Ц.Даваасүрэн сайдын дэмжсэн компиниудын тусгай зөвшөөрөл гарсаар байна уу
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнгөрсөн оны аравдугаар сард салбарын сайд болонгуутаа 11 дүгээр сарын 10-ны өдөр Сэргээгдэх эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл олгох ажлыг тодорхой бус хугацаагаар зогсоосон.
Өөрийн тушаалаар зогсоосон боловч эрчим хүчний зохицуулах хороон дээр сайдын дэмжсэн бичиг авсан компаниудын тусгай зөвшөөрөл гарсаар байна.
Үүнд, 2018 оны 3-р сарын 29-нд “Сайншанд салхин парк” ХХК-д 55 мватт, 2-р сарын 14-нд “Хөдөөгийн цахилгаан” ХХК-д 10 мватт, 11 сарын 30-нд “Ньюком солар энержи” ХХК-д 24мватт, 12-р сарын 21-нд “Грийн энержи девелопмент” ХХК-д 30мватт. Өнгөрсөн оны 12-р сарын 27-ны өдөр “Эм эн эм ти” ХХК-д 20мватт гэх мэтээр сайдын дэмжсэн компаниудын зөвшөөрлөө авчихжээ.
Энэ компаниудын зөвшөөрлийн талаар салбарын сайд нь 2017 оны 11 сарын 10-наас өмнө өгсөн компаниуд гэж тайлбарлах боловч өмнө нь П.Ганхүү сайдаас дэмжсэн бичиг авсан компаниудын тусгай зөвшөөрөл өнөөдрийг хүртэл гараагүй байна. Гэтэл яагаад зөвхөн Ц.Даваасүрэнгийн дэмжсэн бичигтэй компаниудын тусгай зөвшөөрөл гараад байгааг юу гэж ойлгох вэ.
Энэ талаар Эрчим хүчний яамны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Ийм зөвшөөрлийг хэт замбараагүй байдлаар олгосон байсан тул тусгай зөвшөөрөл олгохыг зогсоосон. Цэгцлэх шаардлагатай гэж үзсэн. Зөвшөөрөл гаргаад байна гэх асуудал худлаа. Тийм зүйл байхгүй” гэлээ.
О.Сайхан
Оллоо.mn