Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв таван хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгалаа
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч нарын баг амьд донороос элэг шилжүүлэн суулгах тав дахь удаагийн дурангийн мэс заслаа амжилттай хийжээ.
Тус төвийн Ерөнхий мэс заслын тасгийн мэс заслын эмч Б.Онон, БНСУ-ын “Самсунг медикал” төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах тасгийн профессор Ким Жон Ман тэргүүтэй багийн гишүүд мэс заслын үр дүнгээ танилцуулсан юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэмжлэгийн дүнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 4.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр шинэ төв ашиглалтад орж, дурангийн болон бичил мэс засал, мэдээгүйжүүлэг, лабораторийн багаж, тоног төхөөрөмжтэй болсон юм.
Энэ нь элэг шилжүүлэн суулгах мэс засал хөгжих, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи нутагших, хүмүүсээ сургаж бэлтгэх зэрэгт томоохон дэмжлэг болсныг эмч нар ярилаа.
Мөн төвийг богино хугацаанд ашиглалтад оруулах, өвчтөн, донорын аюулгүй байдлыг хангах, мэс заслын үр дүнг сайжруулах, эрхтэн шилжүүлэх мэс заслын хүлээгдлийг багасгах, гадаад руу зорих иргэдийн урсгалыг бууруулах, эх орондоо дэлхийн чанартай тусламж, үйлчилгээ авах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр тууштай дэмжлэг үзүүлсэн Ерөнхийлөгч болон Тамгын газрын хамт олонд талархал илэрхийллээ.
Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв 2022 оноос бэлтгэлээ хангаж, өнгөрсөн гуравдугаар сард анхны мэс заслаа хийсэн бөгөөд элэг шилжүүлэн суулгуулсан таван хүн, доноруудын биеийн байдал сайн, эмнэлгээс гарч хяналтад байна.
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв ирэх оноос элэгнээс гадна бөөр, уушги, нойр булчирхай шилжүүлэн суулгах, робот мэс засал нэвтрүүлэх, 2028 он гэхэд 50 мэс засал хийж, улмаар амьгүй донороос элэг шилжүүлэн суулгахаар төлөвлөжээ.