Харьд худалдагдсан ХАРМАГТАЙН ОРД газрын нөөцийн хэмжээ нэмэгджээ

Харьд худалдагдсан ХАРМАГТАЙН ОРД газрын нөөцийн хэмжээ нэмэгджээ

 

Хоёр дахь Оюутолгой гэх Хармагтайн орд сүүлийн үед олны анхаарлыг татаад байна. Тус ордны нөөц тун их. Тэр ч утгаараа дэлхийд Хармагтайн орд гайхагдаж, гадны томоохон компаниудыг хооронд нь алалцуулж байгаад нэг компанийн мэдэлд орсон гэдэг.

Австралийн хөрөнгийн бирж дээр ашигт малтмалын хайгуулын тайланг зохицуулдаг, Австралийн Нөөцийг тайлагнах тухай хууль тогтоомжийг хэлдэг/-ийн тайлангаар 1.533 сая паунд зэс, 2 сая унциас багагүй алт бүхий 203 сая тн хүдрийн нөөцтэй. Харин хамгийн өндөр агууламжтай хэсэг нь 0.47 хувийн зэс, тн тутамд 0.59 гр алт бүхий 56 сая тн хүдэр бий. Одоогийн байдлаар компанийн хайгуул хийсэн талбай нь нийт лицензийн талбайн бага хувийг эзэлдэг. Цаашдаа нөөцийн хэмжээ нэмэгдэх боломжтой гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна.

Тус орд нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт оршдог. Оюут улаан, Шар чулуут хэмээх хоёр ордыг өөртөө багтаасан бөгөөд Оюутолгойн ордоос хойд зүгт 120 километр зайд байрладаг.

Анх 1974 онд масштабын бүлэгчилсэн зураглалын явцад энэхүү ордын хүдрийн нөөцийг илрүүлсэн байна. Үүний дараа 1980 онд “Цагаан суварга” хайгуулын экспедици хайгуул явуулж, 484 мянган тонн зэс, 193 сая тонн хүдрийн нөөцтэй хэмээн тогтоож байжээ.

Тухайн үедээ техник эдийн засгийн үндэслэлээр (ТЭЗҮ) жилд 3.5 сая тонн хүдэр боловсруулж, хөрөнгө оруулалтаа  гурван жил, найман сарын хугацаанд нөхөх боломжтой хэмээн үзжээ. Тус ордын  тусгай зөвшөөрлийг 6647.05 га талбайд  Ашигт малтмалын газрын даргын 2010.09.03-ны №393 тушаалаар олгожээ.

Харин Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн 2010 оны долдугаар сарын 14-ний өдрийн ХХ-10-02 дүгнэлтээр 38.436 тонн алт, 348 мянган тонн зэсийн нөөцтэй гэж бүртгэж авсан байна. Тус алт, зэсийн ордыг 2013 оны есдүгээр сарын 27-нд гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Оюут-Улаан” ХХК ашиглахаар тусгай зөвшөөрөл авчээ. Улмаар 2015 онд ТЭЗҮ-г нь  батлуулсан байна.

Харамсалтай нь  Хармагтайн ордыг Австралийн хөрөн­гийн биржид бүртгэлтэй алт, зэсийн хайгуулын “Занаду майнз” компанийн эзэмшилд  буй. Өөрөөр хэлбэл энэ компанид худалдагдсан үг.  

Тус компани нь  2014 онд хамтын хөрөнгө оруулалт бүхий “Монгол металс” компанитай хамтран  “Туркойз Хилл Ресурс” компаниас  энэхүү ордыг 14 сая ам.доллараар худалдан авахаар гэрээлсэн гэдэг.

“Занаду майнз” компанийн 90 хувийг тус ордыг анх худалдаж авсан “Туркойз Хилл Ресурс” компани эзэмшдгийг Авст­ралийн хөрөнгийн бирж мэдээлсэн байдаг.

“Занаду майнз” тус ордыг 51 хувийг, Засгийн газар 34 хувийг нь эзэмшинэ гэж тохироо хийжээ. Уг компани нь 2005 оноос манай улсад үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 2011 оноос Австралийн хөрөнгийн биржид хувьцаагаа бүрт­гүүлж, манай улс дахь үйл ажиллагаагаа өргөжүүлжээ. Ингэхдээ 2011 оны  байдлаар  “Гал шар” нүүрсний,  Хутаг-Уул, Элгэн-Уул, Зос-Уулс зэрэг алт, зэсийн  ордуудын  төсөл дээр түлхүү ажиллаж, өрөмдлөг хийж эхэлсэн байдаг байна. Мөн Говь-Алтай аймгийн нутагт байрлах “Жавхлант” кокс­жих нүүрсний хайгуулын төслийг эзэмшихээр гэрээг эцэслэжээ.

Одоо­гоор “Занаду майнз” А буюу ашиглалтын лицензтэй бөгөөд Хармагтайн ордод хамаарах Шар чулуут, Оюут улааны зэсийн ордод хайгуул хийх гэрээтэй гэнэ.

Хэдхэн хоногийн өмнө “Занаду майнз” компани Хармагтай ордын нөөцийн төлвийг шинэчлэн тогтоосноо зарлажээ. Хайгуулын дүнд 2015 онд танилцуулсан нөөцийн дүнтэй харьцуулахад зэсийн агууламж 400 хувь, алтны агууламж 249 хувиар нэмэгдсэн гэж тус компани үзэж байна. Өөрөөр хэлбэл, Хармагтайн орд 1,9 сая тн зэс, 4,3 сая унц алтны нөөцийг тогтоожээ.

Монголчуудыг алтан дээр суусан гуйлгачид гэдэг. Байгалийн баялаг ихтэй нөөц газрыг нь гадныхан өөр хоорондоо гар дамжуулан зарж худалдаж байгаа. Манайхны орд газрууд бүгд гадны компаниудын мэдэлд очсон.  Ийнхүү монголчуудыг хэдэн үеэр нь тэжээх ёстой Оюутолгой харьд худалдагдсан бол араас нь Хармагтайн орд ч харь улсын хөрөнгө болсон нь харамсалтай.



 

О.Сайхан
Оллоо.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen