нарийн судлаж, түүнийгээ “нэг” гэж тоолъё гэж зорьж байна. Энэ бүгдэд хүчтэй техник, хөрөнгө мөнгө хэрэгтэй.

“Энержи ресурс” ХХК говийн бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг уурхай учраас говийн бүс нутгийн тухай урт хугацааны дорвитой, үр өгөөжтэй нэвтрүүлэг хийх санал тавьсан. Зөвхөн ховордсон амьтан, байгалийн үзэсгэлэн төдийгүй хүн чулуу хөшөө дурсгал, археологийн олдворын тухай нэвтрүүлэг бэлтгэхийг хүссэн. Энэ маш сайхан санал байлаа. Хамтын ажиллагааны хүрээнд “Энержи ресурс” ХХК-аас говийн бүс нутагт ажиллах техник хэрэгслийг нийлүүлж байгаа юм. Хамтын ажиллагаа үр дүнтэй, өгөөжтэй байх болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
 
Гэрэлтэй гэгээтэй сайхан ажлыг эхлүүлж байгаад баяртай байна
 
 “Хүрээлэн” төслийн продюсер Буянбадрах “Миний хувьд их гоё ажил эхлүүлэх гээд зогсч байна. Сайтууд болон телевизээр янз бүрийн л хар бараан мэдээ их гарч байгаа энэ үед намрыг үдэж өвлийг угтаж байна. Хөмсөг зангируулж, бодол чилээсэн бараан мэдээлэл дунд аятайхан гэгээлэг өнгөлөг ирээдүйтэй ажлыг эхлүүлж байгаад баяртай байна. Манай “Хүрээлэн”-гээс “Энержи Ресурс” компанитай хамтран хэрэгжүүлж байгаа “Говийн таван гайхамшиг” цуврал цоо шинэ төслийг танилцуулж байна”
 
 
Эх орноо хайрлах, онгон дагшин байгалиа хамгаалах төсөл юм
 
Шог зураач С.Цогтбаяр “Хүрээлэн төслийг үздэг. Гэрэл гэгээтэй контент гэж хардаг. Энэ төсөлд хөтлөгчөөр орж байгаа нь нэр төрийн хэрэг. Мэргэжлийн гэрэл зурагчин Цацаатайгаа хамтарч оролцоно. Бид нар гадна дотны гайхамшигийг шогширдог хэрнээ эх орныхоо гайхамшигийг тэр бүр мэддэггүй. Эх орноо хайрлах, байгалиа хамгаалах сайхан төслийг эхлүүлж байна. Урт настай төсөл байх болтугай. Миний хувьд хөгшин настай хүн гүрвэл, могой хөөцөлдөж чадахгүй. Хад сүгний зураг авч хөтлөх даалгаварт нь оногдоосой гэж бодож байна. Өөрийнхөө боломжоор хичээж ажиллах болно” хэмээв.
 
 
Говийн тухай ойлголтыг үеийн залуустаа өгнө
 
 
Жүжигчин Т.Бархүү “Энэ төсөлд хөтлөгчөөр оролцож байгаад баяртай байна. Надаар дамжаад говийн тухай ойлголтыг авах байх. Хоёр ахыг хараад гэр орноо мартсан шинжтэй байдаг. Би халуун говьд явахаас айхгүй байна. Хамгийн гол нь ар гэр минь гайгүй байгаасай гэж бодож байна. Гэр бүлээ сайн сайн байлгах талаар гарын үсэг зурдаг юм билүү гэж бодож байна. Хамгийн их хүсч байгаа зүйл мазаалай, ирвэсийг амьдаар нь харчих юмсан. Говийн гайхамшигийг та бүхэндээ харуулах болно”
 
Би хорхой шавьжнаас их айдаг тул том амьтадтай хөөцөлдье
 
Уулчин Б.Гангаамаа “Уул тайлбарлах ёстой хүн гараг андуураад ороод ирлээ гэж бодож магадгүй. Гэхдээ андуураагүй анх санал тавихад дуртай хүлээж авсан. Би national Geographic-ийг их үздэг. Ер нь ан амьтан сонирхдог. Гэхдээ хорхой шавьж, гүрвэл могойноос их айдаг тул том амьтад болох янгир, аргаль, ирвэс зэрэгтэй нь хөөцөлдье гэж бодож байгаа шүү” гэв.
 
Үүрэг гүйцэтгэхээс илүүтэй жаргаж хийх ажил
 
Зохиолч Г.Аюурзана “Таван жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаар нь бахархаж байна. Хамгийн гоё байгалийг хамгийн гоё өнцгөөс харсан зургийг авдаг. Монголын сэтгүүлзүйд шинэ үзэгдэл болсон контентод хөтлөгчөөр оролцож байгаадаа баяртай байна. Энэ бол үүрэг гүйцэтгэхээс илүүтэй жаргаж хийх ажил юм.
 
Аялах дуртай, амьтанд хайртай
 
Дуучин Б.Батчулуун “Буянбадрах надад хөтлөгч хийх санал тавьсан. Үнэнийг хэлэхэд зурагт үзэлгүй таван жил болжээ. Энэ нэвтрүүлгийг үзээгүй мэдэхгүй байна.

Би зургадугаар ангиасаа хойш нохой тэжээж байна. Амьтанд дуртай, хайртай. Зарим үед бар яагаад тэжээж болохгүй гэж боддог. Чоно, шилүүс тэжээх юмсан гэж боддог.  Хээр явах аялах дуртай. Миний хобби аялал, амьтанд дуртай. Тиймээс хөтлөгчийн саналыг дуртай хүлээж авсан” гэв.




Говийг үзээгүй аялаагүй хүмүүс заг элсээр төсөөлдөг. Байгалийн олон янз бий. Таван бүлэгт хуваан 2019 оны хавар, зунаас МҮОНТ, Монгол НD зэрэг телевизээр дамжуулан хүргэх ажээ.



О.Сайхан
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen