Чингис хаан хэзээ төрсөн бэ?

Чингис хаан хэзээ төрсөн бэ?

 

Эзэн Чингис хааны мэндэлсэн он, сар, өдрийн талаар түүхчид, эрдэмтэн мэргэд тогтсон ойлголттой болоогүй атал Ерөнхийлөгчийн зарлигаар "Их эзэн Чингис хааны мэндэлсний ой - Монгол бахархлын өдөр"-ийг бид тэмдэглэж ирсэн. Чингис хааны мэндэлсэн улирлыг өвлийн улиралд хэмээн үздэг эрдэмтдийн саналаар Ерөнхийлөгч ийм зарлиг гаргасан нь мэдээж. Тэгвэл Эзэн Чингис хаан 1162 бус 1155 онд төрсөн, өвлийн эхэн сард мэндэлсэн бус таалал төгссөн хэмээх түүхэн нотолгоо, судалгаа бүхий гаргалгааг "Монголчуудын түүх" фэйсбүүк бүлгэмийн тэргүүн Ю.Пүрэвдорж хэрхэн сонирхолтойгоор, гаргаж тавьсныг уншигчдадаа хүргэж байна. 


Эхний нийтлэл: Чингис хаан өвөл төрөөгүй http://www.tolgoilogch.mn/_ics_3oobka

 
Чингис хаан хэзээ төрсөн бэ?

 

1-р хэсэг

Бидний монголчууд эзэн Чингис хааныхаа өдөртэй болж, Их хааныхаа төрсөн өдрийг төр улсаараа тэмдэглэн өнгөрүүлдэг болсон нь сайхан ч гэлээ нас барсан цаг хугацаатай нь эндүүрсэн мэт өвлийн улиралд төрсөн хэмээн тэмдэглэж байгаа нь үнэхээрийн харамсалтай.

Одоогоос 780-аад жилийн тэртээ Их Монгол улсын төрийн нэрт зүтгэлтэн Елюй Чуцай "..Өвгөдийнхөө барьсан сүмбэр ордыг үзээгүй байж гэрийн мухарт нь юу байгааг мэдэж болох уу даа.." хэмээн хэлсэн байдаг. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолж байгаа одоогийн энэ эрдэмтэдийн өмнөөс ичихэд ч багадмаар байна. Ядаж л төрсөн сар, өдрөөр нь буруу зөрүү оролдож байхаар Чингис хаанаа 1162 онд төрсөн гэж хаа хамаагүй бичиж ярьдагаа эхэлж засах ёстой байсан бус уу.

Тиймээс Их хааныхаа төрсөн сар, өдрийн тухай биш эхлээд төрсөн оных нь тухай бичье. Харин Чингис хаан өвлийн улиралд нас барсан нь түүхэн үнэн бөгөөд гэвч тусдаа асуудал тул энд хөндөхгүй.

Чингис хааныг 1155 онд төрснөөр нь авч үзэхэд өвөг дээдсийнх нь болон үр хүүхдүүд, ач зээ нарынх нь ч намтартай таарах ба түүний амьдралын бусад үйл явдлуудтай ч таардаг юм. Хамгийн чухал нь өөрийнх нь амьдарч байсан эрин үеийнхэн нь Чингис хааныг 1155 онд төрсөн гэж бичиж тэмдэглэсэн байдаг.

Бүр Чингис хааныг амьд ахуй 1220-1221 онд Мухулай жанжинтай уулзаж, хажууд нь хэсэг хугацаанд хамт байсан Сүн улсын элч Жао Хун хаандаа бичсэн айлтгалдаа:"...Одоогийн Чингис хаан гэгч хөх нохой/1154-1155/ жилд төрсөн..." гэжээ. Энэ нь Чингис хааныг 1155 онд төрсөнийг нотлох үнэ цэнэтэй сурвалж мэдээ бол мөн. Учир нь тэрээр энэ мэдээллээ Мухулай жанжин, эсвэл түүний ойрынхноос авсан байх магадлалтай. Үгүй ч байж болох, ямартаа ч хэдэн мянган цэрэг, дагалдагсадтай эрхэмсэг Сүн улсын элч жирийн адуучин, малчин монголчуудтай ярьж суугаагүй нь лав. Хоёрт тэр цагт тагнуулын зорилготой явсан элчин төлөөлөгч түшмэл хүн хаандаа худал тэмдэглэл бичиж өгөөгүй нь тодорхой билээ.

Чингис хааныг нас барсны дараахан 1228 оны зун бичигдсэн "Монголын нууц товчоо"-г анхааралтай уншвал Чингис хааныг 1155 онд төржээ гэж ойлгогдохоор бичигдсэн байдаг билээ. /Тэр тухайд миний бие нийтлэл бичсэн тул энд дурдахгүй: Чингис хаан өвөл төрөөгүй/

Чингис хааныг 1155 онд төрсөн гэж бичиж тэмдэглэсэн тухайн үеийн сурвалж судруудын гол төлөөлөл нь Монголын Ил хаан Газаны зарлигаар 1301-1311 онуудад бичигдсэн "Судрын чуулган" хэмээх алдарт бүтээл юм. Чингис хаанаас 70-аад жилийн дараа бичигдсэн гэсэн үг. "Судрын чуулган"-ыг Хубилай хааны зарлигаар 1286 онд Иран дахь Иль Хаадын улсад очсон ноён Болд чинсан тэргүүтэй олон түүхчид, эрдэмтэд хамтран бичжээ. Түүнд бичсэн нь: "...Монголчуудад мэдэгдэж тогтоогдсоноор Чингис хаан 72 жил амьдарсан байна. Тэр гахай жил/1155/ ертөнцөд мэндлээд, мөн гахай жил тэнгэрт хальсан байна..." гээд цааш нь "...Нэгэнт Чингис хаан, түүний эцгийн үед зурхайчид нь зурхайн аргаар цагийг тогтоож чаддаггүй, мөн он дарааллын бичигт түүний сар, өдрийг тэмдэглээгүй болохоор Чингис хааны мэндэлсэн өдөр цаг нь баттайгаар мэдэгдээгүй ажгуу. Гэвч тэрээр 72 наслаад 73 дахь насандаа өөд болсон гэж хөвүүд, ноёд түшмэд нь мэддэг бөгөөд энэ нь бараг бүх нийтэд мэдээж болсон юм шиг байдаг.." гэжээ.

Үр ач, хойч үедээ үүнээс илүү яаж бичиж үлдээх вэ. Өөрийнх нь амьдарч асан эрин үеийнхэн нь тэгж үздэг байхад хожмын бид хэнэг ч үгүй тэс өөр он жил яриад бичээд явдаг билээ. Бид болон бидний өмнөх үеийнхэн, тэр ч бүү хэл 15-19-р зууны түүхчид сударчид Чингис хааны амьдралын талаар түүний үеийнхнээс, хөвүүд, ноёд жанждаас нь илүү мэднэ гэж байх уу..?

Билэгдэл, сургаал, ёс түүх сонирхдог Цагаадай амьд ахуйдаа эцгийнхээ үед монголчуудын хооронд болж байсан тулалдаануудыг бичих гэтэл сайн мэдэх хөгшид настан олдохгүй байсан гэдэг. Үүнийг дурдахын учир нь уншигч танд тухайн үеийн бодит байдлийг ойлгуулах гэснийх билээ. Миний бие ноён Болд чинсанг онцолсоны учир нь түүний өвөг эцэг нь Чингис хааны хувийн мянгатын нэгэн зуутын дарга, Бөртэ хатны ордны ахлах ноёдын нэг, "Нууц товчоон"-д дурдагддаг 95 мянгатын ноёдын 46-д бичигдсэн Юрүхэн бөлгөө. Тухайн цаг үедээ ч Их хааны амьдралын нарийн ширийнийг сайн мэдэх хүмүүс гэдэг нь эргэлзээгүй билээ.

Гэтэл бидэнд Чингис хааныг 1162 онд төрсөн гэсэн итгэмжит ямар хүний бичсэн эртний түүхийн сурвалж судар байна вэ? Үнэндээ байхгүй шүү дээ. Чингис хааныг 1162 онд төрсөн гэх "ойлголт" бол нилээд хожмын буюу 1368 онд Хятад дахь Монголын Юан улсын ноёрхол унаж, Хятадад Мин улс бий болж, Мин тайцу Жу Юаньжаны зарлигаар Мин улсын Хун Ү- ийн 15 -р он буюу 1382 онд бичигдэж эхэлсэн "Юан улсын судар"-ын алдаатай бичвэрээс үүсэлт, ирэлттэй бөгөөд улмаар 17 - 19 -р зууны монгол, төвд сурвалж бичгүүдэд тусгалаа олсоор өнөө бидний үед хүрч ирсэн байна. Юан улсын цагт бичигдсэн "Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл"-д нэг бичвэр бий боловч тухайн зохиолын эх гэхээсээ хожмын нэмэлт гэмээр байдаг.

Чингис хааны түүхийг 1162 онд төрсөнөөр бичихлээр ер эвлэж өгдөггүй бөгөөд найман зууны туршид хичнээн ч олон эрдэмтэн мэргэд түүний намтрыг бичив дээ, нэг ч түүхч одоог хүртэл түүний намтрыг он оноор нь гаргаж чадаагүй л байна. Чингис хааныг 1162 онд төрсөн гэдгийг хэн гэдэг түүхч баримттайгаар нотолсон юм бэ? Бас л хэн ч байхгүй юм.

Харин хүн бүхний мэдэх маш энгийн түүхээр Чингис хааныг 1155 онд төрснийг мэдэж бас нотолж болно гэж бодож байна. Түүхийн бүх л сурвалжид Тэмүүжинг 28 насандаа Хамаг Монголын хан болсон гэж бичдэгтэй маргах хүн үгүй байх. Тэгвэл 1223 онд улсын ван Мухулай нас эцэслэх цагт гэрээслэлдээ: "...Улсыг нээж, төрийг байгуулахад хуяг дуулга, зэр зэвсэг лүгээ нөхөрлөсөөр дөчин он болов.." хэмээн өгүүлсэнийг түүх сударт тэмдэглэн үлдээсэнийг бас хүн бүхэн мэднэ. Тэмүүжинг хан суусны дараа ирж нөхөрлөснийг "Нууц товчоон"-ы 137-р бүлэгт тодорхой өгүүлснийг одоо нийтээрээ мэдэх бизээ. 28+40=68.

Тэгвэл Мухулайгаас 4 жилийн дараа гахай жилийн өвөл Чингис хаан тэнгэрт хальсан шүү дээ. 68+4=72. Тэгэхээр Чингис хаан маань 72 насалсан нь тодорхой байна. Тиймээс "Чингис хаан нарт хорвоод 72 наслаад, 73 дахь насандаа өөд болсон" гэсэн "Жами ат таварих" буюу "Судрын чуулган"/1311он/-ы мэдээ зөв юм. 1227 - 72=1155 гээд үзсэн ч Чингис хаан маань маргах аргагүй 1155 онд төрсөн хүн юм байна гэдэг нь одоо та бүхэнд тодорхой харагдаж байна гэж найдья.

Энд нэг зүйлийг зориуд онцлон хэлэхэд манай албан ёсны түүхэнд бичдэгчлэн Тэмүжин 1189 онд Хамаг Монголын хан болсон биш, түүнээс өмнө 28 насандаа 1182 онд Хамаг Монголын хан болсон билээ. Түүхийн зарим сурвалжуудад Тэмүүжинг 28 насандаа 1189 онд хан суусан гэж эндүү ташаа бичих болсон нь "Юан улсын судар"-аас тооцоолон гаргасан нь илэрхий бөгөөд Жамба "Асрагч нэртийн түүх"/1677/ болон Дарма "Алтан хүрдэт мянган хигээст"/1739/ зэрэг сурвалжид Тэмүүжинг 1182 онд хан суусан гэж бичсэн байдаг. 1155+27=1182 он. Бас л таарч байна бус уу.

Өвгөд дээдэс маань алдаа оноотой ч гэсэн түүхээ бидэнд бичиж үлдээсэн бөгөөд харин хожмын бид сайтар ухаж ойлголгүй хэлбийлгэн ташааруулж, зарим заримдаан тэднийгээ хилсдүүлэн гүтгэж, бүр намтар түүхийг нь бичихдээн сүнсийг нь ичтэл янзан бүрээр зохиох ажээ.

Тайлбар:
1. 28 нас - Тэмүжин 28 настайдаа Хамаг Монголын хан болов.
2. 40 он - Тэмүжинг Хамаг Монголын хан суусны дараагаар Жалайрын Мухулай ирээд нас бартлаа 40 он Монгол төрийн төлөө зүтгэжээ.
3. 28 нас + 40 он = 68 нас. Улсын ван Мухулайг 1223 онд нас барахад Чингис хаан 68 настай байжээ.
4. 68 нас + 4 он = 72 нас. Мухулай жанжныг нас барснаас 4 жилийн дараа 1227 оны гахай жилийн өвөл эзэн Чингис хаан 72 насандаа тэнгэрт хальжээ. /Яг нарийндаа бол гахай жилийн өвөл 1228 оны 1 -р сард нас барсан/
5. Тиймээс "... Чингис хаан 72 наслаад 73 дахь насандаа өөд болсон..." гэсэн "Судрын чуулган"/1311он/ -ы мэдээ хамгийн үнэн бөгөөд зөв мэдээ болно.

2-р хэсэг

Миний бие Монгол улсын төрөөс эзэн Чингис хааны өдөртэй болох санаачилга гаргаж буйд талархан дэмжихийн хамт, төрсөн өдрийг нь сонгож тогтоохдоо буруу цаг хугацааг сонгон оноож байгааг залруулах, Чингис хааны төрсөн болон нас барсан үеийн тухай түүхэн үнэн зөв ойлголтыг бусдад хүргэхийг зорив. Та бүхэн авах, гээхийн ухаанаар хандана бизээ. Эхлээд 2011 онд Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөх, доктор Р.Болдын хэлсэн үгийг иш татан сонирхуулья.

Доктор Р.Болд: "..Бид 2012онд Эзэн богд Чингис хааныхаа 850 жилийн ойг тэмдэглэнэ. Их хааныхаа энэ дэлхийд сүүдэр тохиосны ойг төр улсаараа тэмдэглэн өнгөрүүлэх нь монголчууд бидний бахархал төдийгүй заавал биелүүлэх үүрэг мөн. Монголын төр их хааныхаа мэндэлсэн он,сар өдрийг албан ёсны болгож ёсчилоогүй байна. Тэмүүжиний төрсөн сар, өдрийн тухай 13-14-р зууны өмнөх үеийн Монгол, Перс, Хятад зэрэг хэлээр бичигдсэн сурвалжуудад тэмдэглэсэн зүйл одоо хэр илэрч олдоогүй. Харин 17-18-р зууны үед бичигдсэн монгол сурвалжуудад Тэмүүжиний төрсөн сар,өдрийн тухай өгүүлсэн нь бий. Тиймээс 17-р зуунаас хойшхи үеийн монгол сурвалж бичгүүдийн мэдээ зангийг түшиглэн Тэмүүжиний мэндэлсэн огнооны талаар авч хэлэлцэх бололцоотой юм. Тэмүүжиний мэндэлсэн сар,өдрийн тухай сурвалж бичгүүдийн мэдээ заалтуудыг харьцуулан үзэхэд ерөнхийдөө өвлийн тэргүүн болоод зуны эхэн сар гэсэн хоёр хандлага ажиглагддаг юм билээ.” гэжээ.

Эрхэм зөвлөхийн хэлсэн үгнээс монголын түүхийн судалгааны алдаатай хандлага бүхлээрээ тод томруун харагдаж байгаа бөгөөд энэ нь Монголын төрийн албан ёсны байр суурь болон хэрэглэгдэж байгаа билээ. Бидний монголчууд Богд хааны олноо өргөгдсөний онуудыг эс тооцвол Манж Чингийн 200-аад жил, Зөвлөлт Оросын 70 жил гээд сүүлийн 300-аад жил бусдын нөлөөнд байж, бусдаар түүхээ бичүүлэхэд ч хүрч байсан билээ. Харин одоо өнгөрсөн түүхээ бодитоор авч үзэж, шинжлэх ухаанчаар судлах хэрэгцээ шаардлага, цаг үе нэгэнт бий болжээ.

Монголын түүхийг судлан тодруулахад Хятадаас эхлээд Евразийн бүх л улс үндэстнүүдийн эртний түүхийг унших шаардлага тулгардаг тул яаралтай энэ хоцрогдлоосоо салах нь зөв бөгөөд өнөөдөр Монгол судлал, түүний дотор Чингис хаан судлалаар гадаадын монгол судлалынхан биднээс түрүүнд яваа билээ. Гэтэл манай эрдэмтэд "Монголын нууц товчоо”-нд бичигдсэн бүхэн үнэн гэж итгэсээр, 17-19-р зууны монгол сурвалжуудын мэдээг гарцаагүй зөв гэж бодсоор явна.

Чингис хааны төрсөн он, жилийг түүхийн шинжлэх ухааны үүднээс авч үзвэл 1155 онд төрсөн гэдэг нь илүү бодитой, үндэслэлтэй бөгөөд тэгж бичсэн монгол, хятад, перс, дундад азийн гэх мэт бидний мэдэх болон үл мэдэх олон сурвалжууд нь түүний амьдарч байсан эрин үед болон бүр зарим нь амьд ахуй 1221 онд хүртэл бичигдсэн байдаг.

1162 онд төрсөн гэдэг нь нэлээд хожмын буюу 1300 оноос хойшхи үеийн "Юан улсын судар”/1370/ болон "Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл” зэрэг сурвалжид анх алдаатай дурдагдсанаас улбаалан хожмын 17-19-р зууны монгол сурвалжууд, тэдгээрийн мэдээг даган одоогийн манай эрдэмтэд бүгд л 1162 он хэмээн бичсээр иржээ.

"Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл”-ийг 1271-1287 оны хооронд бичигдсэн гэдэг ч энэ нь эргэлзээтэй бөгөөд 1203 оны гахай жилийн явдалд Чингис хаан 42 сүүдэртэй бөлгөө, 1226 оны улаан нохой жилийн явдлыг бичихдээ ”Тэр үед Чингис хаан 65 сүүдэртэй бөлгөө” гэсэн нь номын бичлэгээс үзэхэд хожмын нэмэлт гэдэг нь тодорхой байдаг. Яг энэ үед буюу 1286 онд Хубилай хаанаас Персийн Ил хаадад очсон түүхч, ноён Болд чинсан Чингис хааныг 1155 оны гахай жилд төрсөн гэж хэлсэн байдаг. Гэтэл өнөөдөр Чингис хааныхаа төрсөн оныг ч зөв тогтоогоогүй байж, төрсөн сар,өдрийг нь тогтоож тэмдэглэнэ гээд байгаа билээ.

Чингис хааны мэндэлсэн сар, өдрийн тухайд зуны эхэн ба өвлийн тэргүүн сар хоёроос зуны эхэн сард төрсөн гэдэг нь зөв юм. Өвлийн эхэн сарын шинийн нэгэнд төрсөн гэх сурвалжуудын огноог манай эрдэмтэд 11-р сарын 14 ба 12-р сарын 21 гэж оноон дотроо хоёр хуваагдаад байгаа бөгөөд нэгэнт өвөл төрөөгүй учир ингэж маргах нь ач холбогдолгүй тул цааш бичих шаардлагагүй билээ. Харин зуны тэргүүн сарын 16 нд төрсөн нь нанхиад тооллоор уу, эсвэл "Нууц товчоо”-ныхоор уу гэсэн хоёр хандлагатай бөгөөд энэ нь бидний судлан тогтоох, хэлэлцэн шийдэх Монголын түүхийн, түүний дотор Чингис хаан судлалын нэн тулгамдсан асуудал байлтай.

Харин Чингис хааны нас барсан тухайд бидний үл мэдэх ямар нэгэн сурвалжид”долоон сарын арванхоёронд тэнгэр болов” гэснээс улбаалан намрын долоон сарын 12 ба өвлийн арванхоёрдугаар сарын 12 гэсэн хоёр янзын огноогоор түүх сударт бичсэн байдаг. Гэхдээ өвөл нас барсан нь түүхэн үнэн зөв мэдээ юм.

Эдүгээ хүртэл Монголын төрийн болон түүхийн судалгааны албан ёсны байр суурь болон тогтсон 1162 он нь түүхэн үнэнтэй нийцэхгүйгээр барахгүй түүхийн чухал эх сурвалжуудын мэдээ баримтаар няцаагдаж байдаг билээ. Ардын хувьсгалаас хойшхи үеийн ерөнхий сайд асан А.Амар гуай, академич Ш.Нацагдорж, академич Ч. Далай, академич Н.Ишжамц гуай зэрэг ахмад түүхчид, эрдэмтэн судлаачид Чингис хааныг 1162 онд төрсөн гэж бичсээр ирсэн нь17-19-р зууны үеийн монгол сурвалжуудад голлон түшиглэсэн байдаг. Гэхдээ эдгээр ахмад эрдэмтэд маань Чингис хааныг зуны эхэн сард төрсөн гэж үзсээр ирсэн байдаг бөгөөд тэдний бүтээлийг уншиж байхад "Зуны тэргүүн сарын 16”-нийг нийтийн тооллын аль өдөрт оноох вэ гэдэгт эргэлзэж байсан болохоос өвөл үү, зун уу гэдэгт эргэлзэж байгаагүй байдаг.

Та бүхэнд ойлгомжтой байх үүднээс 17-19-р зууны монгол сурвалжуудаас төлөөлүүлэн хооронд нь харьцуулан авч үзье.

1. Лу. ”Алтан товч "/1628-1634/, Жамба "Асрагч нэртийн түүх”/1677/, Рашпунцаг ”Болор эрхи”/1775/, Инжинаш ”Хөх судар”/1871-1891/ зэрэг судруудад: ”..Ононы Дэлүүн болдогт бүхүйд хар морин жилийн зуны тэргүүн сарын 16-аа улаан тэргэл өдрийн өдөр дүли цагт Чингис хаан төрөв.” гэжээ.

2. "Хөх түүх”/1796-1820/, Гончигжав ”Сувд эрхи”/1835/, Жамбадорж ”Болор толь”/1846-1849/ зэрэг судруудад: ”..Тэнгэрээс заяат Есүхэй баатрын хатан үзэсгэлэнт Өгэлэн эх хэмээхүйн умайд оршоод төгс арван сар гүйцэж, тэндээс гутгаар жарны хар морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнээ үүр гийхийн цагт гайхамшигт бэлгэ төгссөн үзэсгэлэнт гэгээн биеийг мэндлэв..” гэжээ.

Эхний судрууд нь Тэмүжинг зуны эхэн сард төрсөн гэсэн ба Инжинашийн "Хөх судар”-аас бусад нь өвлийн тэргүүн сард төрсөн гэх судруудаасаа бичигдсэн он цагийн хувьд илүү эртнийх байгааг анхаарахгүй байхын аргагүй юм. Учир нь эх сурвалж эртнийх байх тусам үйл явдлаасаа он цагийн хувьд илүү холдоогүй, дамжуулан бичигчдийн алдаа, бодол санаа бага туссан байдгаараа илүү итгэж болохуйц үнэ цэнэтэй байдаг. Хамгийн чухал нь эдгээр сурвалжийн зуны эхэн сард төрсөн гэсэн нь Чингис хааныг 1155 онд мэндэлсэн гэсэн "Монголын нууц товчоо"/1228/ болон Персийн эрдэмтэн, түүхч Рашид ад дины "Судрын чуулган”/1301-1311/-ны мэдээтэй тохирч байдгаараа илүү үнэмшилтэй итгэж болохуйц огноо болдог юм.

"Хөх түүх”, ”Сувд эрхи”, "Болор толь”- ийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд төрсөн гэсэн нь ямар эх сурвалжид үндэслэсэн нь тодорхой бус бөгөөд Хубилай хааны зохиосон гэгддэг "Арван буянт номын цагаан түүх”-ийн мэдээг түшсэн бололтой байдаг.Тэгээд ч эдгээр судрууд нь нэгэн цаг үед бичигдсэн ба Тэмүжиний мэндэлсэн, нас барсан тухайд өгүүлсэн нь нэг гараар бичигдсэн мэт сэтгэгдэл төрүүлэхүйц хуулбарлан бичигдсэн байдаг.

Харин "Арван буянт номын цагаан түүх” болон ” Эзэн хорооны тахилга тайлгын судар” нь тэнгэрт хальсан өдрийн тухайд юун гэхээс, мэндэлсэн тухайд бол эх сурвалж болж чадахгүй билээ. Тэгээд ч буян, тахилга тайлга гэдэг үгүүд нь бидний хөндөж буй сэдэвт хамаатуулан авч үзэхэд төрсөн гэхээсээ илүү бурхан болоочидтой холбогдож хэрэглэгддэг зан үйлийн үгүүд билээ.

3 -р хэсэг

"Арван буянт номын цагаан түүх”-д: "Бас дөрвөн цагийн хуримыг үйлдсүгэй хэмээн, хаврын эцэс сарын хорин нэгнээ Чингис хааны ерэн есөн гүүдээн уяж, цагаан сүргийн хурим тэр өдөр үйлдэх. Зуны дунд сарын арвантавнаа ертөнцийн шүтээн дэлгэр эх , их тугийг тавьж ерэн есөн цагаагчаан уураг үрсийг гаргаснаар зуны уурын хурим тэр өдөр үйлдэх. Намрын эцэс сарын арванхоёрон унаганы ногт шилбийг эвхсэнээр намрын ширгийн хуримыг тэр өдөр үйлдэх. Өвлийн тэргүүн сарын шинийн гуравнаа Чингис хааны мялаалгуудын хурим хийснээр өвлийн тасам тавина хурим тэр өдөр үйлдэх..." хэмээжээ.

Түүхийн олон эх сурвалжууд, баримтуудын эсрэг ийм зүйлийг үндэс болгож Чингис хааныг өвөл төрсөн гэж байгаа нь хэтэрхий хөнгөдсөн явдал болох билээ. Тэгээд ч нэр нь "Дөрвөн цагийн хурим” гээд тодорхой биччихсэн байгаа нь хүнтэй гэхээсээ илүү байгаль дэлхийтэй холбоотой буй за. Хубилай хааны хийсэн зүйл бол Монголчуудын хуучны уламжлаж ирсэн зан үйлийн хурим найрийг шинэ тооллын тодорхой нэгэн тогтсон өдөртэй болгож, түүндээ Чингис хаантай холбоотой тайлга тахилга гэх мэт зан үйлийг хамтатгажээ гэвэл зохино.

Дөрвөн цагийн хуримын эхнийх нь "Чань Чун бомбын өрнө этгээдэд зорчсон тэмдэглэл”-д Чань Чунь бомбыг 1221 оны 4-р сарын эхээр/нанхиад тооллын/ Отчигин ван ноёны өргөөнд очих үед дуусч байдаг. Энэ үеийг В.Рубрук "Дорно этгээдэд зорчсон минь”/1256/ хэмээх алдарт бүтээлдээ 5-р сарын 9-ний өдөр байсан гэжээ. Хоёрдохын тухайд "Нууц товчоо”-нд Тайчууд Ононы эрэгт хуримлалдсан тухай хангалттай өгүүлдэг. Гуравдахын тухайд Хотулыг хаан өргөмжлөхтэй давхцдаг бөгөөд одоо ч 10-р сард унага тамгалсны баяр болгон хийж байгаа билээ. Дөрөвдөхийн тухайд уламжилалт өвлийн тасмын хурим, хожмын Чингис хааны тахилга хоёрын цаг хугацаа ойрхны тул хамтатгажээ гэж ойлговол болох юм.

Одоо би арай ойлгомжтой бичигдсэнээр нь Галдан туслагчийн "Эрдэнийн эрхи”/1841/-ээс иш татан бичье: 
” ...Гурван сарын арван наймнаа зуслан авч, хорин нэгнээ ерэн есөн цагаагч гүүгээ барьж цагаан цацал цацсан журмын өдөр, таван сарын арван тавнаа зулаг ба гүүний үрс гарсан журмын өдөр, есэн сарын арван хоёроо ширээ ба гүүгээ тавьж унаганы ногт шилбэ угаасан журмын өдөр, арван сарын шинийн гуравнаа Богд Чингис хааны гэгээн бие гийснээ угаасан мялаагуудын хуримын өдрүүдэд дөрвөн цагийн дэлгэрэнгүй тайлга тогтоон элдэв ёслол ба хишиг түгээх, хүртүүлэх тэргүүтэн ёсыг тогтоожээ..”

Энд манай түүхчид, эрдэмтэд " Чингис хааны гэгээн бие гийснээ угаасан” гэдгийг төрлөө гэж буруу ухчилан ойлгосон мэт байдаг. Гэгээн бие гийх буюу гэрэлтэх гэдэг нь биеэс сүнс гарахыг хэлсэн буй за. "Угаасан” гэдэг нь тухайн ёслолоо үйлдэхийг өгүүлсэн буй за. Унаганы ногт шилбэ угаасан гэдэгтэй утга адил буй. Ата Малик Жувейнийн "Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх”/1251/-нд Өгөөдэй хаан суусан тухай өгүүлсэн хэсэгт: "..Найр цэнгэл өндөрлөж, хувь хишиг хүртээж дууссаны дараа, айлдсан ёсоор идээ цагаа бэлтгээд Чингис хааны сүнсийг гурав хоног тахья, бас эмир ноёдын хацар гоо охидоос дөчин бүсгүйг сонгож аваад,шилдэг сайхан морьд унуулан түүний сүнс учрах газар уруу илгээе хэмээн зарлиг боллоо.” гэсэн нь 1229 оны өвлийн эхэн сарын үе билээ.

Дээр дурдсан 17-19-р зууны үеийн судар номуудад Чингис хааныг 1162 оны морин жил төрсөн гэж бичдэг нь "Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл" болон "Юан улсын судар”/1369-1370/-ын алдаатай мэдээг түшсэн гэдгийг дээр нэгэнт өгүүлсэн билээ. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэсэн монгол үг байдаг билээ. Энэ тухайд Өвөрмонголын нэрт эрдэмтэн Р. Сайшаал гуай "Чингис хааны товчоон” номынхоо Дагалдвар тайлбарт:

"...Гэтэл Чингис хааны төрсөн цагийн тухай хэд хэдэн янзаар тэмдэглэсэн байна. Дундад улсын тэмдэглэлд олонхи нь бүр 1162 оныг баримталдаг байна. Үүний эх нь гэвэл "Юань улсын түүх” –ийн "Тайзу-гийн шастирт”: "..Хорин хоёр он. Улаагчин гахай жил, намрын долоон сар, шарагчин үхэр өдөр хаан халив. Насан сүүдэр жаран зургаа ..." гэсэн тэмдэглэл байдаг. Үүнээс ухруулж бодоод Чингис хааныг 1162 онд төрлөө гэсэн тэмдэглэл үүсчээ.” гэжээ. Гэтэл энэ хоёр судар нь өөрсдөө найдвартай эх сурвалж болж чадах уу? гэсэн асуулт гарна.

Энэ тухай одоогоос 200 гаруй жилийн тэртээ Монголын түүхээр мэргэшсэн, Манж Чин улсын нэрт эрдэмтэн Чиян Да Шин: "..Юан тайзугийн Чингис хааны үйл явдлыг түүх сударт буруу зөрүү өгүүлсэн нь хамгийн олон. Гагц "Нууц товчоон”-нд тоочсон нь овоо үнэн магадыг олжээ. " Юаны судар” -ийн "Тайзугийн шастир”-дор тэмдэглэсэн нь дэс дараа солигдож , давтаж нуршаад баримт болгож болохгүй. Тайзу,тайзун /Чингис хаан,Өгөөдэй хаан/-гийн үйл явдлыг тоочихуйд эрх биш тус ном лугаа уялдуулан авч үзэх хэрэгтэй..” хэмээн өгүүлсниийг анхаарахгүй байж болохгүй билээ.

Гэтэл монголын 17-19-р зууны сурвалжуудын Чингис хааны төрсөн ба тэнгэрт хальсан талаархи өгүүлсэн цаг хугацаа нь голчлон энэхүү сурвалжуудын мэдээнд тулгуурласан байдаг. Ерөнхийдөө хятад эрдэмтний зөв гэдгийг "Судрын чуулган”-ны мэдээ баталж өгдөг.

"Судрын чуулган ”-ны ”Цагаадайн тухай хүүрнэл” бүлэгт:

” ..Кушук ноён бол Жалайр аймгаас гаралтай, настай, амьдралын туршлагатай бөгөөд Чингис хааны аж байдал урьдын нь хэрэг явдлын тухай мэддэг хүн байв. Нэгэнтээ Цагаадай түүнээс ямар,ямар аймгийг хэд хэдэн онд эзлэн авч байсан билээ гэж асуусан байна. Тэр өвгөн түүнийг нь сайн санахгүй байсан болохоороо гэртээ очиж харьяат хүн бүрээсээ хэдийд юу болсон талаар асууж байлаа.Тэд ч мэдэж байгаа зүйлээ хэлээд байжээ. Гэтэл дурьдан буй малчин хятад гэрийн нь гадаанаас тэдний хариулан хэлж байгааг сонсчихоод аль нь зөв хэлсэн, аль нь буруу хэлснийг Кушук ноёнд хэлж өгсөн байна.Түүний тайлбарласан нь тэр хүмүүст ч тодорхой болж,тэд ч үнэхээр тийм байсан гэж зөвшөөрцгөөсөн байна..” гэжээ.

Үүнийг дурдсаны учир бол уншигч танд тухайн үеийн бодит байдлийг ойлгуулахад байгаа билээ. Билэгдэл, сургаал, ёс түүх сонирхдог Цагаадайг амьд сэрүүн ахуйд Чингис хааны түүхийг будилж байхад "Юан улсын судар” ба "Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл” зэрэг нь нэлээд хожмын хэрэг билээ.Тэгэхээр эзэн Чингис хааныг 1162 онд төрсөн гэх сурвалжуудын мэдээ нь тийм ч найдвартай эх сурвалж биш болж таарч байна. Гайгүй "овоо үнэн магадыг” өгүүлсэн "Нууц товчоо” нь миний ойлгосноор Чингис хааныг 1155 онд төржээ гэж ойлгогдохоор бичигдсэн байдаг билээ. Тийм ч учраас 1162 онд төрснөөр тооцоод бичихлээр Чингис хааны түүх нь ер эвлэж өгдөггүй бөгөөд найман зууны туршид хэн ч энэхүү их хүний намтрыг он оноор нь гаргаж чадаагүй билээ.

Нэмэлт

Одоо Монгол орон даяар эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр - Монгол бахархлын өдөр болно. Үнэндээ баярлаж тэмдэглээд байх өдөр биш гэдгийг миний бие өчнөөн л хэлж байгаа. Монголчууд Чингис хааныхаа нас барсан өдрийг нь төрсөн өдөр нь болгож тэмдэглэсээр 5 жил болчих шиг боллоо. Энэ бол гутамшиг юм. Энэ жил6 дахь жилдээ бодвол тэмдэглэх юм байгаа биз.  Миний бие одоогоос 7, 8 жилийн өмнө судалж байгаад Чингис хааныг 7-р сарын 7 нд төрсөн юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Тийм бодолтой хэсэг явав. Нэг өдөр судлаач Д.Пүрэвдорж гэдэг хүний шинээр тайлбар сэлттэй бичиж хэвлүүлсэн номыг уншиж байгаад ӨвөрМонголын эрдэмтэн, түүхч Хөх-Өндөр гуай Чингис хааныг 7-р сарын 7 төрсөн гэж үзсэнийг олж уншив. Их л баярласан санагддаг юм.

Харин судлах тусам энэ нь алдаатай юм байна гэдгийг ойлгосон билээ. Одоо бол Их хааныгаа 6-р сарын 1 нд төржээ гэж үзэх болсон. Алдсан байлаа гэхэд арагшаа эсвэл урагшаа 1 өдөр л алдах байх. Ер нь академич Н.Ишжамц гуайн 5.31 тэй таарсантай ялгаагүй гэсэн үг л дээ.

Монголын ШУА-ын Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэд, түүхчид маань Их хааныхаа нас барсан хугацаагаар нь төрсөн өдрийг нь тэмдэглэдэг болгосон энэ зохисгүй алдаагаа хэзээ хүлээн зөвшөөрч, хэзээ Төрдөө залруулж өгөх юм бол. Тэр болтол нь бичсээр байх болно.

Эх сурвалж: МОНГОЛЧУУДЫН ТҮҮХ - History of the Mongols

Ю.Пүрэвдорж

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen