Баабар: Хогийн сав

 Баабар: Хогийн сав
Энэ чинь юу вэ!?? Хогийн саван дотор миний зүрх байна уу даа?
Эх орны маань өнөөгийн хөгжлийн баталгаа, бэлэг тэмдэг болсон сүрлэг сүрлэг өндөр барилгуудын дундуур сэтгэл тэнүүн алхнам. Мянга мянган цонхноос ойх нарны туяа нүдийг минь гэхээсээ сэтгэлийг гялбуулах нь юутай бахархам. Гэтэл нүдэнд минь гэнэт эвгүй юм туслаа, юу гэвэл энэ сайхан гял цалыг эвдэх гэсэн юм шиг өмд гутлын тасархай, хагархай лонх, хоосон лааз, дутуу мөлжсөн яс, хаа гуя нь салчихсан хүүхэлдэй зэрэг есөн шидийн новш амсраараа сагуулан цувуулсан ёнхгор том хар хогийн сав өмнө минь хөндөлдөнө. 
Хогоо дор дор нь ачдаггүй хот тохижуулахынханд, хэрэггүй новшоо замбараатайхан хаяж сураагүй орчны оршин суугчдад ялимгүй уур хүрэн, сэтгэл бага зэрэг хөрсөн авч "манай үеийн бахархал болсон сүрлэг орд харшийг энэ муу ганцын зэрэг хогийн сав гутаах нь гайгүй хэвтэнэ, ажиглахгүй л бол барав” хэмээн өөрийгөө тайтгаруулав.

Гэтэл юу вэ! Хогийн савны амсар хөндөлдөөд хэн нэг хүний зүрх хэвтэж байх юм. Бүр амьдаараа… цохилоод байж байдаг байгаа? Хэн нэг нь нөгөөдөө өгсөн хэрэг… цаадах нь…

Уул нь зүрх гэдэг манай монголчуудын эр зоригийн эрхтэн билээ. Нэг үгээр хэлбэл зүрх нь мянга мянган жилийн турш зоригийг нь авч явсан, магадгүй ертөнцийн хагасыг байлдан дагуулахад гол үүрэг гүйцэтгэсэн ч байж болох юм. "Зүрх үхэх”, "зүрх хүрэх”, "том зүрх гаргах”, "зүрх гэж чулуу” гэж одоо хэр нь хэлдэг нь чухамхүү энэ өнгөрсөн сэтгэлгээгээ хэл яриандаа авч үлдсэний гэрч болов уу. "Зүрхний хийтэй”, "зүрх өвчтэй”, "зүрх хөөрүү” гэж ярьдаг нь зүрхэндээ гаазтай, эсвэл зүрхний импарктай гэсэн санаа огт биш, харин өөрийн ухаангүй, ухаан зориг хоёр нь тусдаа явдаг хүн гэсэн үг.

Ардын хувьсгал ялснаас хойш бидний зүрх сайн сайхан юманд зориулагдах боллоо. Учир нь аль гуч дөчөөд оны үед "Зүрхний амраг чи минь Зүүднээс ердөө салдаггүй” гэж дуулалдан, зүрхийг хайр дурлалд зарж эхэлсэн билээ. "Зүрхээ чамдаа тушаая” гэсэн чамин үг аль хэдийнээ яруу найргийн түүврээс халиад амны нь салиа арилаагүй адгийн бандийн хэлдэг үг болжээ. "Эцэс сүүлд нь шархалсан ерэн есөн зүрх”, "зүрхэнд шивсэн зүү” мэтийн хэллэг жорлонгийн хана, хаалганы самбар, сурагчийн тэмдэглэлийн дэвтэр… ер нь хаал бол хаана тааралдана. Чинжаалд дүрүүлээд цус дуслуулж буй зүрхний зураг ямар нэг юмнаас айжээ гэсэн сэтгэгдэл төрүүлдэггүй биз дээ?
Бид одоо зүрхээ сэтгэл харамгүй өгч авалцан солилцож байна. "Би чамд дурлаж байна, чамдаа зүрхээ өгье, зүрхийг минь ав” хэмээн дотор нь шатсан хархүүгийн хашгирах, тэчъяадсан бандийн уухилах, дуралсан хүүхний шивнэх, байж ядсан охины бувтнах дуун дөрвөн зүг найман зовхист сонстоно. Зүрх өгч авалцах ажил нь трактор комбайны бүхээгт, үйлдвэрийн суурь машины дэргэд, уурхайн гүнд, хонины билчээрт, сургуулийн танхимд, Сүхбаатарын талбайд, хотын цэцэрлэгт, голын цэнгэлдэхэд, орцны үүдэнд… ер нь сайхан эх орны маань өнцөг булан бүрд буцалж байна.

Энэ олноос би юугаараа дутах билээ. Өнчин зүрх минь хэдий болтол өрөөсөн явах болж байна гэж бодоод би өчигдөр дуралсан ганц амрагаа гэрээс нь дуудаж гаргаж ирээд өмнө нь цээжээ хага яран зүрхээ суга татан өгсөөн. Хэдийгээр одоо цээжиндээ цохилох зүрхгүй ч түүнээ хайрт янагтаа өгчихсөн юм шүү гэж бодохоор сэтгэл нэг л сайхан.

Энэ чинь юу вэ!?? Хогийн саван дотор миний зүрх байна уу даа? Мөн байна! Дүрээрээ! Зүүн ховдол дээрээ тод хар мэнгэтэй, яг мөн байна! Аа муу п…и…з…д… а – аа – ааа – аааа - ааааа!!!
 
Баабар

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen