Эргэн дурсахуй: 54 хүний амийг нэхсэн өдөр

Эргэн дурсахуй: 54 хүний амийг нэхсэн өдөр

 

Лас Вегас хотноо зэвсэгт халдлага болоод нэг жил өнгөрчээ. Энэ талаар  “www.telegraph.co.uk” сайт ийнхүү мэдээллээ. 

 

Яг жилийн өмнө Стефэн Крэйг Пэддок гэх 64 настай эр ямар ч шалтгаангүйгээр иргэд рүү гал нээж, иргэдийг хохироосон юм. Уг үйл явдлын улмаас 54 хүн амиа алдаж, 527 хүн шархадсан түүхтэй. Лас Вегас хотноо амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ зохион байгуулагдлаа. 

 

Харамсалтайгаар амиа алдсан иргэн бүрийн нэрийг дуудаж, хүндэтгэл үзүүлсээр байна. Трамп амиа алдагсдад хүндэтгэл үзүүлж “Энэ бол биднийг нэгдмэл биш байгааг илтгэсэн үйл явдал. Нэг нэгнээ хөнөөх энэ мэт үйлдэл намайг бухимдуулж байна” гэж мэдэгджээ.

 

Пэддок 2017 оны аравдугаар сарын 1-ний 20.00 цагийн орчимд АНУ-ын зугаа цэнгэлийн хот гэгддэг Лас Вегас хотноо байрлах “Mandalay Bay” гэх тансаг зэрэглэлийн зочид буудлын 32 давхраас гал нээсэн юм. Тухайн үед зочид буудлын өмнөх талбайд амьд хөгжмийн тоглолт зохион байгуулагдаж байсан учир олон хүн ХОХИРОГЧ болжээ.  Амьд хөгжмийн тоглолт үзэхээр 22 мянган хүн нэг дор цугларсан байв. 

 

Пэддок халдлага үйлдэхээр урьдчилан бэлдсэн болохыг гэрчлэх зочид буудлын хяналтын камерын бичлэг болон гэрэл зургуудыг нийтэд дэлгэсээр байна. Тэрээр халдлага үйлдэхээсээ нэг долоо хоногийн өмнө “Mandalay Bay” зочид буудлын өрөөг захиалж, бага багаар зэвсгээ өрөөндөө оруулж тавьж байжээ.  Цагдаагийнхан уг өрөөнд нэгжлэг хийхэд 18 төрлийн галт зэвсэг олж, хураан авчээ. 

 

 

Уг халдлага АНУ-ын түүхэнд хамгийн их хүний аминд хүрсэн халдлагын 2-т бичигддэг. Эхнийх нь 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр “Аль Кайди” бүлэглэлийнхэн барьцаалсан онгоцоороо худалдааны ихэр цамхагийг мөргөж, 3200 хүний аминд хүрсэн. Дараах нь Пэддокийн үйлдсэн Лас Вегасын халдлага болжээ. 

 

Пэддок ямар ч өршөөлгүйгээр иргэд рүү гал нээсэн ба дахин хүний аминд хүрэхээр буугаа цэнэглэж байхад цагдаагийнхан түүний толгой тус газар руу нь буудан хөнөөсөн аж. Дональд Трамп Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээн аваад хэдхэн хонож байхад Лас Вегас хотноо цус урссан юм. Тэрбээр тухайн үед “Мария” хар салхинд өртөж, их хэмжээний хохирол амсаад буй Пуэрто Рико улсад тусламж үзүүлэх асуудлаар албаныхантай уулзаж байжээ. 

 

Ерөнхийлөгч тухайн үед маш их цочирдож, хэсэг хугацаанд ганцаараа байхыг хүссэн хэмээн албаныхан өгүүлж байв. Цагаан ордны ойрын эх сурвалж “Лас Вегас хотноо 50 гаруй хүний аминд хүрсэн халдлага боллоо” гэхэд Ерөнхийлөгч маш их цочирдсон. Тэрбээр хэсэг хугацааг ганцаараа өнгөрүүлсний дараа хэвлэлийн төлөөлөгчөөсөө “юу хэлэх вэ” гэж асуусан” хэмээн “CNN” агентлагт ярьжээ. 

 

Пэддок яагаад, ямар шалтгааны улмаас зэвсэгт халдлага үйлдсэн нь өнөөг хүртэл НУУЦ байна. 

 

Тэрээр нягтлан мэргэжилтэй, олон саяын хөрөнгө эзэмшдэг нэгэн аж.  Мөн тэрээр хоёр нисэх онгоц, гурван тансаг зэрэглэлийн харш эзэмшдэг юм. Түүний бүх хөрөнгийг экс эхнэр болон охин нь авчээ.  

 

Пэддок 20 гаруй жил казиногийн тоглоомд донтож, уг донтолт нь түүний амьдралын хэв маягийг өөрчлөн, түргэн ааштай нэгэн болжээ. Пэддокийн эцэг нь 1968 онд нэг бус удаа шоронгоос оргож, цагдаагийн байгууллагын ОНЦ НОЦТОЙ гэмт хэрэгтэн бүртгэлд багтаж байжээ. Тэрээр банк дээрэмдэж байсан гэнэ. Гэхдээ тэрээр сэтгэцийн хувьд тогтворгүй, ял эдлэх боломжгүй гэх шалтгаанаар шоронд бус гэртээ насан эцэстлээ байсан гэдэг. 

 

Иракийн хэт даврагч “Исламын” бүлэглэл Пэддокийг Аллахын ариун дайчин хэмээж, халдлагыг захиалсан гэдгээ мэдэгдэж байв. Гэхдээ уг мэдэгдлийг зүгээр л сүрдүүлэг хэмээн АНУ-ын Холбооны мөрдөх товчоо үгүйсгэжээ. 


Б.Дэлгэрцэцэг

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen