Нөхөн сонгууль хойшилж магадгүй юу

УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах улс төрийн нөхцөл байдал үүсээд байгаа. Энэ асуудлыг хаврын чуулганаар амжиж хэлэлцэн, ирэх аравдугаар сарын 7-нд  зохион байгуулахаар товлосон. Нөхөн сонгуульд 228.9 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байдаг. СЕХ-ноос   42 дугаар тойрогт явагдах сонгуулийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг хэлэлцэж баталсан.  Зохион байгуулах ажлын цаг хугацааны хуваарийг нарийвчлан гаргаж, Хэнтий аймгийн сонгуулийн хороог есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулаад байна. Мөн  улс төрийн намууд өөрийн нэр дэвшигчээ дотооддоо сонгож, хуулийн хугацаандаа буюу  сонгууль болохоос нэг сарын өмнө танилцуулахаар бэлтгэж байна.  Ямар намаас хэн нэр дэвших вэ гэдэг нь улс төрийн хүрээнд хамгийн сонирхолтой асуудлын нэг юм. 

 

Нөхөн сонгууль хойшилж магадгүй юу

Ёс зүйн зөрчил гаргаж гэмт хэрэгт татагдаад байгаа гишүүнээ түдгэлзүүлж, нөхөн сонгуулиа зарлаж, нэр дэвшигчдээ  тодруулж, нөхөн сонгуулийн асуудал дүрмийн дагуу  явж байхад бас  хэн нэгэн асуудал яриад гараад ирэв.  Дахиад нэг улс төрийн эрх ашиг нөхөн сонгуулийг хойшлуулж магадгүй нөхцөл байдаг үүсээд байна.  Үндсэн хуулийн цэцийн отгон гишүүний нэг Д.Солонго энэ асуудлаар СЕХ-нд хандаж албан бичиг илгээлээ. Нөхөн сонгуулийн товыг зарласан УИХ-ын 62 дугаар тогтоол Үндсэн хууль хууль зөрчсөн байж магадгүй гэж үзжээ.  Албан бичигт УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын 62 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж зарим хуульч үзэж байна.  Монгол Улсын иргэдийн сонгогдох эрхийг зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэцэд гомдол нэр бүхий иргэнээс ирсэн. Уг гомдлыг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэхээр бэлтгэж байгаа.  Энэ асуудлаар хуралдаан хийхээс өмнө  СЕХ-ноос тайлбар авах шаардлагатай байгаагаа албан бичигт илэрхийлжээ.  

 

Ийнхүү  УИХ-аар сонгуулийн товыг зарласан нь Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт буюу энэ заалтад  “Сонгуулийн жил” гэж дөрвөн жил тутам явагдах ээлжит сонгуулийн жилийг нэрлэнэ,  “Нэр дэвшүүлэх нийтлэг журам” гэх 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсэг буюу нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ нэр дэвшүүлэх нийтлэг журмаас гадна дор дурдсан журмыг баримтална гэх заалтад тайлбар өгөхийг хүссэн байна.  Мөн Сонгуулийн тухай хуулийн  41.1.Төрийн аудитын дээд байгууллага сонгуулийн тойрогт нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг уг тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, хүн амын тоо зэргийг харгалзан санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө тогтооно.  41.2.Төрийн аудитын дээд байгууллага сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө тогтооно гэсэн заалтыг зөрчсөн гэжээ. Энэ мэт асуудлаас болж ирэх намар Хэнтийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явагдахгүй нөхцөл байдал үүсч мэдэхээр боллоо.

Түүнчлэн Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигч төрийн албан хаагч байж болохгүй гэсэн зохицуулалт байгаа. Өөрөөр хэлбэл, сонгууль болох жилийн нэгдүгээр сард ажлаа хүлээлгэж өгсөн байх ёстойг хуульчилсан гэсэн үг. Энэ нь 45 дугаар тойргийн нөхөн сонгуульд төрийн албан хаагчид нэр дэвших эрх үүсэхгүй гэсэн бас нэгэн хуулийн зөрчил бий боллоо гэж гомдол гаргасан иргэд үзжээ.  СЕХ-ноос  дээрх албан бичигт наймдугаар сарын 30-ны дотор хариу өгөх юм байна.  Үүний дараа хуулийн цэцийн хуралдаанаар нөхөн сонгуулийн товыг зарласан УИХ-ын 62 дугаар тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шийднэ.  Энэ асуудал шийдэгдтэл нөхөн сонгууль хэзээ болох нь тодорхойгүй байх  нөхцөл байдал үүсээд байна. Тэр болтол Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн сонгогчид хууль тогтоох байгууллагад төлөөлөлгүй байна гэсэн үг. 2016 оны сонгуулийн дүнгээс харвал тус тойрогт  13  мянга сонгогч саналаа өгсөн. Тэгэхээр ийм хэмжээний сонгогчид төрд төлөөлөлгүй байж, тэдний дуу хоолой бүдгэрнэ.  Энэ нь угтаа сонгогчдын эрх ноцтой зөрчигдөж байгаа хэрэг байж мэдэх л юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Т.БАТСАЙХАН

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen