ӨӨРИЙН ХҮЧЭЭР ТЭРБУМТАН БОЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТООГООРОО БНХАУ ДАХИН ТЭРГҮҮЛЖЭЭ
БНХАУ эмэгтэй тэрбумтнуудын тоогоороо дахин дэлхийд тэргүүлсэн байна. Зөөврийн компьютер болон ухаалаг утасны нүүрийг хийхэд ашигладаг шил үйлдвэрлэдэг пүүсийг үүсгэн байгуулсан Зоу Кунфэй 9.8 тэрбум америк долларын хөрөнгөөрөө өөрийн хүчээр тэрбумтан болсон дэхийн хамгийн баян эмэгтэй болжээ. Түүний "Lens Technology”компани нь Apple, Samsung зэрэг томоохон технологийн компаниудтай гэрээтэй ажилладаг байна. Ядуу буурай гэр бүлээс гаралтай хатагтай Зоу энэ оны эхээр танилцуулсан Форбес сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтанд багтаж байсан юм.
2012 оноос дэлхийн баячуудын жагсаалтыг гаргаж буй "Хурун” нэртэй тайланд багтсан 50 эмэгтэйн 28 нь Хятадын тэрбумтнууд байгаа аж. Зоу Кунфэйгийн дараа Хятадын баруун хэсгийн Чунчин хотын үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгч Ву Яжун 9.3 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө, гуравдугаарт мөн үл хөдлөхийн чиглэлээр бизнес эрхлэгч Чэнь Лихуа 8.1 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө оржээ.
Өөрийн хүчээрээ тэрбумтан болсон бусад орны эмэгтэйчүүдийн хувьд АНУ-ын дээвэр болон цонхны томоохон нийлүүлэгч ABC supply компанийг үүсгэн байгуулагч Дианэ Хэндрикс багтсан байна. Мөн Вьетнамын VietJet агаарын тээврийн компанийн гүйцэтгэх захирал Нгуен Тхи Пион Тао 2.8 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө, дэлхийн тэрбумтнуудын жагсаалтанд шинээр оржээ. Харин Хятадтай дүйцэхүйц хүн амтай Энэтхэг улсаас ганцхан эмэгтэй буюу эм, эмэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Биокон компанийн захирал Киран Мазумдар-Шау багтсан байна.